Хүний наймаачид өлсгөлөн зарлалаа
Чингэлтэй дүүргийн шүүхээс мөрдөн байцаалтад хэрэг нь буцсан эгч дүү болох Н.Атартуяа, Н.Атархишиг нар “Цагдан хорих” төвд өчигдрөөс өлсгөлөн зарлажээ. Тэд тус дүүргийн шүүхээс гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.
Сануулахад эгч дүүс 2009 онд БНХАУ-ын Эрээн хотод хоолны газарт ажиллуулна гэж 16-17 насны зургаан охиныг хууран мэхлэж аваачин ашиг олох зорилгоор биеийг нь үнэлүүлсэн хэрэгт буруутгагдсан байна.
Тэдэнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.3 дахь хэсэгт зааснаар буюу бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож ашиг олох зорилгоор насанд хүрээгүй хүнийг биеийг нь үнэлүүлсэн хэрэгт сэжигтнээр татжээ.
Зарим эх сурвалжийн мэдээллээр хохирогч охид Дархан-Уул аймгийн харьяат бөгөөд 2009 онд Н.Атартуяа нарыг урд хөршид байхад нь “ Бид хятад очиж мөнгө олох сонирхолтой байна ирж аваач” гэсэн хүсэлтийг тавьж байсан гэнэ. Улмаар эдгээр охид 2009 оны зургаадугаар сард гадаад паспорт гаргуулж Замын-Үүд боомтоор Эрээний хот руу очиход нь Н.Атартуяа тосч авсан аж. Уг хэрэг илрэх болсон үндэслэл нь хохирогч охид 2010 онд Улаанбаатарт хулгай хийж яваад цагдаагийханд баригдснаар хүний наймааны золиос болсон гэж анх мэдүүлэг өгчээ.
Н.Түвшин
URL: