АН-ын бүлэг хуралдах гэж байна, Ерөнхий сайд “дахаа” тайлах нь үнэн болов уу

zaluu_5451a16e28ec4_1Яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдах гэж байна. Хурлыг Ерөнхий сайд, АН-ын дарга өөрөө зарлан хуралдуулж байгаа аж. Үүнийг өчигдөржин “Их тэнгэр” цогцолборт Төрийн гурван өндөрлөг “цай ууж” өнжсөнтэй холбон тайлбарлахгүй байхын аргагүй. Эх сурвалжаас авсан мэдээллээр, “тулгын гурван чулуу”-ны маань зөвшилцөл Н.Алтанхуяг Ерөнхий сайд хэвээр үлдэж, АН-ын даргын ажлаа өгөх нь гэсэн хувилбарт хүрээд өндөрлөжээ.

Гайхалтай хувилбар. Ерөнхий сайдаар үлдэхийн тулд намынхантайгаа үл зөвшилцөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай 10 жилийн гэрээ байгуулаад “азаартсан” тэрбээр энэ удаад АН-ын даргын ажлаа өгчих ам өчиг өгчихөөд ирсэн нь үнэн болов уу.

Энэ мэдээг сонсоод Ерөнхий сайд маань гурван давхар дээлтэйг сая санав. Гурав дахь нь АН-ын дарга буюу “санасандаа хүрдэг” хамгийн шидтэй зэмсэг буюу дах нь юм л даа. Хайруу өвлийн хүйтэнд дахаа тайлж хаячихаад хариуцлагаас мултрахыг нь харин намынхан нь зөвшөөрөх болов уу. Энэ удаа тэрбээр асуудлыг дахиад л ганцаараа шийдчихлээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан “давхар дээл”-ийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Дан, давхар дээл ярьж хаваржин ажил хийлгэсэнгүй. Ерөнхийлөгч хээрийн сургуулилт хийе гэж байхад та нар дайн болгочихлоо” хэмээн сүржигнэж байсан. Мөн надаас бусдынх нь давхар дээлийг тайлах гэж байхад та нар л өөрсдөө чиг үүргийн сайд нарыг нэмсэн шүү дээ” хэмээн омогдсон. Харин одоо УИХ-ын 28 гишүүн өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулахаар гарын үсэг зураад хэлэлцэх асуудлыг намын бүлэг нь гацаачихаад байхад “Би намын даргын ажлаа өгье” гэсэн нь үнэн болов уу.

Хэрэв үнэн бол дахиад л бөөн асуудал үүснэ. Юуны өмнө түүнийг намын даргаар ажиллуулах эсэх асуудлыг тус нам дүрмийнхээ дагуу хэлэлцэж таарна. Лав л УИХ-ын чуулган АН-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёсгүй. Гэтэл хуульд “УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болно” гэж Н.Алтанхуягийн “шинэ найз” Н.Энхбаярынх нь “оргил өөд” авирах үедээ санаачлан оруулсан заалт бий.

Түүнчлэн Н.Алтанхуяг жагсаалтаар нэр дэвшигчийн хувьд АН-ын даргын ажлаа өгчихвөл УИХ-ын гишүүн байх асуудал яах вэ. Арай нэг дор “хоёр дээл” тайчин золиослоод ч атугай Ерөнхий сайд хэвээрээ үлдэхээр сүүлчийн хүчээ шавхсан юм биш биз.

Д.Мөнхмаа

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих