Н.Алтанхуягийг “буудах” гээд АН-аа дэлбэлэх вий

алтаа

Ерөнхий сайд бүлгийнхээ хурлаас ямар мэдээтэй гарч ирэх бол хэмээн өчигдөр сэтгүүлчид өдөржин тандав.
Өглөө эрт  эхэлсэн хурал үд хэвийтэл хуралдлаа. Бүлгийн хурал ширүүхэн болж байна гэсэн мессежийг сэтгүүлчдэд байн байн өгч байсан юм. Уржигдар Их Тэнгэрт болсон төрийн гурван өндөрлөгийн уулзалтын тухайд тэд ямар ч байсан Засаг төр тогтвортой байх ёстой гэдэгт санаа нэгдсэн байна.

Харин Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр Ерөнхий сайдыг намын даргын албаа өг гэжээ. Товчхондоо бол ийм л уулзалт  болж.

Харин үүнд нь Н.Алтанхуяг “Бид үүнийг ганцаараа шийдэхгүй. Олонхоороо ярилцана” хэмээсэн аж. Үүнийхээ  дагуу өчигдөр бүлгийн хурал дээрээ “Намайг намын дарга аа өг” гэж байна яах вэ  гэж  гишүүдийнхээ саналыг  сонсчээ. Харин бүлгийн гишүүдийн олонхи  нь Н.Алтанхуягийг 2016  Ерөнхий сайдынхаа  ажлыг өгөх шаардлагагүй гэсэн  байна. Харин  зарим нь 2016 оны  сонгууль хүртэл намын даргын ажлаа өгч хэрэгггүй, сонгуулийн үр дүнг харж байгаад энэ асуудлыг дахин хэлэлцье гэсэн юм  байх.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн уржигдар тэдэнтэй уулзахдаа “Намын эв нэгдлийг сахиж ажилласангүй, хагалан бутаргаж байна” гэсэн шүүмжлэлийн хариуд Н.Алтанхуяг “МАН-ын гишүүдээс илүү манай намын гишүүд хорлонтой байна. Ажил хийхэд маш их түвэг учруулах юм. Хэрэв намын гишүүд өөрсдөө нэгнээ барьж идэх ийм увайгүй үйлдэл үргэлжилвэл намынхаа даргыг өгье. Энэ албатай зууралдах сонирхол алга” гэж хариулсан гэнэ. Ингээд л өчигдөр  болсон хурал дээр “Хэрэв намынхаа даргаас татгалзаж байгаа юм бол Ерөнхий сайдын албаа давхар өгнө. Хуулиараа нэгэнт заачихсан учраас хууль зөрчиж болохгүй.Тэгэхээр таны саналыг хүлээж авах боломжгүй” гэжээ. Харин  фракцийнхан “Ажлаа өг. Намын даргаасаа ч буу, Ерөнхий сайдаасаа ч огцор. Өөрийн хүсэлтээр албаа өгвөл нэр хүндэд чинь дээр” гэсэн утгатай зүйл ярьсан гэнэ. Гэхдээ бүлгийн олонхи гишүүд төрийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг хүсчээ. “Н.Алтанхуяг гэдэг хүний гавъяа нь гайнаасаа илүү. Тиймээс түүнийг огцруулснаар өнгөрсөн хоёр жилийн хичээл зүтгэл талаар болно. УИХ-ын сонгуульд олуулаа болж чадсан, 21 аймгийн 16 аймагт нь Ардчилсан нам засаглаж байгаа нь Н.Алтанхуяг гэдэг хүний гавъяа, хичээл зүтгэл” гэдгийг бүлгийн гишүүд онцолсон гэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам хоёр удаа ялалт байгуулсан нь түүнтэй холбоотой. Н.Алтанхуяг намын дарга болсноор Ардчилсан нам  орон нутагт  анх удаа ялалт байгуулсныг ч дурджээ. Мөн намын даргын албыг нь үргэлжлүүлэн хийлгэх ёстой, улс төрийн хөөсөрсөн давалгаанд өртөж, намаараа далаараа тавиулж болзошгүй учраас Ерөнхий сайдыгаа хамгаалж үлдэх нь зөв” гэсэн шийдэлд хүрсэн байна. Бүлгийн хуралдаанаар юу ярьсан тухай АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас албан ёсоор тодруулахад “Үдээс хойш дахин хуралдана. Гэхдээ бүлгийн шийдвэрийг мэдээлэхгүй байж магадгүй. Хаалттай хуралдаан шүү дээ” гэв.

АН-д өрнөж буй энэ асуудлаас харахад Н.Алтанхуягийгаа “буудах” гэж байгаад АН-аа дэлбэлж  мэдэхээр нөхцөл байдал үүсч магадгүй бололтой.

Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үдээс хойш 15 цагийн үед эхэлсэн. Төслийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын ашиглалт үрэлгэн байна. Иймд аймагт нь эрхийг нь өгөөд, энэ жил аль сумандаа сургууль барих, хэдэн хүүхдийн цэцэрлэг барихаа шийддэг байх нь үрэлгэн төсвийн бодлогоос салах арга. Орон нутагт эрхийг нь өгөх цаг болсон. Хэрхэн яаж зарцуулж байгаад босоо хяналт тавина.
Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийнхээ санаа оноог авч байх тухай заалт ч оруулсан. Эдийн засгийн хямралт үед эзэнд нь зарцуулах эрхийг өгөх хэрэгтэй. Аймгийн Засаг дарга нь ямар сургууль барьж буйгаа ч мэддэггүй тохиолдол байна. Завханд 9,9 тэрбумаар драмын театраа барина уу, эмнэлгээ барина уу өөрсдөө хэлэлцээд л шийдэг. Улсаас 300 хүүхдийн сургууль бариад өгчихдөг, гэтэл тэнд нь 200 хүрэхгүй хүүхэд сурч байна. Уг нь тэндээ шийдэж барьсан бол ингэж үргүй зардал гаргахгүй шүү дээ” хэмээн гишүүдийн асуултад хариулсан. Гишүүн бүр л түүнд асуулт тавьж хариулт авж байв. Дугаар шилжих 18 цагийн үед хэлэлцүүлэг дуусаагүй байсан юм.

Д.БОЛОРМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих