Ж.Соронзон захирлын сургууль хандив авдаг данстай байжээ
“Боловсролын салбар тэр чигтээ ашиг хонжоо хайсан бизнес болчихжээ” гэх эцэг эхчүүд олшрох болж. Учир нь эцэг эхчүүд “Улсын сургуулиуд хүүхдүүдээс хандив авах ёсгүй” хэмээн олон жил энэхүү асуудлаар зарга хийсэн ч амжилт олсон нь тун цөөхөн.
Тухайлбал, хүн болгоны хүүхдээ оруулахыг хүсдэг Монгол-Оросын хамтарсан III сургууль “Их хэмжээний хандив авч хүүхдүүд авдаг учраас бид мэтийн жирийн иргэд хүүхдээ энэ сургуулийн босгоор алхуулж дийлэхгүй юм билээ. Тиймээс улсын гэх тодотголтой сургуульд оруулахаас өөр аргагүй байдаг” гэж хэлэх хүнтэй ч цөөнгүй таарч байлаа. Хамгийн гол нь тус сургуульд хүүхдээ оруулахыг хүссэн эцэг эхчүүдийн олонх нь харьяа дүүргийнх хэдий ч түүнийг үл хамааран “Хүүхдийн тоо гүйцсэн, хандиваа төлөөд ор” гэдэг үгийг сургуулийн удирдлагууд хэлдэг гэж хичээлийн шинэ жилийн эхний өдөр л эцэг эхчүүд хэл ам гаргаж байсан.
Хамгийн гол нь авсан өгсөн баримт байхгүй учраас тэдний энэхүү үйлдлийг илчилж чаддаггүйд хэргийн гол учир оршиж буй юм.
Тиймээс эцэг эхчүүд энэ тухай мянгантаа хэлээд ч тусыг эс олдог гэнэ. Хэрвээ тухайн ээж аавд хахууль нэртэй хандивын мөнгө нь байгаад түүнийгээ сургуулийн удирдлагуудад “Май” гээд улаан гараараа өгсөн бол энэ нь баримт болно. Даанч тэгж чадахгүй байгаа учраас “Нотолж чадахгүй байна” гэж нэг танил минь хэлж байсан юм.
Хандив авдаг данстай байсныг нь илрүүлжээ
Тэгвэл тус сургуульд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан санхүүгийн шалгалт хийж нэгэн ноцтой зөрчил илрүүлжээ.
Тухайлбал, тус сургуулийн санхүүгийн бүртгэл тайлан нь маш цэгцтэй байсныг албаны хүн сайшаан магтаж байсан юм. Сайны хажуугаар саар гэгчээр нөгөө эцэг эхчүүдийн яриад байсан сургалтын төлбөр, хандив авах эсэхэд мэргэжлийн хяналтынхан анхаарлаа хандуулж, нэлээн чамбай ханджээ. Үүний дүнд улсын хөрөнгө оруулалттай, мөн хоёр улсын хамтарсан сургууль хэрнээ суралцагчдаас төлбөр авдаг, мөн элсэгчдээс хандив авдаг данстай байсныг нь илрүүлжээ.
Уг нь боловсролын тухай хуульд “Сургуулийн үйл ажиллагаанд шаардлагатай нөхцөлд хандив авч болно” гэж заасан ч “Шинээр элсэгчдээс хандив авахыг хориглоно” гэсэн заалт байдаг байна. Тиймээс л сургалтын төлбөр, хандивын хувь хэмжээг хэрхэн тогтоосныг холбогдох албаны хүмүүс их л ойлгомжтойгоор тайлбарлахыг хүссэн байна. Гэтэл энэхүү асуултын хариултыг Ж.Соронзон захирал өгөх байсан ч ОХУ руу ажлаар явсан учир тус сургуулийн менежер дараах хариултыг өгсөн юм.
Тэрбээр “Сургалтын төлбөр, хандивын хувь хэмжээг сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр тогтоодог” гэдгээс өөр дорвитой хариулт өгөөгүй. Тус сургуульд орох гэсэн хүсэлтэй хүүхдийн оноо хүрээгүй тохиолдолд хоёр, гурван мянган ам.долларын хандиваар оруулдаг гэх яриа байдаг. Ийм асуудал байж болохгүйг албаныхан хатуу анхааруулж, суралцагч хүүхдүүдээс зөвхөн үйл ажиллагааны зардлын хандив авч болохоос бусад төрлийн хандив авч болохгүй гэжээ.
Энд уг шалгалтаар нэг л зөрчил илэрсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байсныг онцлох нь зүйтэй байх. Учир нь эл сургуультай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон хэл ам гардаг учраас ийнхүү эцэг эхчүүд ач холбогдол өгсөн хэрэг.
Улсын сургууль учраас сурагчдаас төлбөр авах ёсгүй
Уг нь Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улсын төсвөөс санхүүждэг сургуулиудаас хамгийн өртөг өндөртэй нь тус сургууль.
Тухайлбал, улсын төсвөөс энэ сургуульд нэг жилд 1.2 тэрбум төгрөг дунджаар төсөвлөдөг. Үүнээс гадна сурагчдаас сургалтын төлбөр авдаг. Хичээлийн жилд 2030 хүүхэд тус сургуульд суралцаж байгаа бөгөөд хүүхэд тус бүрээс сургалтын төлбөр гэж дунджаар 1.8 сая төгрөг авдаг гэнэ. Товчхондоо улсын төсвөөс санхүүждэг сургуулийн хувьд сурагчдаас төлбөр авах ёсгүй гэдгийг анхааруулж үүрэгдлээ.
Ингээд бид Нийслэлийн боловсролын газраас сургалтын төлбөр, хандивын хувь хэмжээг сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр тогтоож болдог эсэхийг тодруулахаар очсон боловч, “Эрх мэдэл бүхий албан тушаалтныг гадуур ажилтай яваа” гэсэн хариулт авсан юм.
Юутай ч улсын сургуулиудын зарим нэг захирлууд хуулийг гажуудуулж ажлаа хийдэг гэдгийг хүн бүхэн мэднэ.
Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, боловсролын хууль тогтоомждоо сургуулиудын чиг үүргийг тусгайлан, нарийвчлан тусгахгүй бол энэ мэт хэрээс хэтэрсэн үйлдлүүд цаашид газар авч олон эцэг эхээс хууль бусаар хандив, сургалтын төлбөр авсаар байх болно.
Эцэст нь олон жил “Бид хандив авдаггүй, та нар битгий хүн гүтгээд байгаарай” гэж хэвлэлийнхэнтэй муудаж байсан Ж.Соронзон захирлын энэхүү үйлдлийг сая хийсэн шалгалт нотолж буй юм.
Р.Саруул
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сургууль гэлтгүй цэцэрлэг ч гэсэн эцэг эхээс мөнгө авахаас гадна байгууллагаас гуйлга гуйгаад яваад байдгийн байна лээ. Ийм үйл ажиллагаа явуулах гэсийн тусламж энээ тэрээ гээд. өөрсдийн чадах юм аа чадахаараа л хий л дээ. битгий гуйдгачин бай л даа боловсролын байгууллага
Аль 1992 онд л тус сургуулийн захирал болсон үнэн балай авгай. Тус сургуулийн чанар тийм ч сайн биш, урсгалаараа явдаг, яахав хэдэн буряад багш нар нь Оросоор ярьдаг болохоор хүүхэд Оросоор яриад сурчихдаг түүнээс биш Орос хэлний бичгийн хэл орчуулга юу ч байхгүй.
zugeer baildaa bugdeetee adilhan
Ганц гайгүй сургууль байсан. Одоо түүнийгээ татаж унагах нь. Энэ л бидний муу амьдардагийн гол шалтгаан. Нэг бол тэнгэрт тултал худлаа магтана. Нэг бол хорвоогийн муу болгоноор муулна. Муухай монгол