Ц.Сэдванчиг: Нефтийн зарим компаниуд олсон ашгаараа МАН-ыг санхүүжүүлдэг тухай мэдээлэл бий

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа

-Нефтийн асуудлаар сүүлийн үед их хэлэлцэх болов. Боловсруулах үйлдвэр байгуулах тухай ч  олон жил ярилаа. Тусгай зөвшөөрөл хүссэн 17 аж ахуйн нэгж байдаг гэх юм билээ.  Нөөцтэй хэрнээ дотооддоо үйлдвэргүйн горыг өнөөдөр монголчууд амсаж эхэлж байна. Энэ ажил яагаад саатаад байна вэ. Боловсруулах үйлдвэрүүдэд заавал төрийн оролцоо байх ёстой юу?

-Газрын тосны түүхий эд нь Монголд байна. Арга ядахад нүүрсний асар их нөөц байсаар байтал яагаад өдийг хүртэл боловсруулах үйлдвэр байгуулаагүй вэ гэдэг нь сонирхолтой. Ашиг сонирхлын зөрчил байгаа учраас л төслөө хийчихсэн компаниудад тусгай зөвшөөрөл олгохгүй өнөөдрийг хүрсэн гэж ойлгож байна. Ашиг сонирхол харж ажил явуулдаг улс төр, төрийн албан хаагчид бүх шатны төрийн албанд шургалсан байдаг юм байна.

-Хомсдол нүүрлэснийг Та хэрхэн үзэж байна вэ. Иргэд, хэвлэлийнхэн л бий болгосон гэж ГТГ-ын дарга нь яриад байгаа?

-Өнгөрсөн оны сүүлчээр л хойд хөршийнхөн нефть, шатахууныхаа экспортыг хязгаарлаад эхэлсэн шүү дээ. Удалгүй үр дагавар нь манайд мэдрэгдэж, монополь эрхтэй импортлогч компаниуд түүгээр нь далимдуулж ашиг олж эхэлсэн. Сүүлийн үед байдал бүр хүндрэх төлөвтэй. Салбарын яам, агентлагийн сайд, дарга нар болохоор нефть шатахууны хомсдолыг иргэд бий болгосон мэтээр ярьж байгаа нь бүр гайхалтай.

Жижиглэнгийн үнэ дээр Засгийн газар зохицуулалт хийж буй ч бөөний үнэд хяналт тавиагүй. Их ашиг олохын тулд өндөр үнээр, их хэмжээгээр  нефть бүтээгдэхүүнийг уул уурхайн компаниудад худалдсанаар иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх нөөц хомсдсон гэсэн мэдээлэл бий.

-Импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүн учраас олсон ашгаасаа намдаа хандивласан гэж танай бүлгийн зарим гишүүн хардаж байна лээ. Танд ийм мэдээлэл байна уу?

-Сонгууль дөхөж байгаа болохоор нефть импорлогчид  олсон ашгааасаа намдаа хандив өгөх тухай мэдээлэл бий. Үүнийг би бодитой гэж бодож байна. Тухайлбал, “Петровис, “Сод Монгол” зэрэг монополь импортлогчид МАН-аас дэмжлэгтэй учир  бөөний үнэд нь хяналт тавиагүй. Тавиагүй орхисон нь ч хандивтай холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.

Татварын бодлогоор нефть шатахууны үнийг зохицуулах эрхийг Засгийн газарт УИХ-аас өгсөн. Гэтэл бөөний нийлүүлэлтэд нь Засгийн газар огт хяналт тавиагүй орхисон. Тэр байдлыг нь томоохон импортлогчид ашиглажээ.

-Нефть импортлогчид олсон ашгаасаа МАН-ыг санхүүжүүлж байна гэлээ. Томоохон импортлогчийн нэг нь “Шунхлай”. Танай намын Г.Батхүүгийн компани шүү дээ. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Үүсээд буй нөхцөл байдлын талаар би Г.Батхүү даргатай уулзаж, санал солилцож байсан. МАН-ын эрх ашигтай нь холбоотой байж болзошгүй асуудал ярихаараа “Шунхлай” компанийг оруулдаггүй юм гэсэн. Нефтийн үнийг тогтворжуулах, хангалтыг тасалдуулахгүй нь тулд төр засгаас тэдэнд олон жил гадны хөнгөлттэй зээлийг  олгож ирсэн байдаг. Түүндээ ч “Шунхлай”-г хамруулдаггүй гэсэн. МАН-ын бизнесмэнүүд тэр зээлийг Ерөнхий сайд, намын даргатайгаа тохироод хуваагаад авчихдаг. Тийм зээлээсээ “Шунхлай”-д хуваарилаагүй гэж Г.Батхүү дарга ярьдаг. Уул уурхайн том төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад тэд л онцгой эрхтэйгээр нефть бүтээгдхүүнээ нийлүүлдэг гэж байгаа. АН-д “Шунхлай” компани том хандив өгсөн гэж би л лав энэ олон жил сонсоогүй. Тэгэхээр МАН-ын санхүүжилт тойрсон том лообий, авлига, эрх ашиг явдаг нь бараг ойлгомжтой.

-“Монгол хүн 2020” хэлэлцүүлэг Хөвсгөл аймагт саяхан болсон. МАН-ын “Ард түмнээ сонсъё” аянтай бараг зэрэг шахуу болсон бил үү. Хөвсгөлд улс төрийн байдал ямар байна вэ. Хөвсгөлийг Засаг дарга Л.Цэрэнжавын вант улс болчихож гэсэн шүүмжлэлийг та нар хэлдэг.

-МАН-ын аян тодорхой хүмүүсийн хүрээнд, хаалттай, хэсэгчилсэн хэлбэртэй болсон байна лээ.  Манай хэлэлцүүлэг  “амьд”, нээлттэй ажил хэрэгч болсон учраас иргэд олноороо оролцож байлаа. 800 гаруй хүн оролцсон. Хүмүүсийн хэлж, шүүмжилж байсан гол зүй нь орон нутгийн засаглалтай холбоотой байв. Анх удаа ч тэр тухай ярьж байгаа юм биш. Хөвсгөлд анхаарал татсан хэд хэдэн асуудал байдаг. Намчирхах байдал тэнд хэрээс хэтэрчээ. Жишээ нь нэг хүнийг гурван жилийн дотор зургаан удаа ажлаас нь халж, шүүхийн шийдвэрээр буцаан авсан байх жишээтэй. Шийдвэр гарангуут ажилд нь авчихаад хэд хонуулаад халчихдаг юм байна.

Улстөрчдийн золиос болж ажлаасаа халагдаад хоёр, гурван жил шүүхийн хаалга сахисан  хүн Хөвсгөлд олон байна. Шүүхийн шийдвэр хэрэгждэггүй, хэрэгжүүлэхгүй байна. Тэгэхээр тэнд хууль хэрэгжихгүй нь тодорхой. Шүүхийн шийдвэрийг уландаа гишгэдэг хүмүүстэй хатуу хариуцлага тооцохгүй  бол болохоо байчихаж. Төрийн албыг хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргэчихэж. Л.Цэрэнжав даргын нэр холбогдсон газрын болоод өмч хөрөнгөтэй холбоотой олон маргааны тухай ярьж байсан. Зөвхөн түүний тойрон хүрээлэгчид эсвэл холбоотон нь тендерт ямар нэгэн аргаар ялдаг гэж байгаа юм. Энэ хардлага нэлээд бодитой.

-Хөвсгөлийг ардчиллын өлгий аймгийн нэг гэдэг.  Ардчиллын “үнэр” тэнд ер нь байна уу. ИТХ нь хэдэн суудалтайгаас хэд нь АН-д байна вэ?

-ИТХ 35 суудалтайгаас МАН олонх буюу 26, найм нь АН, нэг нь Эх-орон намынх юм байна. Сум, аймаг, нийслэлийн Засаг даргыг иргэд шууд сонгодог тогтолцоог олон түмэн хүсэж байна. ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргаар  өөрийн хүнийг сонгодог. Түүнийхээ хариуд төрийн өмчөөр бизнес хийж ашиг олдог, тендер авдаг гаж тогтолцоо хаа сайгүй бий болсон байна.  Өөрийг нь сонгосон ИТХ-ын 20 гаруй төлөөлөгчийг Засаг дарга ямар нэгэн аргаар, ядах юмгүй өөрийн болгочихдог юм байна.

-Сонгуулийн гацаанаас гарах арга нь бүх нийтийн санал асуулга юм байна гэсэн саналыг МАН-ын Удирдах зөвлөлөөс тавьсан. Түүнийг та хувь гишүүнийхээ хувьд хэрхэн хүлээж авч байна вэ?

-УИХ-ын 2008 оны сонгуулийг томсгосон 26 тойрог бүхий мажоритар системээр явуулсан. Гэтэл одоо МАН 26-г 52 болгож бүр жижиглэх юм байна. Ингэснээр МАН мөнгөөр зодож, ялалт байгуулна гэж тооцоолж байгаа юм билээ. Жижиг тойрогт нэр дэвшүүлэх мөнгөтэй хүмүүсээ ч зоочихсон юм билээ. МАН-аас нэр дэвших сонирхолтой хүмүүс нь дандаа бизнесмэн, томоохон баячуудын өв залгамжлагч байгааг харсан биз дээ.

Бүх нийтийн санал асуулга явуулах тухай хуульд Сонгуулийн хуулиар санал авна гэсэн заалт байдаггүй юм билээ.  1945 онд коммунист Сталин, гоминдан Чан Кайши хоёрын тохиролцооны дагуу “Тусгаар тогнолын санал асуулга” гэдэг зүйлийг Монгол Улсын түүхэнд ганцхан удаа л явуулсан байдаг. Мэдээж Монголчууд 100 хувь дэмжиж саналаа өгсөн.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал гадаад бодлоготой  холбоотой асуудлаар санал асуулга явуулж болно. Монгол Улс санал асуулга явуулах хэмжээний засаглалын гүн хямралд өнөөдрийн хувьд орчихоогүй гэж бодох юм. Уг нь та нар асуудлыг шийд, сонгуулийн хуулиа өөрчилж, зөв тогтолцоо сонго гэж сонгогчид үүрэг болгосон. Гэтэл бид чадахгүй нь ээ, та нар шийдээд өг гэж байгаа нь зохисгүй зүйл. Ер нь манай дарга нар хариуцлагагүй,  чадвар сул байна. МАН-ын Удирдах зөвлөл төрийн шийдвэрт хүчтэй нөлөөлж байгаа нь Үндсэн хуулийн зарчим болоод хамтарсан засаг байгуулах хоёр намын гэрээг зарим талаар зөрчөөд байгаа.

-Тэгээд яагаад хамтарч засаг байгуулсан эрх баригч хоёр гол нам Сонгуулийн тухай хуулиа шийдэхгүй санал агуулгаар шийдье гэж байгаа юм? Удирдагч нарын буруу юу?

-Ер нь Монгол Улс 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш л гадны нөлөөгүйгээр асуудлаа ярьдаг, шийддэг болсон шүү дээ. УИХ-ын шийдвэр буруу ч, зөв ч байсан урд, хойд хөршийн зааваргүйгээр гарч байгаа. Эзэн Чингис хаанаас хойш Монгол үндэстэн жинхэнэ удирдагчаа төрүүлж чадаагүй ирсэн гэж би ойлгодог. Энэ үндэстэн, орныг улс шиг улс болгон удирдан авч явж чадах “жинхэнэ удирдагч” төрөх цаг ойрхон байгаасай. Жинхэнэ удирдагч ганцаараа төрдөггүй түүнийг залгамжлах дараагийн үе нь ч залгуулаад төрдөг юм шиг байгаа юм.

-АН-ынхан МАН-ыг сонгууль луйварддаг гэж шүүмжилдэг. Тэр аргаараа санал асуулгыг луйвардаж магадгүй гэсэн болгоомжлол танайнханд байгаа бололтой.

-Арай ч тэгнэ гэж бодохгүй байна.

Го.ЭНХТӨР


URL:

Сэтгэгдэл бичих