Монголын эдийн засаг шийдвэр гаргагчдын гарт байна

uls_5451cd6481a18_1Монголын эдийн засаг өнөөдөр хүнд байгаа гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Гэхдээ хүнд байна гээд хэн нэгнийг буруутгах гэхээсээ илүү энэхүү байдлаасаа гарах арга замыг эрэлхийлэх, яагаад эдийн засаг хүндрэв гэдэг учир шалтгааныг бид хайх учиртай. Монгол Улсын төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь өнгөрсөн онд хямралын шинжтэй болж, улмаар 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь учир шалтгаан болсон гэж эдийн засагчид үздэг.

Сүүлийн нэг жил найман сарын хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 24 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч, улсан гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буурчээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 оны дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 оны эхний хагаст ердөө найман хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурсан байна.

Эдийн засгийн энэхүү хүндрэлд юу нөлөөлөв. Сүүлийн хоёд жилд гадаад шууд хөрөнгө оруулалт огцом буурлаа. Гадаад худалдааны нөхцөл муудаж, эдийн засагт нөлөөтэй томоохон төслүүдийн хэрэгжилт он дамнан удааширч, тодорхой бус байдал үүсч, манай улсын зээлжих зэрэглэл буурсан. Тиймээ бид өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы хэлсэнчлэн аливаа асуудалд хамгийн бодитойгоор ханддаг байх шаардлага бий болоод байна. Эдийн засагт үүсээд байгаа хүндрэлүүдийн учир шалтгааныг зөв тодорхойлж, гарах арга замаа эрэлхийлэх хэрэгтэй байгаа юм.

Тэгэхгүй бол цаашид Монголын эдийн засаг улам бүр таагүй болох юм. Эдийн засгийн хүнд нөхцөлд мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлснээр 2014 оны эхний гадаад худалдаа тэнцвэржих эерэг хандлага гарсан. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй, гадаад актив буурсан, төгрөгийн нийт тэнцэл сайжраагүй хэвээр байгаа юм. Энэхүү нөхцөл байдал удаан үргэлжилвэл эдийн засгийн өсөлт удааширч, суурь инфляци өндөр байх, зээлийн өсөлт саарах, эдийн засгийн бодит сектор болон санхүүгийн салбарт эх үүсвэр хомсдох, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нэмэгдэхэд нөлөөлөх аж.

Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан. Мөн эдийн засгийг тогтворжуулах зорилгоор мөнгөний уламжлалт бус бодлого явуулснаас эдийн засгийн бодит секторт хувийн хэвшлээр дамжуулан өнгөрсөн онд хийсэн мөнгөний нийлүүлэлт нь хөтөлбөрүүдийн зээлийн эргэн төлөлтөөр буурч байгаа гэсэн дүн байна. Энэ нь эдийн засгийн өсөлт дэх нийт хөрөнгө оруулалтын нөлөөг 2014 оны сүүлийн хагас, 2015 онд бууруулахаар байгаа юм. Тэгэхээр цаашид гадаад валютын орох урсгал, төлбөрийн нийт тэнцэл эрс сайжрахгүй бол мөнгөний бодлогоор эдийн засгийн бодит секторыг дэмжих боломж, бодлогын сонголтууд хумигдаж, мөнгөний бодлогыг дахин чангаруулах шаардлага ч үүсч болзошгүй байгаа юм байна.

Тиймээс төлбөрийн тэнцлийн хямралаас гарч эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, экспортын орлогыг сайжруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх нь чухал байна.

Н.Чинзориг

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих