Наадмын таван өдрөөс илүү тансаглалтай нийслэлийн нэг өдөр
Эдийн засаг хямралтай байхад, Үндэсний их баяр наадмыг 2.2 тэрбум төгрөгөөр зохион байгуулах тогтоолыг Засгийн газраас өнгөрсөн зургадугаар сард гаргаж байсан нь хэсэгтээ шүүмжлэл дагуулж байв. Тэгэх нь ч аргагүй. Улсын төсөв тасарч, валютын ханш өсөөд хэмнэлтийн горимд шилжсэн үед эрх баригчид өмнөх жилийнхээс 600 сая төгрөгөөр нэмж баталсан нь энэ байлаа. Тиймдээ ч тав хоног наадамлах гэж 2.2 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас гаргалаа хэмээн эгдүүцэх хүн олон байсан юм. Гэхдээ наадам болдгоороо болж нийт монголчууд баярладгаараа баярласан. Гэтэл нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын 375 жилийн ойгоо улсын баяраар зарлагдсанаас ч илүү мөнгө төсөвлөж тэмдэглэн өнгөрүүлсэн байх юм. Товчхондоо татвар төлөгчдийн мөнгөөр “бярджээ”. Юу хэлэх гээд байна вэ гэхээр улсаараа тав хоног наадамлахад 2.2 тэрбумыг зарцуулсан бол нийслэлийн ойг нэгхэн өдөр тэмдэглэхэд 2.3 тэрбумыг хотын төсвөөс гаргажээ. Улсын баяраас 100 сая төгрөгөөр илүү гэсэн үг. Энэхүү шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор бүр тавдугаар сарын 20-нд баталгаажуулсан. Санаж байгаа бол аймаг, нийслэлийн удирдлагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гараад яг 10 хоногийн хугацаа өнгөрч байсан үе.
Мэдээж сая давсан хүн амтай нийслэл хотынхоо жилдээ ганц болдог ойг нь өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйн хэрэг. Гэтэл ганцхан хоног болоод өнгөрдөг ойд зориулж бүхэл бүтэн улсын наадмаасаа давсан төсвийг баталж, түүнийгээ юунд зарцуулсанд асуудлын зангилаа оршиж байгаа юм. Жишээ нь, ойн үеэр гадна дотнын зочид төлөөлөгчдөд зориулсан бэлгэ дурсгалын зүйл, энгэрийн тэмдэг, үнэмлэх төдийхөнд зориулж хагас тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тодруулбал, өөрсдийнхөндөө голдуу өгсөн 200 мянган чулуун хангарьд, морин хуур, эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг, флаш, түлхүүрийн оосор, бэлгийн уут зэрэгт 200 сая төгрөгийг гаргасан байх юм. Зөвхөн нийслэлийн 375 жилийн ойн 10 мянган ширхэг медаль, үнэмлэх хийхэд 265 сая төгрөгийг зарцуулж, шагналын хур буулгажээ. Учир нь, нэг бүр нь 26.5 мянган төгрөгийн өртгөөр хийсэн ойн медалийн нэгээхэн хэсэг нийслэлийн төдийгүй дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийн энгэрт гялалзсан юмдаг.
Үүгээр зогсохгүй 95 сая төгрөгөөр “Улаанбаатар-375″, “Би Улаанбаатарын иргэн” номыг хэвлүүлжээ. Нийслэлийн өдрөөр Чингисийн талбайд нэгэн арга хэмжээ болсон нь томоохон ресторанууд олон үндэстний хоолыг хямдралтай үнээр иргэдэд амтлуулах “Taste of UB”-ыг зохион байгуулсан. Зарим нь бүр 50 хувиар хямдруулсан. Иргэд ч үүнийг нь ашиглаад бишгүй олон амталгаа хийсэн байх. Гэтэл ачир дээрээ ресторанууд хямдарсан бус бид өөрсдийнхөө мөнгөөр л тэрхүү амталгааг хийжээ. Өөрөөр хэлбэл, иргэддээ хямдралтай хоолоор сюрприз барихын тулд “Taste of UB” арга хэмжээ зохион байгуулах ажилд нийслэлийн төсвөөс 15 сая төгрөгийг өгчээ. Ийнхүү орон орны хоолыг иргэдэд хямдралтай үнээр “амтлуулсан” дарга нар өөрсдийгөө ч мартсангүй. 375 жилийн ойн баярын хүлээн авалт, ёслолын арга хэмжээнд 56 сая төгрөг гаргуулж өөрсдөө баярлажээ.
Бас нэгэн хачирхалтай зүйл нь 375 жилийн ойд зориулсан 40-45 минутын баримтат киног 50 сая төгрөгөөр бүтээсэн байх юм. Чухам нийслэлийн ямар үүх түүхийн талаар тусгасан ямар утга агуулгатай кино хийснийг нь нийслэлчүүд өнөөдрийг хүртэл үзээгүй л байна. Энэ мэтчилэн нийслэлчүүд 375 жилийн ойгоо нэгхэн өдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд 2.3 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Уг нь нийслэлийн ой гэдэг бол хэдэн хүн цуглараад хэн нэгнийхээ энгэрийг цоолохын нэр биш баймаар. Тэр тусмаа улсын төсөв нь нэг их наядаар тасарч, Төвбанк нь валютын нөөцгүй болчихоод байхад нийслэлийнхэн татвар төлөгчдийн халааснаас тэрбум, тэрбумаар нь гаргаж нэг өдөр шоудав. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед хэдхэн хүний шийдвэрээр 2.3 тэрбумаар баярлаад өнгөрч байгаа нь зүйд хэр нийцэж байгаа бол. 2015 оны төсвийг бүхэлд нь хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед хотын удирдлагууд нь 2.3 тэрбумыг ганцхан өдрийн ойд зориулчихлаа. Тийм атлаа нийслэлийн төсөв 30 тэрбумаар тасарсан гэж ярьж суугаа нь хачирхалтай.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: