СОНДГОЙ ҮГС

69Улстөрчийн үг хамгийн хариуцлагатай байх учиртай. Гэтэл улс төрийн үйл явдал халуун болохын хэрээр манай улстөрчид хамгийн хариуцлагагүй үгийг хэлж байна. Гэхдээ энэ нь санаандгүй хэлсэн “амны алдаа” юу, санаатай хэлсэн бодит үнэн байвуу гэдгийг ялгаж салгах бодит мэдээлэл үнэндээ алга. Итгэх, эс итгэхэд бэрх, эргэлзмээр эдгээр сондгой үгсийн зарим жишээг дор тоймлов. Энэ бол сүүлийн хоёр долоо хоногийн үйл явдал тойрсон үгс юм.

Өв
Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ:
“Бид Чингис, Самурай бондын мөнгөе бүтээн байгуулалт руу хийчихлээ. Яах вэ, тэгээд бондын энэ өрийг бидний үр хүүхдүүд төлчихнө л дөө.”
/УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
Тайлбар: АН 2012 оны сонгуульд “Олуулаа хөгжих үү, цөөхүүлээ хөлжих үү” “Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжье” гэсэн уриатай орж хамгийн олон суудал авсан билээ. Харин олуулаа, хойч үедээ өр үлдээнэ гэж хэлээгүй, амлаагүй.

Бонд уу/фонд уу
УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР:
“Хөгжлийн банк бондын эх үүсвэр болох 277 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авч цалин тэтгэвэр тавьсан байна. Засгийн газрын алдагдлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлжээ”.
/2014 оны аравдугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын хуралдаан/
Тайлбар: УИХ-ын 52 дугаар тогтоолд зааснаар бондын эх үүсвэрээр төсвийн алдагдлыг санхүүжүүпэхгүй, нийгмийн халамжинд зарцуулахгүй гэж заасан байдаг юм. Гэтэл МАН-ын гишүүд бондын мөнгийг Засгийн газрын фонд болгож ашиглаж байна гэж мэдэгдэв.

Хогны уут өөрөө хог
Нийслэлийн Засаг дарга Э.БАТ-ҮҮЛ:
“2015 оны төсвийн төсөлд 330 гаруй тэрбум төгрөгийн зардлыг нийслэлд хариуцуулахаар өгсөн. Энэ бол нийслэлийн эдийн засгийг маш хүнд байдалд оруулсан шийдвэр. Хэрэв энэ төсөв УИХ-аар батлагдах юм бол нийслэл багш, эмч нарын цалинг тавьж чадахгүй. Хэрвээ энэ чигээр нь баталбал ирэх дөрөвдүгээр сар хүртэл л цалин тэтгэврийг тавих боломжтой”.
/Gogo.mn “Нийслэлийн төсөв маргаан дагууллаа” нийтлэлээс/
Тайлбар: Ерөнхий сайд энэ сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэхдээ, “хотын төсвийг нэмж өгье. Хогийн уутаа тараана уу, замын хашлагаа засна уу өөрсдөө мэднэ биз” гэв. Нийслэл хогны уутанд зориулж жилд дунджаар таван тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Замын хашлага, засварын ажилд ч ийм хэмжээний хөрөнгө зарж байна. Тэгэхээр хямралтай байгаа энэ үед тансаглалаа танаж, хогны уутанд зориулдаг таван цэцэрлэг барих хэмжээний энэ мөнгөө цалин тэтгэвэрт зарцуулна гэвэл Ерөнхий сайдын санаа зөв ч байж мэдэх юм. Тийм ч учраас өөрөө хог болох хогны уутаа тараана уу, өөрсдөө мэд гэж хэлсэн биз ээ.

Өр
УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАН:
“Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-д заасан хэмжээнээс хоёр дахин их болж Монгол Улсад шинээр мэндэлж байгаа нэг иргэн, өлгийтэй хүүхэд 6800 ам.долларын өрөнд орж байна”.
/”Өдрийн сонин”-ий аравдугаар сарын 24-ний өдрийн дугаар/
Тайлбар: Монгол Улс шинээр мэндэлсэн хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг нэг удаа, 0-18 нас хүртэл нь сар бүр 20 мянган төгрөгийг өгдөг байснаас биш өр бичиг барьж угтдаггүй байлаа.

Төвбанкны онош
Монголбанкны ерөнхийлөгч Н.ЗОЛЖАРГАЛ:
Манай улс “Голланд өвчин” гэгчид нэрвэгдсэн болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тоосон ч шинжгүй чуулганы танхимаас хэлж сууна.           /http://politlcsnews.mn/
Тайлбар: Засгийн газар эдийн засгаа аврах, сэргээхээр “ЭЗЭН-100″ хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл харин ч өвчнийг нь хүндрүүлж, оношийг нь тодорхойгүй болгосон бололтой. Учир нь, уг хөтөлбөр эхэлж байх зургадугаар сард манай улсын эдийн засаг 10 орчим хувийн өсөлттэй, инфляц 11 хувь, ам.долларын ханш 1800 төгрөгтэй тэнцэж, нэг тонн коксжих нүүрсээ 70 ам.доллараар экспортод гаргаж байв. Гэтэл енеөдөр эдийн засгийн өсөлт 5, инфляц 15 хувь, ам.долларын ханш 1850 төгрөг, нэгтонн коксжих нүүрсний үнэ 30 ам.доллар болж унажээ.
Баабарын бухимлал
Нийтлэлч Б.БААБАР:
“ЗХУ задрахыг, коммунист нам нь хориглогдохыг, архаг коммунист Гомбожов АН-аас нэр дэвшихийг, Д.Арвин АН-ын гишүүн болохыг үзлээ. 2017 онд Н.Энхбаяр АН-аас ерөнхийлөгч болохыг үзээд л үхьө”
/2014 оны аравдугаар сарын 19-ний “@baabarniitlelch” твиттер хуудсанд/
Тайлбар:  Н.Алтанхуяг,  Н.Энхбаяр нар АН,  МАХН-ыг 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд, мөнхийн дайсан, мөнхийн нөхөр  байдаггүй улстөрийн өнөөгийн орчинд Баабарын энэ таамагийг огт үгүйсгэх бас боломжгүй юм.

 

Э.МӨНХЦЭЦЭГ Т.УРТНАСАН

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих