Өлсгөлөн зарлаж бие нь муудаад байсан Л.Гансүх батлан даалтанд гарав
АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 29-нд буюу мягмар гаригийн орой Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гурван залуугийн хамт баривчлан Төв аймгийн урьдчилан хориход саатуулсан билээ. Түүнийг хоригдсоны дараа өмгөөлөгчид АТГ-ын саатуулан шалгах болсон шийдвэрийг хууль бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг нь буруутгасан юм.
Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа хэмээн хэвлэлээр тарсан. Энэ мэдээллийг худлаа мэдээлэл хэмээн түүний өмгөөлөгчид буруутгаж байсан. Тухайн үед өмөөлөгчид тайлбарладхдаа, “Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүүлэхдээ нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөрт Засгийн газар гарын үсэг зурснаас Л.Гансүх гэдэг хүн ямарч шийдвэр гаргах эрхгүй. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан болохоос ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргах эрх мэдэл энэ хүнд байгаагүй. Мөн нэг тонн нь 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллынхон 80 мянган төгрөгөөр авсан. Гэр хорооллынхонд дор хаяж 120 мянган төгрөгийн хямдралтай нүүрс олгох ажлыг хариуцаж ажилласных нь ингэж хэлмэгдүүлж болохгүй” хэмээн өмгөөлөгч Л.Цэндсүрэн хэлж байсан удаатай.
Тэгвэл, Л.Гансүхийн хувьд өөрийгөө гэм буруугүй гэж олон дахин хэлж, батлан даалтад гарах хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. Гэвч түүний хүсэлт бүрийг шалгаж буй АТГ-аас хэрэгсэж үзэлгүй хорьсоор байсан билээ.
Мөн тэрбээр нүүрс хөтөлбөртэй холбогдуулан маш олон гэм зэмгүй ажилчдыг дуудан байцааж, хэрэгт холбогдуулан шалгаж, баривчилсан асуудлыг тэр бас эсэргүүцэж, өнгөрсөн 10-р сарын 14-ний өдөр өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд энэ бүх хууль зөрчсөн, хэлмэгдүүлсэн гэмт үйлдлүүд дуусах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм.
Үүнээс хойш Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг үргэлжлүүлэн хорих эсэхийг магадлах шүүх хурал 26-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд болсон. Шүүх хурлын үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өөрийн үйчлүүлэгчээ гэм буруугүй гээд АТГ-аас түүнийг цагдан хорьж, шалгахгүйгээр гадуур байцаах боломжтой хэмээн тайлбарлаж, түүнийг батлан даалтанд гаргахаар болсоэ билээ.
Ийнхүү суллагдахын тулд өлсгөлөн хүртэл зарласан Л.Гансүх батлан даалтад гарсан юм. Тэр хорихоос иймэрхүү байдалтай гарч ирсэн нь TV5-ын дуранд буужээ.
Дашрамд дурдахад Л.Гансүх зөвлөх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. Түүнийг батлан даалтад гаргасан тул цаашид гадуур шалгах бололтой.
chuhal.mn
URL: