Үг чинь бүү өдөг, үйлдэл чинь бүү турхираг, Н.Энхбаяр аа
МАХН-ынхан аанай л итгэж ядан баярласаар байх шиг.
МАХН нэрээр намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор тус намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр өнгөрсөн хэдэн сарын турш боломжгүйг нь мэдсээр байж энэ нэрийг л авна гэж зүтгэсэн Энхбаяртнуудын “жүжиглэл”-д зохиомол үзэгч, хөгжөөн дэмжигчийн үүрэг гүйцэтгэж ирснээрээ хэдийнэ танил болсон хэдэн хөгшин эгээ л цэцэг барих нь холгүй тэврэлдэн золгоцгоох нь харагдлаа.
“Хүн байнга өөрчлөгдөж байдаг” хэмээн экс Ерөнхийлөгч мэдээллийнхээ үеэр оршил болгов. Тийм ээ, тэр өөрчлөгдсөн. Түүний үс ойрмогхон харснаас минь илүүтэй бууралтчихаж. Төрийн бүхий л өндөр дээд сэнтий дамжсан ноён Намбарын Энхбаяр хэлсэн, ярьсан, хийснээсээ хэрхэн мэлзэж, бултдагийг өнөөдрийн дүр төрх нь бэлхнээ гэрчилнэ. Тэгвэл тэр өчигдөр бүр хэдхэн хоногийн өмнө хэлж, ярьж байснаа нууж, далдлахыг оролдсон юм. Уугуул Монгол Ардын Нам нэрээ сэргээж, хийсэн бүтээл, хэлэх бахархлын гэрч МАХН нэрээ хүндэтгэн “сэтэрлэх” гэсэн намын нөхдөө “90 жилийн түүхтэй МАХН нэрийг голж, хаяж, солилоо” хэмээн тас гөрдөн, амар хялбараар “ашиг” хайхаар улайрсан тэд өчигдөр арай өөр зүйл ярьсан юм. Тэдний хувьд МАХН гэдэг брэнд нэр үнэндээ чухал байгаагүй гэнэ. Энэ намын 90 жилийн түүх ч падлийгүй гэнэ.
Гэтэл тэд энэ 90 жилийн түүхээрээ брэнд болтлоо дархлагдаж чадсан МАХН нэрэнд шунаагүй гэж үү. Энэ улс орны өнгөрсөн зууны түүхийн эс ширхэг бүхэнтэй хүссэн ч, эс хүссэн ч холбогдох МАХН нэрэнд эзэн суухаар санаархаагүй гэж үү. үнэндээ энэ нэрний төлөө Энхбаяртнууд үхэн хатан зүтгэсэн л биз дээ. Тэгж ярих юм бол та бүхэн золоор МАХН-тай зууралджээ гэж дотроо олзуурхах хэрэгтэй. Учир нь энд МАХН гэдэг нэр байгаагүй бол Монгол Улсын бүртгэлд 19 дэх улстөрийн хүчин мэндлэх эсэх нь тийм ч сонин биш. Гэхдээ өнөөдөр падлийгүй гэж байгаа хүмүүс маргааш “90 жилийн түүх Н.Энхбаярын МАХН-ынх” гээд сууж байх вий. Харин “Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын талаар хэвлэлээр ярихдаа төрийн нууцыг юман чинээ бодолгүй, давчуухан эрх ашгийнхаа төлөө байдгаа бурж орхисон экс Ерөнхийлөгч энэ удаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын талаар “улсын нууц” гэдэг үндэслэлээр яримаагүй байна гэв.
Мөн энэ үеэр МАХН сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж буйгаа илэрхийлж, ирэх сонгуульд оролцохоо ч илэрхийллээ. “Сонгуульд хэрхэн оролцох вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, “Долдугаар сарын 1-ний хэрэг явдал гэхчилэн олны анхааралд байдгийнхаа хэрээр шүүмжлэл дагуулдагасуудлыгөнөөгийн эрх баригчидтай холбон гүтгэхээ ч нуусангүй. Ийнхүү экс Ерөнхийлөгч эмзэг, эргэлзээ дагуулсан асуудлуудыг шүүрэн авч ард түмний сэтгэлд бичигдэх гэж оролдож эхлэв. Гэхдээ тэр шударга, хариуцлагатай, өндәр ёс суртахуунтай байх хүн мөн үү? Учир нь хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд тэгж ч ажиллах ёстой, ингэж ч бичих ёстой гэж нэлээд зааварласны эцэст “Надаас өдөөн хатгасан асуултууд асуугаач” хэмээн хэгжүүрхсэн нь их л хоржоонтой санагдсаныг нуух юун. Н.Энхбаяр Та өдөөн хатгалга, турхиралтаас хамаг эрч хүчээ сэлбэдэг байж болно. Түүгээр дамжуулан эрээ цээргүй аашилдгийг чинь түмэн мэднэ. үүнийг ч өнгөрсөн хаврын олон үйлдэл чинь нотлох биз. Харин энэ ард түмэнд турхиралт хэрэггүй. Учир нь өдсөн үг, турхирсан үйлдлийн золиос ард түмэн л болж хоцордгийг эрхбиш та мэдмээр юм.
Б.Номин
Мэдээллийн эх сурвалж Монголын үнэн
URL: