Багынхаа нэг дурсамжийг хуваалцъя. Хүйтэн булаг сумын төвийн хөлөөр урсдаг болохоор салхинд хийссэн бүхий л хог булгийн ус руу орж, эрэг дээр нь буугаад мордсон хүмүүсийн хаясан хог хөглөрнө. Хүмүүс булгийн усыг рашаан мэт хүндэтгэдэг хэрнээ булгийн ёроол хогоор дүүрээд байхад хэн ч тоодоггүй байв. Тэгэхэд бага байсан гэлтгүй ундныхаа усыг авдаг ганц булгаа санаачлагаараа цэвэрлэдэггүй томчуудад бухимддаг байснаа тод санадаг юм. Тэгвэл одоо энэ мэт нийтийнх гээд эзэнгүй орхигддог ажлыг цалин аваад хийх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл уншигч та рашаан булгийн эх, овоо тахилгыг арчилж хамгаалсныхаа төлөө мөнгө авна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод тарьж, зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлснийхээ төлөө мөнгө авна. Тэгэхээр нэг талаараа байгалиа хамгаалж, ногоон байгууламж тарьж буян үйлдсэнээрээ цалинжина гэсэн үг. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Эзэнтэй Монгол” хөтөлбөр. Хоёр жилийн өмнөөс хөтөлбөр эхэлсэн болохоор ямар нэг тунхагын чанартай зүйл яриагүй гэдгээ тодотгоё. Үр дүн нь хэдийнэ нүдэн дээр харагдаад эхэлсэн байна. Үүний жишээ болгож Говьсүмбэр аймгаас хийсэн сурвалжлагаа хүргэе.
Хөтөлбөрийг тодруулахад нийтийн болон ногоон гэсэн хоёр чиглэлтэй, улирлын чанартай түр ажлын байр юм. Дээр дурдсан ажлыг хийгээд сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийн цалин авна. Говьсүмбэр аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд ногоон ажлын байранд 57, нийтийг хамарсан ажилд 147 иргэнийг түр ажлын байраар хангаж 43 сая 680.108 мянган төгрөгаар иргэдийг цалинжуулжээ. Хөтөлбөрт ажилгүй иргэн, оюутан залуучууд, малчин, ахмад настан гээд тогтмол орлогогүй хүмүүс хамрагдаж байгаа учраас тэдний хувьд ажлын байртай болох боломж юм. “Энэ хөтөлбөрийн хүрээнд ажилгүй иргэдийг орлоготой болгосоноос гадна аймгийн төвийн ногоон байгууламж эзэнтэй болж арчилгаа сайжирсанаас ургалт нэмэгдсэн” гэж Говьсүмбэр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Удвал хэлсэн. Аль ч газар хогны асуудал толгойн өвчин болдог. Тэгвэл Сүмбэр, Баянтал, Шивээговь сум лав энэ зовлонгоосоо салжээ. Энгийн утгаараа бол “Мөнгө өгье, хогноосоо салаад аль” гэдэг хөтөлбөр хэрэгжиж байгаа дээр нь бусад газар ч гэсэн дээрх сумд шиг ашиглах л хэрэгтэй. Энэ мэт малчид худагтай, суурин газар ногоон байгууламжтай, хог хаядалгүй болсон нь орон нутгийг ёстой л эзэнтэй юм шиг болгож байна лээ. Үүний зэрэгцээ тогтмол орлогогүй байсан хүмүүс ч энэ хөтөлбөрт ам сайтай байна. Тэд бодит амьдрал дээр нь хэрхэн үр дүн гарч байгаа тухай ингэж ярьсан юм.
Сүмбэр сумын 1-р багийн иргэн Ж.Оюунчимэг:
-Би “Эзэнтэй Монгол” хөтөлбөрт хамрагдаад өнгөрсөн есөн сарын нэгнээс дөрөвдүгээр сар хүртэл ажилласан. Бид цэцэрлэгт хүрээлэнгээ зүлэгжүүлээд, мод тариад, сайн ажилласан. Ер нь энэ хөтөлбөр бол аймаг орон нутагт их ашигтай байгаа. Цалин мөнгө нь ч бидний амьдралд нэмэртэй байна. “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн ач тусаар ногоон байгууламж сайжирч, аймгийн өнгө үзэмж сайжирсан. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэжлүүлээд, ажиллах хугацааг сунгавал илүү үр дүнтэй гэж бодож байна.
Сүмбэр сумын 2-р багийн иргэн Д.Хишигсүрэн:
Би “Эзэнтэй Монгол” хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Яагаад гэхээр бидний үеийн хүмүүст ажил олддоггүй шүү дээ. Энэ хөтөлбөрийн ачаар ажилтай болоод, сар бүр 192 мянган төгрөг аваад сайхан байна. Зургаан хүн нийлээд бүлэг болоод ажиллаж байгаа. Ногоон байгууламжинд тарьсан 600 модоо услаад, арчилж ургуулж байна. Мөн зүлэг модныхоо орчмын хог шороог цэвэрлэж байгаа. “Эзэнтэй Монгол” хөтөлбөр хэрэгжээд аймгийн өнгө үзэмж сайжирч байна.
Шивээ- Говь сумын иргэн Т.Гантуяа:
Би “Эзэнтэй Монгол” хөтөлбөрт хамрагдаад аймгийнхаа цэцэрлэгт хүрээлэнгийн модыг арчилж, услаж байна. Мөн аймгийнхаа ногоон байгууламжийн хог шороог цэвэрлэж гоё болгосон байгаа. Бид нар гурван сарын хугацаанд сар бүр цалин авч байна. Өмнө нь ажилгүй байсан. Энэ хөтөлбөр хэрэгжээд явбал аймгийн тохижилт, байгаль орчинд хэрэгтэй. Мөн байнгын цалинтай болчихвол бидний амьдралд хэрэгтэй байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р багийн малчин Б.Нэргүй:
-Би “Эзэнтэй Монгол” хөтөлбөрт 2014 оны тавдугаар сараас эхлээд ажиллаж байна. Тэгээд рашааныхаа орчим хашаа бариад, малын хөлөөс хамгаалаад, рашааныхаа орчмын модыг услаад сайхан болгосон. Манай “Цоорхойн” рашаан өмнө их ундрагатай байсан. Малын хөлд дарагдаад, элс ихтэй болоод ундарга нь багассан байсан. “Эзэнтэй Монгол” хөтөлбөр хэрэгжээд рашаан усаа хашиж хамгаалаад их аятайхан болж байна. Энэ хөтөлбөр байгаль орчинд их ач тустай юм байна. Цалин хөлс аваад, бидний амьдралд ч их хэрэг болж байна.
Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эзэнтэй монгол” хөтөлбөр энгийн амьдралд үр дүнгээ өгч байгааг ямар ч нэмэр хачиргүй хүргэлээ. Сайн санаачлагыг сайныг нь хэлэх л хэрэгтэй. Сэтгэлд гал байхад тулганд гал асна гэдэг. Амьдарч буй орон нутагтаа эзний сэтгэлээр хандвал өөртөө болоод нийгэмдээ хөрөнгө оруулах боломж байна шүү, монголчууд аа.