Браво, баярын шинэ жишиг
Манай оронд баярын өмнө болоод хойно хэн хүнгүй зовлонд дайрагдсан мэт болчихдог нь сонин. Тэмдэглэлт баяруудын дараа өр зээлэнд хэрэгдчихсэн хүмүүс мөнгө л ярьж яваа харагддаг. Учир нь баяр бидний амьдралд дарамт нэмээд байдагт байгаа юм.
Уг нь бол аливаа тэмдэглэлт баяр, ой гэдэг дангаараа дарамт биш л дээ. Үндэстний онцлог, элдэв бахархалт үйл явдлаа тэмдэглэх нь аль ч улсад байдаг бөгөөд хүн бүр зүй ёсоор хүлээж авдаг зүйл.
Гадаадын орнуудад баяр ёслолын үеэр аливаа худалдаа, үйлчилгээний байгууллагууд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг салам хямдруулдаг. Иргэд нь хямдарсан үнээр бүтээгдэхүүн худалдан авч тансаг, өнгөлөг, өргөн дэлгэр найрладаг даа.
Харин манайд эсрэгээрээ апиваа баярын өмнө барааны үнэ огцом нэмэгддэг. Энгийн үед таван хонь авах мөнгөөр цагаан сараар ганц ууц авах бол наад захын хэрэг. Ийм л байдалтай байлаа.
Гэтэл нийслэлийн 375 жилийн ой өнөөдөр тохиож байна. Байгууллагууд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг огцом буулгажээ. Автобус үйлчилгээний компаниуд энэ өдөр 200 төгрөгөөр үйпчилж байна. Кино театрууд үзвэрээ 50 хувь буулгалаа.
Музей үнэгүй ажиллаж байгаа. Түүний дээр их хотын хямдрал нэртэй нэгдсэн арга хэмжээ болж байна. Энэ хүрээнд 100 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож бараагаа 20-50 хувь хямдруулжээ. “Дархан нэхий”, “Буян”, “Вest Shoes”, “Эксклюзив”, “Боса” зэрэг байгууллагууд бараагаа тал үнээр л худалдаж байна.
Автобус, музей нь байг гэхэд дандаа хувийн хэвшлийн компаниуд дэмжиж нэгдсэн нь сайхан. Зөв зүйлийг уриалбал үр дүнд хүрч болдогийн жишээ энэ. Мөн баяр, тэмдэглэлт ойгоор бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг биш буурдаг зохистой жишиг тогтлоо. Баярын шинэ жишигт баяр хүргэе.
Ж.Энх
Эх сурвалж: Нийслэл таймс
URL: