Хотын захиргаа 1805 оны их хүрээг бодитоор дүрсэлсэн зурагтай боллоо
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 1805 оны Их хүрээний түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дурсгал болголоо. Түүхэн зургийг Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардууллаа. Энэхүү зургийг Оросын аялагч Ж.Рехмани 1805-1806 оны хооронд Өргөө хотоор дамжин БНХАУ-ын Бээжин хотод аялахдаа зурсан бөгөөд Хан уулын ард Өргөө хот төвхнөн тогтож буйг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зураг юм. Энэ үеэр Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нийслэлийн 375 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэнийг уламжилсан бөгөөд нийслэлийн түүхийн эх сурвалжийг үнэн бодитоор олонд хүргэх, хадгалж үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: