Т.Бадамжунай бурхдаас эерэг энерги ялгархыг мэдэрдэг

Малчин айлын хүү болон төрж, малын бэлчээрт өссөн болоод тэр үү, Т.Бадамжунай гишүүн монгол ахуйтай ойрхон нэгэн. Тэрбээр бүх насны энд тэндэхийн угшлын 200 гаруй адуутай. Тиймээс ч шүтээн болсон адууныхаа зургийг төрийн ордоныхоо хойморт залдаг.
Гадаад явах бүртээ морины тоног хэрэгсэл зардаг дэлгүүрээр ордог. Эмээл, хазаар, ташуур, морины гоёл байнга худалдан авдаг аж. Мөн 30 гаруй бурхан, цөөнгүй хөөрөгтэй. Бурхдаа Энэтхэгээс захиж авчруулахаас гадна хөдөө явахдаа худалдан авдаг. Тэрбээр “Би ер нь айлд ороод бурхан луу нүд шилждэг. Яагаад гэвэл нэгдүгээрт гэгээлэг энерги авах шиг болдог. Хоёрдугаарт олон зуун жилийн өмнө Монголчууд энэ бүхнийг урлаж чаддаг байсан юм шүү” гэх бахархал төрдөг гэдэг. Харин хөөрөгнийхөө талаар “Хөөрөг гэдэг зөвхөн хамрын тамхи биш. Үнэ цэнэтэй эд. Яагаад гэвэл хөөрөг хүний биед эерэг энерги өгдөг. Гэтэл өдгөө хүмүүс эрдэнэсийн чулуу гэдгээс өөрөөр хүлээж авахгүй, ид шидийг нь мэдрэхгүй байна.

Писү хөөрөг барьж явахад арав хоног усгүй газар хатаж үхэхгүй шүү дээ. Үүнийг л мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөөрөг хүний биеийг шингэнээр дутаадаггүй онцлогтой. Морины тоног хэрэгслийн хувьд надад арав гаруй төрлийн амгай байгаа. Дээр үеийн уран дархчууд хазаарын нуман амгайг олон янзаар урладаг байсан. Гадаадад бол ган амгайнаас авахуулаад цул, хөндий, өргөн, нарийн, хадардаг, хадардаггүй мориных гээд янз бүр байдаг. Сур гэхэд цулбуур, уургын сур гээд олон янз. Увсын бугуйлын сур гэхэд маш гайхалтай технологиор бүтээгддэг. Монголчууд үүгээрээ их бахархдаг” гэж ярих дуртай нэгэн.


URL:

Сэтгэгдэл бичих