Мобиком дархлааны хувьд хэрэглэгчдийнхээ өмнө хүнд цохилтод орлоо
“Мобиком” корпораци хэрэглэгчдийнхээ нууцлалыг хэрхэн хамгаалдаг вэ гэх асуудал тэднийг хүнд цохилтод орууллаа. Учир нь тэдний үйлчилгээний үнэ цэнэ нь бизнесийн тулгуур зарчим болсон итгэл хүлээх байдал, хэрэглэгчийн дархлаа буюу аюулгүй байдалд оршиж байсан. Энэ бол үйлчилгээний төлбөрийг үл харгалзан тэднийхийг сонгосон шалтгаан билээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүдийн дугаараас иргэд рүү хуурамч мессеж явуулсан тухай яригдсан. УИХ-ын гишүүд болон сайд нарын дугаараас “Хятад царигаар хилээ сэтлүүлж, Хятад банкаар барьцаалуулж, гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү” гэсэн мессежийг ард иргэдэд явуулсан байдаг. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан явдал хэмээн үзэж, УИХ-ын дарга ТЕГ-ын дарга Б.Ариунсантай холбогдож энэ асуудлыг шалгуулахаар болсон юм.
Өөрийнх нь дугаараас иргэд рүү хуурамч мессеж явсан асуудалд УИХ-ын гишүүд бухимдалтай хандаж байсан юм. Тиймээс УИХ-ын гишүүн А.Тлейхан “Мобикомд бусдын утаснаас мессеж явуулдаг тохиргоо байдаг бол тэрийгээ даруй зогсоох хэрэгтэй. Энэ бол хууль тогтоох УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг. УИХ-ын гишүүний өмнөөс хуурамчаар мессеж илгээж болж байгаа юм чинь иргэдийг өмнөөс бол өдөр бүр мессеж бичиж болох нь байна. Мобикомын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг газар байна уу, үгүй юу” гэсэн байдаг. Чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүд ийнхүү мэдэгдсэний дараа Мобиком корпораци яарч сандран мэдээлэл хийсэн юм.
Ингэхдээ “2014 оны 10 дугаар сарын 24 өдөр үдээс өмнө гадаад орноос Мобиком болон Монгол Улсын бусад үүрэн операторуудын зарим хэрэглэгчдийн утасны дугаарыг ашиглан улс төрийн асуудлаар дайрч давшилсан утга бүхий мессеж илгээсэн хууль бус явдал гарсан билээ.
Мобиком Корпорацийн зүгээс энэхүү үйлдэлд онцгой анхаарал хандуулан, шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд мессеж илгээсэн эх үүсвэрийг олж, тогтоогоод байна.
Бидний авсан шуурхай арга хэмжээний үр дүнд уг хууль бус үйл ажиллагаа явуулж буй этгээдийг үргэлжлүүлэн мессеж илгээхийг зогсоосон бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудад уг мэдээллийг өгч, бүхий л талаараа хамтран ажиллаж байна. Манай улсын бусад үүрэн операторуудад энэхүү үйл явдал мөн нөлөөлсөн бөгөөд тэд ижил төрлийн арга хэмжээг авч байгаа болно.
Юуны өмнө уг үйл явдал нь манай компани дээр хадгалагдаж буй хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан, задруулсан, ил болгосон асуудал огт биш юм. Манай компанийн сүлжээ нь хамгийн найдвартай харилцаа холбоо болон мэдээллийн технологийн төхөөрөмжөөр тоноглогдсон тул хэрэглэгчийн хувийн мэдээллийг аюулгүй байдлыг бүрэн хангасан болно.
Манай компанийн сүлжээний мэргэжилтнүүд энэхүү мессеж нь Румын Улсын Водафон үүрэн операторын сүлжээнээс ирсэн болохыг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар Румын Улсаас ирж буй бүхий л хөдөлгөөнийг хязгаарласан болохыг дуулгахад таатай байна. Бид Румын Улсын Водафон болон Мальта Улсын үүрэн холбооны операторын үйл ажиллагааг судлаж байгаа бөгөөд уг мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн болно” гэж байсан.
Үнэндээ бол Монголын хамгийн том үүрэн холбооны оператор гэж өөрсдийгөө өргөмжилдөг “Мобиком” хэрэглэгчдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалсан байх учиртай. Гэвч тэд хэрэглэгчийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадсангүй. Тиймээс өөрсдийгөө өмгөөлж хамгаалах мэдээлэл хийхээсээ өмнө хэрэглэгчдээсээ уучлалт гуйх ёстой байсан. “Мобиком” корпораци одоогоор УИХ-ын гишүүдээс уучлалт гуйгаагүй байна. Угтаа бол “хүлцэл өчих” нь тэдний үйлчилгээний соёлын нэг хэлбэр төдийгүй алдаагаа засах нэг боломж юм. Дээрээс нь жирийн иргэдээс ч уучлалт гуйж, ахиад ийм алдаа гаргахгүй байх тал дээр анхаарахаа амлаж болох талтай. Гэвч тэгсэнгүй.
Тус корпорацийн дэд захирал М.Энхсайхан нь Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгдийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан хэмээн мэдэгдсэн. Ингэхдээ нийт 20 хэрэглэгчийн дугаарыг ашигласан гэх. 20 хэрэглэгч нь манай төрийн түшээд. Яг үнэндээ “Мобиком” корпорацийнхан хакардуулж, мэдээлэл алдсан мэт харагдаж буй. Гэвч тус корпорацийн удирдлагууд ”Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй хэмээн мэдэгдэж сууна. Алдааг тодорхой болгохын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллаж байгаа гэсэн. Учир начрыг олж мэдэхийн тулд хичээж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эрхэм гишүүд болон энгийн хэрэглэгчдээсээ хүлцэл өчиж, уучлалт гуйхад буруудаад байх зүйл байхгүй л байгаа юм. Энэ бол үйлчилгээний соёл. Мөн хэрэглэгчдээ хүндэлж буйн илрэл. Гэвч “Мобиком” хэрэглэгчдээ үл хүндэтгэн, өөрсдийгөө зөвхөн мэлзэх аргаар л өмгөөлж хамгаалахыг урьтал болгосон нь харамсалтай.
Н.Чинзориг
URL: