Бодьсадва нарын 37 мөрдлөг
Бодьсадва гэдэг нь бодь сэтгэлтэн буюу гэгээрэх хүслийг хөгжүүлсэн бодьгал юм. Энэхүү номонд бодьсадва нар юуг хэрхэн мөрддөг, яах талаар 37 мөртөд багтаасан болно.
Намо лугэшура яа
Аливаа зүйлсийн ирэх буцахгүйг болгоогч
Амьтдад гагц туслахыг л хичээн зохиогч
Ачит багш болон Жанрайсиг бурханд
Бие хэл сэтгэлээрээ бишрэн мөргөе
Дээд амгалангийн орон болсон бурхад нь
Дээдийн номыг бүтээн гарсан бөгөөд
Бурхадын явдал мөрд суралцан хэрэгжүүлэх
Бодьсадва нарын мөрдлөгийг айлдан номлоё
1.Олоход бэрх хүн төрлийг олоод
Өөр бусдыг орчлонгоос гэтэлгэхийн тулд
Өдөр шөнийг ялгалгүй номыг сонсон
Ойлгон санаж бясалгах нь бодьсадын мөрдлөг юм.
2. Хамаатандаа тачаах хүсэл ус шиг ундарч
Хорт дайсандаа уур гал мэт бадран
Харанхуйд мунхарч авах гээхийг умартуулагч
Нутгаа орхих нь бодьсадын мөрдлөг юм.
3. Сатаарах оронг орхисноор нисваанис аажимдаа багасна
Алгасрал үгүй учир буян яваандаа арвижна
Саруул ухаанаар номонд үнэмшил төрүүлэгч
Аглаг газарт амьдрах нь бодьсадын мөрдлөг юм.
4. Байнга нөхөрлөсөн найз ч хагацаж одно
Эд хөрөнгө ч ард үлдэн хоцорно
Бие нь байшин, сүнс нь доторх хүн адил
Энэ биеэ үл хайрлах нь бодьсадын мөрдлөг юм.
5. Муутай нөхөрлөвөл хорт сэтгэл ихсэн
Сонсох санах бясалгах үйл доройтно
Хайрлан энэрэх сэтгэл арилдаг учир
Муу нөхрийг тэвчих нь бодьсадын мөрдлөг юм.
6. Багшийг шүтсэнээр гэм нүглээ багасган
Эрдэм тэргэл саран шиг арвижна
Багштан дээдсийг өөрийн биеэр ч хайрлан
Энхрийлдэг нь бодьсадын мөрдлөг юм.
7. Өөрсдөө орчлонд хүлэгдсэн ертөнцийн тэнгэрс
Өрөөл бусдыг яахин аварч чадах
Гагцхүү хэнийг ч эргэлзээгүй аварч чадах
Гурван эрдэнэд итгэх нь бодьсадын мөрдлөг юм.
8. Тэвчихэд бэрх муу заяаны зовлонгууд
Нүгэл хийсний үр гэж бурхан айлдсан
Тийм болохоор аминд тулсан ч нүглийг
Хэзээд үл үйлдэх нь бодьсадын мөрдлөг юм.
9. Хорвоогийн жаргал өвсний шүүдэр мэт
Хором төдийд арилан алга болно
Хэзээ ч хувиршгүй ангижирсан дээд амгаланд
Хичээн суралцах нь бодьсадын мөрдлөг юм.
10. Тэргүүлшгүй цагаас намайг хайрласан эхүүд
Бэдэрч зовоход би жаргаад яахав
Тэдгээр амьтдыг зовлонгоос ангижруулахын тулд
Бодь сэтгэлийг үүсгэх нь бодьсадын мөрдлөг юм.
11. Зовлон бүхэн өөрийн жаргалыг бодсоноос үүсдэг
Гэгээрсэн бурхад бусдад туслах сэтгэлээс мэндэлдэг
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор
Өнөд солих нь бодьсадын мөрдлөг юм.
12. Бүдүүлэг нэгэн шуналт сэтгэлээр миний
Бүх эд зүйлийг хулгайлан дээрэмдсэн ч
Бие хөрөнгө гурван цагийн буян
Бүгдийг түүнд зориулах нь бодьсадын мөрдлөг юм.
13. Намайг ямарч гэм зэмгүй байхад
Өөр нэгэн толгойг минь тасдсан ч
Нигүүлсэх сэтгэлээр түүний үйлдсэн нүглийг
Өөртөө авах нь бодьсадын мөрдлөг юм.
14. Зарим нь намайг элдвээр муулж
Замбуу тивээр тараан дуурсгасан ч
Энэрэх сэтгэлээр харин түүний
Эрдмийг өгүүлэх нь бодьсадын мөрдлөг юм.
15. Хэн нэгэн цугласан олны голд
Хор малтан муухай үгээр хэлсэн ч
Буяны садан багшийн бодлыг төрүүлэн
Бишрэн сөгдөх нь бодьсадын мөрдлөг юм.
16. Өөрийн хүү шиг хайрласан хүн
Өөр лүү нь дайсан мэт аашилсан ч
Өвчнөөр энэлсэн хүүгийн эх шиг
Илүү хайрлах нь бодьсадын мөрдлөг юм.
17. Өөрөөс дорой юмуу ойролцоо төрөлхтөн
Онгироо зангийн гайгаар доромжлон хараасан ч
Өөрийн багш шигээ түүнийг бодон
Оройдоо залах нь бодьсадын мөрдлөг юм.
18. Амьдрал ядуу, үргэлж хүмүүс бассан ч
Адаар баригдан, хүндээр өвдөн шаналсан ч
Амьтны зовлон зүдүүрийг өөртөө авдаг ч
Ашид шантрал үгүй нь бодьсадын мөрдлөг юм.
19. Нэрд гарч бусдын манлай болсон ч
Намсрай бурхны эд төдийг хураасан ч
Орчлонгийн зүйлс шим үгүйг болгоон
Огтхон шунал үгүй нь бодьсадын мөрдлөг юм.
20. Гол дайсан уурыг эс дарвал
Гаднах дайснаа ялсан ч ихсэх болно
Энэрэл нигүүлслийн хүчээр өөрийн сэтгэлээ
Эгнэгт номхотгох нь бодьсадын мөрдлөг юм.
21. Хүслийн эрдэм нь шорвог устай адил
Хичнээн хэрэглэсэн ч шунал ихсэх болно
Хаана ч хэний ч шуналыг хөдөлгөх зүйлийг
Хэзээд тэвчих нь бодьсадын мөрдлөг юм.
22. Үзэгдэх зүйлс үнэн бодитоор үл оршин
Үнэнхүү хоосон чанартайд орших учир
Хорвоогийн зүйлд хүлэгдэлгүй түүнийг ойлгон
Хоосон чанарыг бясалгах нь бодьсадын мөрдлөг юм.
23. Сэтгэлд таатай ямарваа зүйлтэй учирсан ч
Зун цагийн өнгөт солонго мэтчилэн
Үзэсгэлэнтэй үзэгдсэн ч үнэнд үл тооцон
Сэтгэлээ хянадаг нь бодьсадын мөрдлөг юм.
24. Элдэв зовлон, зүүдэнд хүү нь үхэх мэт
Эндүүрлийг үнэнд тооцсоноор сэтгэл тавгүйтнэ
Эс зохилдох шалтгаантай учрах цагт
Эндүүрэл эсэхийг ажиглах нь бодьсадын мөрдлөг юм.
25. Гэгээрлийн төлөө биеэ ч өгч байхад
Материаллаг зүйлсийг хэлэх хэрэг юун
Эдлэл өгсөн ч хариу тусыг харалгүй
Өглөг өгөх нь бодьсадын мөрдлөг юм.
26. Сахилаа үл сахин өөрийн хэргийг үл бүтээгч
Бусдын тусыг бүтээхийг хүсэх нь инээдэм
Сансар орчлонгийн үйлд татагдан дуршилгүй
Сахил сахих нь бодьсадын мөрдлөг юм.
27. Буяны чуулганыг хураахыг хүсэгч бодьсадвад
Хор хүргэгч бүхэн эрдэнэтэй адил
Тийм учир бүгдийг алагчлалгүй
Тэвчээрийг хөгжүүлэх нь бодьсадын мөрдлөг юм.
28. Өөрийн тусыг бодогч бага хөлгөнтөн
Толгойд гарсан галыг унтраах мэт хичээвэл
Өрөөл бусдын төлөө эрдэм гарах
Хичээнгүйг сайжруулах нь бодьсадын мөрдлөг юм.
29. Машид амирлан оршихуй, үлэмж үзлээр
Мунхаг нисваанисаа дарахыг мэдэж чадах
Дүрс үгүй дөрвөөс үлэмж хэтэрсэн
Самадийг бясалгах нь бодьсадын мөрдлөг юм.
30. Билиг брамид үгүй бол таван брамидаар
Бурхны хутгыг олж чадахгүй учир
Аргатай хослох, гурван орчлонг онох
Билгийг бясалгах нь бодьсадын мөрдлөг юм.
31. Өөрийн алдааг өөрөө эс шинжвэл
Буяны сэтгэлээр нүглийг үйлдчихдэг учир
Өөрийн алдааг үргэлжид шинжин
Буруугаа засах нь бодьсадын мөрдлөг юм.
32. Мунхаг, нисваанисын эрхээр бусад бодьгалын
Мууг яривал өөрөө доройтдог учир
Их хөлгөнд орших бодьсадва ч бусдын
Мууг үл өгүүлэх нь бодьсадын мөрдлөг юм.
33. Ашиг олзын төлөө хоорондоо тэмцэлдвэл
Сонсох санах бясалгах үйд доройтно
Амраг садан, гэр бүл, өглөгийн эздэд ч
Тачаахыг тэвчих нь бодьсадын мөрдлөг юм.
34. Ширүүн үгээр бусдыг гомдоож мэднэ
Бодьсадын явдал ёс ч доройтож мэднэ
Болгоомжтой байн бусдын сэтгэлд зохистой
Ширүүн үгийг тэвчих нь бодьсадын мөрдлөг юм.
35. Дадсан нисваанисыг ерөндөгөөр арилгах бэрх
Дурьдал мэдэмсэрт төрөлхтөн ерөндөгөөр зэвсэглэн
Тачаал тэргүүтэн нисваанис төрсөн даруйд
Тусгайлан дарах нь бодьсадын мөрдлөг юм.
36. Хураан бичвэл, яаж юу үйлдсэн ч
Хувьсах өөрийн сэтгэлийг ажиглан дүгнэж
Үргэлж сонор сэрэмжтэй байн бусдад
Үнэхээр тусыг бүтээх нь бодьсадын мөрдлөг юм.
37. Энэ мэт хичээн хураасан буянаа
Эх болсон амьтдын зовлонг арилгахын тулд
Гурван орчлон, үнэхээр ариун билгүүнээр
Гэгээрэлд зориулах нь бодьсадын мөрдлөг юм.
Судар тарни, шаштируудад айлдсан номлол
Дээдсүүдийн айлдсаныг даган хэрэгжүүлэх
Бодьсадва нарын гучин долоон мөрдлөгийг
Бодьсадва замаар замнахыг хүсэгчдэд зориулав.
Мэдлэг тааруу ухаан дорой
Мэргэдийг баясгах найруулга муу боловч
Ганжуур, дээдсийн номлолд түшиглэсэн учир
Бодьсадын мөрдлөг алдаагүй болсон гэж бодно
Гэвч бодьсадын явдал агуу учир
Ухаан дорой над мэт эцэст нь хүрэхэд бэрх
Харшилсан, тохироогүй тэргүүтэн олон зүйлсэд
Ухаант мэргэд бээр уучлан хүлцэгтүн
Хураасан энэхүү буянаар бүх амьтан
Харьцангуй, туйлын гэгээрэх дээд сэтгэлээр
Орчлонтой зохицон, захад үл оршин
Жанрайсиг бурхантай адил болтугай.
URL: