Баялагтай Монголын ард түмэн зээл, хүү, алданги, өрөнд ядуурсаар л…

20141030013047Ядуу монголчуудын өрөв­дөлтэй амьдрал да­хиад л үргэлжилсээр. Нэ­гэн танилд маань арван сая төгрөг хэрэг болоод түүнийгээ хайж хэр­хэн явсан тухайгаа “өнгөт”-өөр нь ярилаа.

Тэрбээр 10 сая төгрөг хайж ойр дотны найз нөхөд, ахан дүүсээсээ асууж сураад ололгүй арга мухардан өөр арга сүвэгч­лэхээр шийдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, байраа урт хугацааны зээлээр авсан учраас барьцаалан зээл авч болохгүй аж.

Тиймээс унаж яваа автомашинаа барь­цаалж зээл авахаар болж, намайг хамтдаа явж өгөхийг хүссэн юм. Бид авто­машинаа барьцаалан орхиод мөнгө зээлэх, эсвэл автомашинаа унангаа зээл авч болох боломжийн аль алийг нь судлав.

Ингэж явах зуур найз маань “Ээ бурхан минь, монголчууд ингэтлээ ядуур­сан юм гэж үү. Энэ зээ­лийн хүү нь ямар аймаар өндөр юм бэ” хэмээн дуу алдсаар явлаа. Түүний ингэх шалтгааныг би хэлүүлэлт­гүй ойлгож байв.

Учир нь очсон газар бүр зээл хүссэн иргэдийн уртаас урт дараалал, үнэлгээг нь голж ахиу үнэлүүлэх гэсэн “гуйлгын харц”, хугацаа хэ­тэрсэн хэмээн алданги төлж буй зээлдэгч гээд түү­нийг хямраах зүйл бидэнтэй мундахгүй олон таарсан.

Бид ч бараг л тэдний л нэг болсон доо. Учир нь найзын маань машин 2009 онд үйлдвэрлэгдэж, энэ оны долоодугаар сард Монголд орж ирсэн механик, “ориг” бензинээр ажилладаг “Sanota 6” маркийнх.

Тэрбээр машинаа өнөө жилийн улсын баяр наад­мын өмнөхөн 15 саяар авч, хөл дүүжлэх унаатай байхын сайхныг мэдэрсэн нэгэн. Тиймээс энэ сайхан унаанаасаа салчихгүйхэн шиг мөнгө олчих юмсан хэмээн толгойгоо гашилган яваа нь илт.

Энэ хүслээ биелүүлэхээр “Автомашинаа унан­гаа зээлээ ав” хэмээн рекламддаг ломбардыг зорив. Гэтэл үнэлгээ нь үнэхээр “хариугүй” юм аа. Тодруулбал, нийт үнийн дүнгийн ердөө 20 хувийг долоон хувийн хүүтэй, дөрөвхөн сарын хугацаатай зээлдүүлдэг юм билээ.

Тайлбар 1.

Өөрийн үнэ 15 сая төгрөг гээд бодохоор 20 хувь нь ердөө гуравхан сая төгрөг. Түүнийгээ дөрөв сардаа хуваахаар сар бүр 750 мянган төгрөг төлөх ёстой. Энэ бол зөвхөн үндсэн зээлээс хасагдах мөнгө. Түүн дээр долоон хувийн хүүг нэмж тооцвол сард нийт 900 гаруй мянган төгрөг төлөх ёстой гэсэн үг. “Үүнийг сард хоёр удаа хуваан төлнө” хэмээн ломбардын ажилтан учирлав.

Өөрөөр хэлбэл, өдий хэмжээний мөнгийг ийм болзолтойгоор зээлсэн хүн 15 хоног тутамд 450 гаруй мянган төгрөг төлөх юм байна. “Мөнгөө заавал хоёр хувааж төлөх ёстой юм уу, сардаа ганц удаа бөөн төлж болохгүй юм уу” хэмээн зэээлийн ажилтнаас лавлабал, “Заавал сард хоёр удаа эргэн тө­лөлт хийнэ” гэнэ. Энэ нь тэдний мөнгөө хурдан эргэлтэд оруулах арга нь биз.

Найзад маань үнэлгээ нь хэтэрхий бага, хүү нь хэт өндөр санагдсан тул бушуухан гарч одов. Тэрбээр “Надад 10 сая төгрөг хэрэгтэй. Гэтэл хэрэгцээтэй мөнгөнийхөө талд нь ч хүрэхгүй мөнгийг ийм өндөр хүүтэй авах боломжгүй. Төлөхөд ч хэцүү юм. Маньд бүү хэл, маниас чадалтайд нь ч ахадмаар юм. Хүү нь ямар өндөр юм бэ. Машиныг эзэнд нь эзэмшүүлж байгаа болохоор хүү нь ийм өндөр юм байх даа” гэж халагласаар гарч ирэв.

Найзыгаа хараад үнэндээ өрөвдөв. Хэнд ч мөнгөний гэнэтийн асуудал үүсдэг шүү дээ. Ийм тохиолдол бүрт туслаад байх санхүүгийн боломжтой ах дүү, найз нөхөд тэр бүр ховор.

Ялангуяа улс орноороо эдийн засгийн хямралаас бүрэн гарч чадаагүй энэ үед ийм хэмжээний мөнгө халааслаад, эсвэл хадга­ламжиндаа хадгалсан хүн ч тун цөөхөн биз. Тиймээс найз минь аргаа барсандаа л ийм шийдвэрт хүрсэн байх. Түүнд үүнээс өөр мөнгө олох яаралтай арга байхгүй учраас бид дахиад л эрлээ үргэлжлүүлэв.

Машинаа унаад зээлээ авах тул ийм өндөр хүүтэй байгаа байх гэж бодоод, машинаа барьцаанд тавиад зээл авахаар энэ төрлийн зээл олгодог ломбардыг зорив. Урьд нь ийм төрлийн зээл авч байсан хүн хамгийн найдвартай нь “Сайн” ломбард хэмээн зөвлөсөн учраас бид тэднийхийг зорьсон юм. Өмнөх ломбардаа бодвол хүү нь харьцангуй гайгүй боловч найзад маань түүнээс ч таагүй мэдээ дуулгав.

Тодруулбал, түүний машиныг авахгүй гэсэн. Тиймээс найз минь өөрийн машинаа дүүдээ унуулж, зөрүүд нь дүүгийнхээ авто­машиныг барьцаанд тавьж, зээл авахаар болов. Дүүгийн нь автомашин 2008 онд үйлдвэрлэгдэж, энэ онд Монголд орж ирсэн “Prius-20”.

Ийм ма­шиныг барьцаалан 5.5 ху­вийн хүүтэй, найман сая төгрөгийн зээл олгох бо­ломж­­тойг хэлэв. Мөн барь­­цаанд тавьсан машиныг өдрийн 1000 төгрөгийн төлбөртэй зогсоолд тавь­даг. Түүний мөнгийг ч зээл­­­дэгчээр өөрөөр нь тө­лүүл­дэг гэв. Харин бүр­дүү­лэх мате­риалын хувьд авто­­­машин эзэмшигч өөрийн биеэр ирж, иргэний үнэм­лэх­тэйгээ ирэхэд л болно гэв.

Тайлбар 2.

Найман сая төгрөгийг 5.5 хувийн хүүтэй зээлнэ гэж бодохоор сар бүр 440 мянган төгрөг төлнө. Түүн дээр нь 30 хоногийн зогсоолын мөнгө хэмээн 30 мянган төг­рөгийг сар бүр төлөх юм байна. Ингээд нийт 470 мянган төгрөг төлөх болно.

Өмнөх ломбардаа бодвол, сард хоёр удаа төлбөр төл­нө, төлөх мөнгө нь их хэмээн санаа зовних нь харьцангуй бага ч хугацаа хэтэрсэн тохиолдолд өд­рийн алдангийг үндсэн зээлийн 0.5 хувиар тооцно гэх нь айхавтар санагдав.

Тодруулбал, найман сая төгрөгийг 5.5 хувийн хүү­тэй зээлээд сар бүр 470 мянган төгрөг төлнө, зээлээ төлж байх үедээ хугацаа хэтрүүлбэл, өдөрт 0.5 хувийн алданги буюу өдрийн 40 мянган төгрөгийг нэмж төлөх юм. Хэрвээ таны зээл төлөх хугацаа тав хоног хэтэрсэн тохиолдолд төлөх ёстой 470 мянган төгрөгөн дээрээ нэмж 200 мянган төгрөг төлөх юм байна.

Үүнээс үзэхэд, монгол­чууд өндөр хүүтэй зээл, түүний хүүнд дарлуулдаг байсан бол одоо алдангид “дар­луулдаг” болж. Пүүз, нөүтбүүк, гар утас, үнэт эдлэл, автомашины гээд аль ч төрлийн ломбард хугацаа хэтэрсэн барааг худалдана хэмээн уртаас урт жагсаалт гаргадаг болсныг өмнөх сурвалжлагадаа дурьдсан билээ.

Энэ удаа ч мөн л ийм зүйлтэй таарав. Зорьж очсон, хальт ороод гарсан бүх л ломбардад автомашин худалдана гэсэн өнөөх жагсаалт өлгөөтэй харагдаж байв. Ломбардын ажилтнууд ч “Та хугацаандаа машинаа аваарай, чадахгүй бол ядаж сунгаарай. Манай алданги өндөр шүү. Машинаа алдсан хүн олон шүү” хэмээн ахин дахин анхааруулж байв.

Аргаа барсан хүн л унах унаагаа барьцаалан зээл авч, эцэстээ түүнийгээ төлж чадахгүй алдаж байгаа. Бас нэгэн өөр танил минь автомашинаа барьцаалан зээл авчихаад, хүү, алдан­гийг нь дийлэхгүй байсаар ма­шинаа ломбардын өмч болгосон. Ийм тохиолдол зөвхөн миний эргэн тойронд л 2-3 байгаа гээд бодохоор хэчнээн хүн ийм байдалд орсныг тоолох ч аргагүй юм.

Энэ бүхэн ядуу Монголын зүдэрсэн иргэдийн амьд­ралын нэгэн дүр зураг болоод байна.

 
М.Уянга

Agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих