Тавантолгойн хуваарилалт ба Хятад 40 хувь, Америк 24 хувь, Орос-Монгол 36 хувь

Тавантолгойд хөрөнгө оруулах гадаадын компаниудыг Монгол Улсын Засгийн Газар өчигдөр эцэслэн тодрууллаа. 18 удаагийн хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын Шинхуа  групп,  АНУ-ын Пибоди  энержи, Орос-Монголын хамтарсан консерциум гэсэн гурван талыг үлдээсэн байна. Тэгэхээр Тавантолгойд таван орны оролцоо бус хоёр хөрш болоод Америкийг оролцуулсан байдлаар шалгаруулалт явагджээ.

Ордын Цанхийн баруун хэсгийн 40 хувийг БНХАУ-ын Шинхуа  групп, 24 хувийг  АНУ-ын Пибоди энержи, үлдэх 36 хувийг  Орос-Монголын хамтарсан консерциум хамтран эзэмшихээр болсон гэж байна. Тус ордыг эргэлтэд оруулах чиглэлтэй Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Засгийн Газрын Ажлын хэсэг ийм байдлаар эцсийн хувилбараа бэлджээ. Тэд Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулсанаа кабинетын тэргүүн болоод бусад сайд нартаа бүрэн эхээр нь танилцуулаад, онцсайн дүнг авлаа. Тэд маш сайн төсөл боловсруулсан гэнэ. Гэхдээ төслийн сайн мууг УИХ нягтлаад, батлах эсэхээ шийдвэрлэнэ. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцуулсан Тавантолгойн гэрээний төслийг маргааш гэхэд УИХ-д өргөн барих гэж байна.

Хэлэлцээрийн явцад оролцогчдыг шигшиж замаас гаргасныг эрхэм та анзаарсан байх. Тухайлбал, Оросын тал тендерт манайхтай нийлж орж ирээгүй. Оросын Төмөр зам,  “СУЭК” НХК, Кореан Ресурс Корпорэшн тэргүүтэй  Солонгосын компаниуд, Японы Иточу, Сумитомо компаниудаас бүрдсэн консорциум орж ирсэн юм. Харин дээрх дүнгээс харахад Солонгос, Японуудад манай тал төмөр нүүр харуулж, хасчээ.
Ийм сонголтыг хийхийн тулд манай тал байр суурин дээрээ бат бөх зогссон гэж байна. Үр дүнд нь шалгарч үлдсэн хөрөнгө оруулагчид Монгол Улсад  500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөх болсон гэж байна.

Мөн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг өгөх гэнэ. Ямартай ч Хураангуй жагсаалтад үлдсэн  6 оролцогчоос гурав нь тунаж үлдээд байгааг дуулгаснаас хойш 6 хоногийн дараа тендерийн ялагчид бүрэн тодорлоо.

УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг үндсэн зарчим, удирдамжаа болгон  ажилласан Ажлын хэсэг    Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын 39, 40 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Төмөр замд төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Өмнийн говийн дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн парк, Гадаад бодлогын үзэл баримтлалыг стратеги, бодлоготой уялдуулж ажиллан үр дүнд хүрээд байгаа нь энэ юм байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консерциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх, бусад баримт бичгийн төслийг танилцуулахыг үүрэг болгосон.  УИХ-ын  40 дүгээр тогтоолын дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх, нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, шинээр барих эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн барилга, байгууламж, хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг шийдэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримтлах, үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг тохиролцох, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах ба байгаль орчны нөхөн сэргээлтийг бүх үе шатанд хэрэгжүүлэх, гадаад, дотоодын нэр хүнд бүхий компаниудын уул уурхайн салбарын туршлага, санхүүгийн чадамж, ирүүлсэн санал зэргийг харгалзан үзэхийг зарчим, удирдамж болгон ажилласан гэсэн.

Хэлэлцээрийн үр дүнд урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон гэж  байна. Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон байна. Түүнчлэн манай талаас тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцсон ийм үр дүнтэй ажилласнаа Ажлын хэсэг онцолж байна. Тэгэхээр энэ үр дүнг нь наадмаас өмнө хуульчилж өгөх нь парламентаас хамаарах асуудал. Маргааш хуулийн төслийг оруулах гэж байгаа нь наадам угтаж батлахын төлөөх алхам ч, УИХ-дахь намын бүлгүүд сонгуулийн хуулиас болж зөвшилцөж чадахгүй асуудал үүсгээд байгаатай уялдан гацаа үүсэх болов уу гэсэн асуудал бий. Ямартай ч харах л үлдлээ.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих