АН-ын бүлгийн хуралдаан ширүүхэн болж байна

5Төрийн ордонд АН-ын бүлэг хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр хаалттай энэ хурал нэлээд ширүүхэн болж байгаа сурагтай. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хүлээн авч уулзсан юм байна. Энэ үеэр З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг намаа хагалан бутаргаж байна, эв нэгдлийг сахин ажилласангүй хэмээн хатуухан шүүмжилсэн юм байх. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тэгвэл намын даргаасаа татгалзчихъя. Засгийн газар чадах чинээгээр бүтээн байгуулалт өрнүүлж байхад МАН-ын гишүүдээс илүү манай намынхан өөрсдөө баалж, миний эсрэг муу мэдээлэл цацаж байна шүү” хэмээн бухимдлаа илэрхийлсэн гэнэ. Харин АН-ын бүлгийн хурал Ерөнхий сайдын мэдэгдлээс болж хуралдсан байж болох талтай. Түүний намын даргаа өгөх зөв эсэхийг хэлэлцэж байгаа юм байх. Мэдээж хуралдааны үеэр МоАХ фракцийнхан Н.Алтанхуягийг огцорвол таарна хэмээн ундууцаж байгаа бол бусад гишүүд тогтвортой байдлаа хангаад цааш нь үргэлжлүүлэн ажиллах ёстойг хэлж байгаа сурагтай. Бүлгийн хурал хэзээ тарах нь тодорхойгүй байна.

 

 

Д.Болор /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих