Н.Алтанхуяг суудалдаа үлдэж, З.Энхболд АН-ын дарга болох нь ариун явдал мөн үү
Монголын улстөр дэх хачин жигтэй наймаалцал хөл толгойгоо алдаж, засаглалын хямрал жинхэнэ утгаараа нүүрлэчихээд байна.
Өчигдөр өглөөнөөс хойш хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурал үдээс хойш үргэлжилж хачин жигтэй тохиролцоонд аргагүйн эрхэнд нэгдсэн бололтой юм. Төрийн ордны “А” танхимд бүтэн өдөржин хуралдсан АН-ын бүлгийн хуралдааны хаалгыг чандлан хамгаалж, сэтгүүлчдийг хөөж туугаад ойртуулаагүй учир “бололтой” гэхээс өөр арга үлдсэнгүй. Энэ хуралд хамаг л муу муухай “хувьсгалын тохироо”-г өөр дээрээ овоолчихоод, дороо дэвхцсээр байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон мэдээлэл хийжээ. Түүнчлэн цаг үеийн асуудал, улс орны өмнө тулгамдсан бүх л асуудлын талаар гишүүдийн асуултад хариулт өгч.
Бүлгийн хуралдаан тун ширүүхэн болж байгаа талаар үе үехэн ганц хоёр ховын чанартай мэдээлэл сэмхэн тарсаар л байв. Чухам хэн гээч нь ямар зорилготойгоор эрх баригч намын хаалттай хурлын талаарх үнэн, худал нь мэдэгдэхгүй яриаг ордны хонгилоор тараагаад байсан нь бас л сонирхолтой асуудал. Хамгийн гол нь уржигдар оройноос эхлэн “Н.Алтанхуяг сайд намын даргаасаа сайн дураар татгалзаж, Ерөнхий сайдынхаа суудалтай үлдэхээр тохиролцоо хийгджээ” гэсэн мэдээлэл амнаас ам дамжин тархсан билээ. Гэтэл тэрхүү мэдээлэл нь санаатай тараасан цуурхал байсан бололтой.
Өчигдрийн бүлгийн хуралдааны гол асуудал нь АН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг дээр төвлөрсөн дуулдана. Ордны хонгилоор тэнүүчилж байгаа эх сурвалж нь тодорхойгүй мэдээллээр хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа аж.
Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд болон “Эрдэнэс-Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэрс нэлээн давамгай байдалтай яригджээ. Тэдгээрээс АН-ын “Шонхор” фракцийн тэргүүн, УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар сонгох магадлал хамгийн өндөр байгаа талаарх яриа тун хурдтай тархсан юм. Уг асуудлыг АН-ын бүлгийн үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн ярилцаж, хүчний харьцааг ерөнхийдөө татаж дөнгөсөн дуулдав. Гэхдээ эцсийн шийдвэрийг өнөөдөр орой хуралдах АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэх аж.
Саяхан л “Ерөнхий сайдыг огцруулах товчлуур дарна гэдэг нь АН-ыг буудахтай адил” гэж УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэж байсан. Түүний энэ үг АН-ын доторх олон фракцийн гишүүдэд хүндхэн туссан бололтой. Нэлээн хэдэн гишүүн “Хэд хэдэн сонгуульд намаа удирдан ялалт байгуулсан Н.Алтанхуяг даргыг ямар ч үнээр хамаагүй хамгаалаад авч үлдэх ёстой” гэцгээсэн бол УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракцийнхан намаа буудах сонголт хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн бололтой.
УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ руу албан ёсны айлчлал хийхээр мордсон ч төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хүрээд ирсэн. Эзгүй үед нь улстөрийн хор найрагдаж, эртнээс боловсруулсан төлөвлөгөө нь нурахаас сэргийлснээс зайлахгүй. “Дараагийн Ерөнхийлөгч” гэгдсэн З.Энхболд даргын төлөвлөгөө олон жилийн өмнөөс эхтэй гэдгийг АН-ынхан байтугай МАН, цаашлаад МАХН-ынхан ч андахгүй. Тэрбээр олон юм яриад байдаггүй ч намын даргын төлөөх марафонд өрсөлдөж, Ерөнхий сайдын суудал руу тэмүүлдгээ нэг их нуугаад байдаггүй.
Өнгөрсөн зун “Шонхор” фракцийнхан Буйр нуурын эрэг дээр амрангаа ажиллаж эн тэргүүний зорилтуудаа ч ерөнхийд нь яг таг төлөвлөсөн гэдэг. Буйрын эрэг дээрх хуралдаанаар шинээр эмхлэн байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнээ ч бараг л тодруулчихсан дуулдсан.
Сүүлийн үед “Шонхор” фракц хүн хүчээ нэмэгдүүлэх бодлогыг нэлээн хүчтэй, тууштай явуулж байгаа. Одоогийн байдлаар МоАХ-ноос Д.Ганбат, Зүүн хойд Азиас Л.Болд, МҮАН-аас Д.Батцогт нарыг элсүүлж эгнээндээ нэгтгээд байгаа. Шинэковуудтайгаа нийлээд “Шонхор” фракц УИХ-д 10 төлөөлөлтэй болоод байгаа.
Хамгийн сүүлд дуулдаж байгаа үнэхээр сонирхолтой мэдээллээр тун удахгүй “Шударга ёс” эвслийн буланд шахагдсан хөөрхий О.Баасанхүүг суга татаж “тэнгэрт суудалтай” болгохоор хаа хаана аа тохиролцоо хийгдсэн нь тодорхой болоод байгаа.
УИХ дахь сөрөг хүчин МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 28 хүн дээр АН-ын “Шонхор” фракцийн одоогийн төлөөллүүдийг нэмбэл 38 гарын үсэг бэлэн байгаа гэсэн үг. Тэдэн дээр хэзээнээсээ Н.Алтанхуягт харшилтай Х.Баттулга, М.Зоригт Р.Бурмаа гурвыг нэмэхгүй бол жинхэнэ нүгэл болно. Яагаад гэвэл Х.Баттулга “Н.Алтанхуягийг огцруулахаар заналтайгаар гарын үсгээ зурсан”-аа зарлан тунхагласан бол УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа тэр тухайгаа аль эрт зарлачихсан. Харин М.Зоригт гишүүн сошиал ертөнцөөр янз бүрээр жиргэж суудаг ч Х.Баттулгаас зөрнө гэж “гонжийн жоо” учир гайхах зүйлгүй.
Энэ бүхэнд дүгнэлт хийвэл Н.Алтанхуягийг хөнгөхөөн унагаж дөнгөх нөхцөл бүрдчихээд байгаа. Хэрвээ “Удаа дараагийн сонгуульд намаа ялуулсан гавьяаг нь авч хэлэлцэхгүй” гэж олонхоороо түрхэрвэл шүү дээ. Одоо мөрдөгдөж байгаа Улстөрийн намуудын тухай хуульд “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн бэлгэ тэмдгийн гэмээр заалт бий. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийг дуртай цагтаа зөрчиж дөнгөдөг манай улстөрчид аминд тулсан энэ үед түүнийг мөрдөх нь юу л бол. Хэрвээ түүнийг мөрдвөл Н.Алтанхуяг намын даргаасаа огцорвол Ерөнхий сайдынхаа суудлыг зайлшгүй өгч л таарна. Хэрвээ асуудал ингэж өрнөвөл АН-ын даргаар З.Энхболд томилогдож, шинээр эмхлэн байгуулах Засгийн газраа МАН-тай хуваалцаж дахин “МАНАН” үүсгэх нь тодорхой болоод байгаа.
Ямартай ч Буйр нуурын эрэгт болсон “Шонхор”-ынхны хуралд МАН-ын зарим гишүүн оролцсон тухай мэдээлэл тухайн үед цацагдаж байсныг санаж байна. Асуудал ийм л олон өнгөтэй болчихоод байна. Өнөөдөр юу ч болж мэднэ. АН “Алтангадас”-аа аргамжиж хүлчихээд цааш явъя гэвэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс эхлээд хошуу байтугай ханцуй шамлан дайрах “баатрууд” мундахгүй.
Харин АН-ын “Мөнхийн Ерөнхий нарийн бичгийн дарга” асан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмнөх гавьяаг яагаад ч баллуурдахгүй хэмээн олонхоороо тохиролцож чадвал хуулиа уландаа дэвслэн намын даргаас нь мулталчихаад Ерөнхий сайдынх нь суудалд хэвээр нь үлдээж таарна. Ийм л сүрхий хэдэн сонголтын өмнө АН төдийгүй монголчууд зогсож байна даа. Хэрхэхийг цаг хугацаа л харуулна.
Д.Түвшин
Эх сурвалж:
URL: