Хеликобактери ба хүүхэд!

Хеликобактерийн халдварыг зөвхөн насанд хүрэгчид л авдаг гэдэг бол буруу ойлголт юм. Сүүлийн үед бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн их өвчлөх болсон.

Хөгжиж байгаа орнуудын хувьд 10-с доош насны хүүхдүүд болон 50 хүртэлх насны том хүмүүсийн 80% орчим, өндөр хөгжилтэй оронд 15-30 хувь халдвар авсан байдаг. Дэлхийн нийт хүн амын 50% нь хеликобактерийн халдвартай гэсэн судалгаа байдаг ба уг халдварыг дэлхий нийтэд гэр бүлийн өвчин буюу чимээгүй тахал гэгдэх болсон.
Хеликобактери буюу H.Pylori нь 3 янзын хэлбэр буюу фенотиптэй. I фенотип нь ходоодны хөнгөн хэлбэрийн үрэвсэл, II фенотип нь ходоод гэдэсний шархлаа, III фенотип ньходоодны хавдар үүсгэдэг. Хеликобактерийн шалтгаантай эмгэгт ходоодны биж хамшинж, ходоодны архаг шархлаат үрэвсэл, ходоодны хатингарт үрэвсэл, шалтгаан тодорхойгүй ялтас эсийн багасалт, дээд гэдэсний шархлаа, сидеропенийн анеми, лимфома, гэр бүлийн хэн нэгэн нь хавдраар өвчилж байснаас үл хамааран ходоодны өмөнгөөр өвчлөх зэрэг орно. Манай оронд ходоодны өмөн нь хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд ордог. Тиймээс энэ халдвараас урьдчилан сэргийлэх болон оношилж, эмчлүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.
H.Pylori нь хүнд байдаг хэвийн бичил биетэн биш бөгөөд бусад халдварт өвчин үүсгэгчдийн адил эрүүл хүнд халдварлаж ходоодны салстыг эмгэгшүүлдэг нян юм. Уг нян нь хүний шүлсэнд ч хадгалагдах ба үнсэлцэх, хэрэглэсэн аяга таваг, бохирлогдсон болон удаан хадгалагдсан хоол хүнс, бохир гараар дамжин халддаг. Томчууд бид хүүхдээ хооллохдоо халбагатай хоолыг нь өөрөө амандаа үмхэх, зажилж өгөх, соска нь унахад эх, эцэг нь амандаа үмхээд эргээд хүүхдэдээ хөхүүлөх зэрэг үйлдлүүдийг хийх нь халдварыг шууд дамжуулж байдаг. Хүүхэд удаан хугацаанд халдвартай явахад төмөр дутагдлын анеми үүсч гемоглобин, гематокрит буурах магадлалтай. Гэхдээ халдварын эсрэг эмчилгээний дараа энэ байдал эрс сайжирна.
Уг бактери нь давстай эсвэл чихэрлэг орчинд илүү ихээр үржин орширч, хороо ялгаруулдаг.Тиймээс ходоодны хүчил ялгаралтыг их эсгэдэг хүнсний бүтээгдэхүүн , хоолны янз бүрийн амтлагч, соус , цэвэр сүү , түүхий ногоо , исгэлэн жимс, хэт чихэрлэг зүйл , газтай ундаа , өөх тостой мах, архи,тамхи зэргээс татгалзаххэрэгтэй. Манай оронд бас нэгэн халдвар авах нөхцөл байдаг. Энэ нь хоносон хоол халааж иддэг буруу зуршил байдаг. Хоносон хоолыг халаах тусам шөл нь өтгөрч, шим тэжээлийн чанар нь буурч, бактери үржиж, ямар нэгэн халдвар авах боломжийг бүрдүүлдэг. Тиймээс өрх бүр ам бүлдээ тохирсон хэмжээтэй, амттай, эрүүл чанартай хоол хийж байх хэрэгтэй. Болсон хоолыг тэр даруй идэх ёстой ба хадгалж удаан байлган, хонуулж болохгүй.
Дээр хэлсэнчлэн гэр бүлийн өвчин гэгддэг тул гэрбүлд хэн нэгэн уг халдвараар өвчилсөн бол гэр бүлийн гишүүдээ шинжилгээнд хамруулах хэрэгтэйг сануулъя. Мөн хүн тус бүр өөрийн аяга, халбагатай байх нь анхдагч урьдчилан сэргийлэлт болж чадна. Өвөг дээдэс минь эрт дээр үед өөрийн аягыг хэрэглэдэг байсан нь их олон учиртай байжээ. Одоо үед гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаараа нийтийн хоолны газруудаар их хооллодог болсон. Энэ нь мөн л халдвар авах эрсдлийг нэмэгдүүлнэ гэдгийг сануулахад илүүдэхгүй байхаа.

Халдвар авсан эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Халдварыг оношлоход доорх шинжилгээнүүдийг ашигладаг.
1. Серологийн шинжилгээ- Цусанд H.Pylori –н эсрэг биеийг үзэх ба тоон болон чанарын 2 янзын аргаар үздэг.
Чанарын аргаар шинжилгээний хариу -/+ гэж гарах ба энэ нь тухайн хүнд халдвар байна гэдгийг илтгэнэ. Эл арга нь хурдан хугацаанд хийгддэг тестийн арга бөгөөд шинжилгээний үнэн бодит байдалд баталгаа өгөхөд хэцүү юм.
Тоон аргаар шинжилгээний хариу нь ямар нэгэн тоон утга гарах ба хэвийн лавлах хэмжээтэй нь харьцуулан халдвар авсан эсэхийн тодруулна. Энэ арга нь дээрхийг бодоход их хугацаа зарцуулахаас гадна арай үнэн бодит байдал руу дөхөж очих юм.
Дээрх 2 арга халдвартай байна гэдгийг л үнэлэх боломж олгохоос биш яг тухайн үед халдварын зэрэг болон идэвхи ямар байгааг тодорхойлж чадахгүй юм. Анх удаа H.Pylori үзүүлж байгаа үед энэ аргыг сонгон өгнө. Харин эмчилгээний хяналтыг хийхгүй.
2. Уреаза тест- Ходоодны дуран хийж байх үед нь ходоодны салстаас тодорхой хэсгийг авч нянгаас ялгарах өвөрмөц ферментийг индикатор ашиглан тодорхойлно. Тиймээс нян идэвхитэй хэлбэрт байна гэж үзнэ.
3. Нян өсгөвөрлөх- Өвчтөний ходоодны салстаас авсан хэсэг, угаадас зэргээс бактериологи шинжилгээ хийдэг. Энэ нь 2-3 хоног зарцуулах, антибиотик эмчилгээ хийлгэсэн үед нян илрэхгүй байх сул талтай боловч, нянгийн халдварт хэрэглэх антибиотикийг сонгох боломж олгоно.
4. Өтгөнд нян илрүүлэх- Мэдрэг болон өвөрмөц чанар 99% .Энэ нь шинжилгээний хариунд төдий хэмжээгээр итгэж болно гэсэн үг. Нянгийн халдвар, идэвхийг тодорхойлохоос гадна эмчилгээ хийсний үр дүнг энэ аргаар үзэх хэрэгтэй. Үйлчлүүлэгчээс цус авалгүй зөвхөн өтгөнд нь үзнэ.
5. Амьсгалын сорил- Мэдрэг болон өвөрмөц чанар 99%. Үйлчлүүлэгчээс цус авахгүй, өтгөн авахгүй, ходоод дурандахгүй. Аргачлал нь маш хялбар, үйлчлүүлэгчид аюулгүй.Ердөө та 30 минутын зайтай нийт 2 удаа тусгай оношлогооны уут рүү үлээгээд л болно.Уг арга нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд нянгийн халдвар,идэвхийг тодорхойлохоос гадна эмчилгээ хийсний үр дүнг хянахад хамгийн зөв арга юм. Өтгөнд нян илрүүлэх болон амьсгалын сорил хийлгэх үедээ :
a) 2 долоо хоногоос дээш ходоодны хүчил бууруулах эм хэрэглээгүй байх
b) 4 долоо хоног дотор антибиотик хэрэглээгүй байх хэрэгтэй
c) Эмчилгээний үр дүн үзэх бол эмчилгээ дуусаад дор хаяж 4 долоо хоног болсон байх ер нь 8 долоо хоногоос хойш үр дүнг үнэлдэг.
Олон улсад сүүлийн гурван аргыг оношлогоонд хэрэглэдэг. Манай улсад эдгээр аргууд нэвтэрсэн хэрнээ төдийлэн үйлчлүүлэгч нар энэ аргуудаар шинжилгээ өгөхгүй байсаар байна. Энэ нь шинжилгээний үнэ өртөгтэй холбоотой байх шиг санагддаг. Гэвч өөрийн эрүүл мэндийн төлөө зөв, чанартай, найдвартай, үнэн бодитой, аюулгүй аргыг сонгох нь чухал юм.

Мэдээл бэлтгэсэн: Эмч М.Түвшинжаргал


URL:

Сэтгэгдэл бичих