Шинэ сурах бичиг буюу хулгайн ажил
Энэ хичээлийн жилд шинээр зохиосон 12 жилийн долдугаар ангийн ”Физик I” сурах бичгийн агуулгын шүүмжийг саяхан та бүхэнд хүргэсэн. Тэгвэл энэ сурах бичгийг хэрхэн зохиосон тухай нэмж өгүүлье. Жилийн жилд БШУЯ-наас сурах бичгийн зохиогчийн баг шалгаруулах нэрийн дор хэдхэн хүнд онцгой эрх эдлүүлэх болсон бөгөөд энэ жилийн долдугаар ангийн физикийн сурах бичгийн багийн ахлагчаар дахиад л өнөөх МУИС-ийн ФЭС-ийн тэнхимийн эрхлэгч М.Ганбат гэгч шалгарсан байдаг. Түүний ахалсан баг энэ зун дээрх сурах бичгийг яаж хийсэн аргыг олон нийтэд сонирхуулах нь зүйтэй болов уу. Зөвхөн энэ бус, нийт сурах бичгийн хувь тавилан хэдхэн хүний гарт орж, сурах бичгийн хөгжилд саад болсоор байгаа юм.
М.Ганбат ахлагчтай зохиогчийн баг долдугаар ангийн физикийн сурах бичгийг хийж байгаагаас харвал тэд эхлээд өмнө нь манайд хийж байсан болон гадаадын сурах бичгүүдээс шинээр хийж буй номынхоо бүлэгт тааруулан сэдэв сэдвээр нь хуулж орчуулан, зүс хувиргасан материал бөөгнүүлж авдаг аж.Монголд их, дээд сургуулийн багш нар оюутнуудаа чөлөөтэй ашиглах, хувийн ажилдаа зарах эрхтэй учраас хамаг муу ажлыг тэднээр гүйцэтгүүлдэг юм. Өөрөөр хэлбэл оюутнууд багшийнхаа өмнөөс юу ч хэлж чадахгүй учраас залхуутай механик ажлыг нь хийж “сайн шавь” гэгдэнэ.Үүнийгээ тэд багш, шавийн барилдлага гэж бахархана.Оюутан биш, шавь болчихдог учраас өөр яая гэх вэ. Зохиогчийн багийн ахлагч М.Ганбат сурах бичгээс ч том семинар зохион байгуулж, төсөл хэрэгжүүлдэг учраас ихэнхдээ чөлөө завгүй, хаа ч явсан том төсөл, мөнгө ярьж, гар утаснаасаа байнга зүүгдээстэй явдаг нэгэн.
Энэ жилийн сурах бичгийг бэлэн болгох үүргийг М.Ганбат өөртөө биш, эхнэртээ шилжүүлсэн учраас сурах бичгийн зохиогчоос ер дутахгүй нөхрийнхөө нэр алдрыг бодон шүд зуусаар хөөрхий эмэгтэй энэ ажлын ард гарсныг ойр тойрны хүмүүс нь шагшин магтацгаасан гэнэ. Мэдээжийн хэрэг цаана нь ноён Ганбат шөнө орой унтах завгүй эхнэрийнхээ хийсэн ажлыг давхар шалган, онц дүн тавьж, шагнаж урамшуулдаг биз.
болох хугацаа дуусч, ахлагч М.Ганбат хамаг юмаа цэгцэлсэн хойноо шинээр бичих ёстой байсан сурах бичгийнхээ бүтэн нэг бүлгийг таг мартчихсан цохиж явтал гэнэт хэвлэлийн газрын гярхай нэг залуу аминд нь орж, номын хуудасны тоо гүйцэхгүй, сох дутаж байгааг түүнд сануулжээ. Гэвч ноён Ганбат тоосон шинжгүй, шууд л шавь нартаа үүрэгдэж, дасгал хураамжийн нэг ном цүнхнээсээ гаргаж ирээд, “эндээс хуулаад гүйцээчих” гэж бүхэл бүтэн нэг бүлэг хичээлийг тийнхүү оромдсон аж. Шавь нар нь ч түүний хэлсэн ёсоор тэр дор нь хуулаад, хаягдсан хуудсуудыг дүүргэж орхисон юмдаг.Сурах бичиг бэлэн болдог товч түүх гэвэл нэг иймэрхүү.Яам, тамгын газарт зохиогч нарын юугаар юу хийчихээд, шинэ сурах бичиг гэж түүнийгээ нэрлээд явааг сонирхох хүн үгүй. М.Ганбат гэж энэ хүн лав сүүлийн арваад жил физикийн сурах бичгийг энэ мэт аргаар хийж ирсэн юм. Түүний зохиогчийн баг доктор, профессоруудаар дүүрэн, бараг л арваад хүний нэрийг сурах бичгийн эхний хуудаст жагсаасан атал тэдний бичсэн гэх энэ сурах бичигт нэг ч физикийн томъёо ороогүй нь хачирхалтай. Физик гэдэг шулуухан хэлэхэд томъёо гэсэн үг шүү дээ. Гэтэл манай доктор, профессорууд ийм ном зохиолцсон нэр зүүгээд, ард түмний хүүхдүүдийг ноён Ганбаттай хамт хуурч явдаг нь гайхмаар. Бид XXI зуунд амьдарч байна. Гэтэл физикийн анхны мэдэгдэхүүнгүй юм шиг доктор профессорууд үр хойчдоо харах царайнаасаа бүдүүлэг хийцтэй, нүд хуурсан сурах бичиг бичиж өгөөд сууж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэдэнтэй хэн ч хариуцлага тооцохгүй, тиймээс тэд энэ ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ. Дээр нь ямар ч багш, эцэг эх энэ байдлыг шүүмжилж гомдол гаргахгүй. Монголын боловсрол ийм хүмүүсийн балчиг намагт живж байна.
Энд бичсэнийг уншаад худал хуурмаг зүйл бичиж, мэргэжлийн болон хувь хүний нэр хүндэд халдсан гэж гомдол мэдүүлэхгүй л бол тэдний тухай энэ бүхэн үнэн байсан юм байна гэж уншигч та бодож болох нь. Бид нийтийн эрх ашгийн төлөө, боловсролын төлөө олон жил үргэлжилж буй бугшмал, шударга бус тогтолцоог өөрчлөхийн төлөө үүнийг бичих ёстой. Тиймээс бид энэ байдлыг БШУЯ-ны эрх мэдэлтэй хүмүүст албан ёсоор мэдэгдсэн, сайтдаа ч дээрх сурах бичигт анализ хийсэн тухайгаа тавьж, нийтэд хүргэсэн. Гэвч тоож байгаа хүн алга. Энэ бол манай боловсрол ялзралд орсныг харуулж байгаа хэрэг. Бид яаж үүнээс гарах вэ. Эсвэл ямар ч гарц үгүй юу, ямар ч эсэргүүцэлгүй ингээд дуусах гэж үү.
БАС НЭГ БАРИМТ БУЮУ АНГЛИ ХЭЛНИЙ СУРАХ БИЧИГ
Сурах бичиг зохиохоор БШУЯ-наас томилогдсон багийнхан чадвар муутай учраас өмнө нь манайд хэвлэгдсэн болон гадаадын сурах бичгүүдийг хуулж, шинэ сурах бичиг нэрээр гаргадаг туршлагын талаар дээр өгүүлсэн.Оюуны өмчийн энэ хулгайг анхаарч ажиллахыг сануулж саяхан манай ТББ тус яаманд албан бичиг илгээсэн юм. Гэхдээ энэ ажил зохиогчоор “томилогдсон” гэгдэх хүмүүсийн буруу гэхээс илүү яамны хэсэг хүмүүсийн ажилтай шууд холбоотой. Сурах бичиг зохиох нэрээр оюуны хулгай хийж байгааг англи хэлний сурах бичгээр дахин энд жишээ болгож байна.Хэдийгээр хувь хүний нэр төртэй холбоотой ч тэдний хийж буй ажлын нийгэмд болон бусдад учруулж байгаа хор хохирол их учраас тодорхой баримт түшиж бичих нь зүйтэй байх.
Боловсролын хүрээлэнгээс томилогдсон Н.Мира ахлагчтай баг өмнөх жилүүдийн сурах бичгээ хуулж, “шинэ сурах зохиосон” хэмээн хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн гэж үзэж болно.Манайд ажил их сайхан нэрээр сүртэй эхэлдэг ч сүүлдээ яасан нь бүү мэд таг болж, түүнийг асууж лавлах хүн гардаггүй нь хачин. Шинээр зохиож, хэрэглээд дөнгөж хоёр жил болж байсан ЕБС-ийн англи хэлний цогц сурах бичгүүдийг 2011 онд БШУЯ-ны түшмэл Н.Эрдэнэчимэг тушаал гаргуулж, бүгдийг өөрчлөхөөр болжээ. Гэтэл энэ сурах бичиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг сурах бичгийн өргөмжлөл авч, зохиогчид нь Британийн зөвлөлөөс олгодог “ELTons-2009” шагналын эзэн болцгоож, бүрэлдэхүүнээрээ тэд Лондон явцгаасан байдаг. Англи хэлний сайн сурах бичигтэй болох эрэлт хэрэгцээг харгалзан үзээд тухайн үед Соросын сан дэмжлэг үзүүлэн, манай Засгийн газраас ч томоохон ажил болгож ихээхэн мөнгө зарж, Оксфордын их сургуулиас тусгайлан мэргэжилтэн урьж ирүүлсэн удаатай. Ийнхүү уг сурах бичиг арваад жилийн турш үргэлжилсэн ажлын үр дүн болж байв. Тиймээс энэ сурах бичиг олон улсын номинацийн сүүлийн шатанд Польш, Кипр, Энэтхэг, Испани, Бахрейны бүтээлүүдтэй өрсөлдөж, тэргүүн байрт шалгарсан нь тохиолдлын аз байгаагүй юм. Олон улсын хэмжээнд чанарын шаардлага хангасан цуврал сурах бичгүүдийг нэг л өдөр яамны түшмэл Д.Эрдэнэчимэг гэгч “12 жилийн сурах бичиг”-тэй болно гэх нэрээр хуулбарлан, өөр хүмүүсийн нэрээр зүсийг нь хувиргаж, шинэ сурах бичиг хэмээн нэрийдэж оюуны өмчийн хулгай хийжээ. Харин өмнөх сурах бичгийн зохиогчийн бүрэлдэхүүнд байсан Н.Мира хуулбарласан сурах бичгүүдээ бусадтай хамтран өөрийн нэрээр гаргаж байгааг харсаар атлаа чимээгүй сууж байгаа уг сурах бичгийн жинхэнэ зохиогчдын өмнөөс бид энд ямар нэг зүйл нэмж өгүүлэх боломжгүй юм.
Зөвхөн сурах бичиг тойрсон асуудал ийм дүр төрхтэй, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч БШУЯ-ны бусад ажил ч үүнээс дээрдэхгүй байхад олон мянган багш, эцэг, эх мэдсэн ч мэдээгүй юм шиг чимээгүй сууцгаана.
“Боловсролын давалгаа”ТББ
URL: