Нисч л болохгүй, машинаар яв, бензинийг чинь бид өгье

Далайд гарцгүй манай улс агаарт гарцгүй болж байгаа нь энэ үү.Монголчууд хэдийгээр өөрийн хүсэлтээр боловч тус улсад ажиллаж, хамгийн хүнд, хортой нөхцөлд зарцлагдаж байгаа нь үнэн. Гэхдээ манайх ямар Өмнөд Солонгосын колони орон биш дээ. Урьд нь 18 жил нэмэлт нислэг үйлдүүлчихээд яагаад сүүлийн хоёр жилд хаалт тавив. Тэгснээ шатахуунаар туслах хэлэлцээр ч хийж байх шиг. Тэднийхээр бол “Монголчууд нисвэл Өмнөд Солонгосын онгоцоор ниснэ. Эсвэл машинаар яв, яахав, бензинийг чинь өгч болох юм” гэж байгаа юм байна л даа. Даапаалж байгаа биз. Энэ бол Тавантолгойн ордтой холбоотой. Юун гуравдагч хөрш. Орос, Хятад, Японд Тавантолгойн хамтрагч болох сонирхол бий  ч “нисгээд” л байгаа биз дээ. ОХУ манайд нийлүүлдэг шатахууны хэм­жээгээ эрс багасгасныг эс тооцвол бусад салбарыг сөхрүүлэх, эдийн засгийн дайн зарлах ийм болхи аргыг хөршүүдийн маань аль нь ч хэрэглэж байсангүй.

Энэ бол Ц.Орхоны муугийнх биш л дээ. Түүнийг энэ албанд томилоход л “МИАТ” ХК Өмнөд Солонгосын нэ­мэгдэл нислэгийн зөвшөөрөлгүй байсан. Аялал жуулчлалын оргил үе дөнгөж эхэлж байхад онгоц нь гэмтэлтэй, хамт олон нь хагарч бутарсан хэцүүхэн л байдалтай угтсан. Мөн өдий төдий өртэй байхад нь нойтон түрээсээр онгоц авч ашигласны дүнд арваад тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, шатахууны үйл ажиллагаагаа өөрсдөө эрхлэн, зуны нислэгийн тоогоо нэмж, тээвэрлэлтийн ажлаа сайн гүйцэтгэсэн юм билээ.

Цаашдаа яаж агаарын хөлгийн паркаа шинэчлэх вэ гэдэг талаар “МИАТ” ХК-ийн удирдлагууд уг нь боломжийн зорилт тавьсан юм байна. Хүрэх аргагүй том зорилт биш ч, манай эдийн засагт яавал илүү ашигтай байх вэ, бидний чадал чансаа, боломж нөхцөл юусан билээ гэдэгтээ илүү уялдуулсан бололтой.

Тухайлбал, олон улсын нислэгээ өргөжүүлж Ази, Европыг холбосон стратеги бий болгох гэнэ. Ингэснээр Франкфурт, Шанхай, Хонконг, АНУ руу тогтмол нислэг нээх, агаарын тээврийн гуравдагч зах зээлд гарах зорилт тавьжээ.

Зорилго нь эхнээсээ биелж, саяхнаас Хонконгт шууд нислэг үйлдэж эхэлсэн. Тэнд “МИАТ” ХК-ийн төлөөлөгчийн газраа нээснийг очиж үзлээ. Үүнд олон монгол хүн, мөн гадны жуулчид талархалтай байна билээ. Ямар ч байсан Хонконгийн хөрөнгийн бирж дээр манай дөрвөн компани бүртгэлтэй болсноос хойш газрын зураг дээр нил алт, зэсэн дээр орших мэт харагддаг тэр Монголыг нүдээр үзэх боломжтой боллоо хэмээн баярлан өгүүлж байсан. Ийм сэтгэгдэл дэлхий дахинд тархсан ч манайх бэлэн биш байна. Наад зах нь онгоцоо нисгэж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ талаар “МИАТ” ХК-ийн удирдлагууд ярихдаа “2015 он гэхэд таван агаарын хөлөг бүхий онгоцны парктай болж өрсөлдөх чадвараа эрс сайжруулна” гэж байна билээ. “МИАТ” ХК-ийг хувьчилна. Монополь эрхтэй байна. Өрсөлдөөн бий болгоно” гэж олон жил ярилаа. Улсынхаа хэмжээнд 2-3-хан онгоцтой үндэсний хэмжээний монополь компани байна гээд бодохоор инээдтэй байгаа биз дээ. Тэгээд тэр нь 450 гаруй онгоцтой “Аэрофлот”, “Эйр Чайна”, “Кореан Эйр” зэрэг дэлхийн хэмжээний компаниудтай “өрсөлдөөд” байдаг. “МИАТ”–аас өөр ийм олон “акул”-уудтай зэрэг тулалдаж байгаа компани Монголд бий билүү гэж бодоход хүрч байгаа биз. Ингээд “акул”-ууд нь түрүүчээсээ “МИАТ”-ийг дээрэлхэж эхэллээ. Үүнийг мэдэрсэн манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Монгол Улс: Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө сэдвээр судалгаа хийж л дээ. Энэ тухайгаа өнгөрсөн зургадугаар сарын 27-нд танилцуулсан.

Судалгааны зорилго нь Монгол улсад агаарын тээврийн үйлчилгээг либералчлахад гарах боломжит үр нөлөөг судлах, ямар чиг хандлага барьж болох талаар ойлголт өгөх явдал аж. Энэхүү судалгаагаа АНУ-ын Хөгжлийн агентлагийн тусламжтайгаар олон улсын InterVISTAS компанитай хамтран хийсэн юм билээ.

Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа энэ үед агаарын тээврийн үйлчилгээний зах зээл тэлэх боломжтой. Ялангуяа далайд гарцгүй манай улсын хувьд агаарын тээврийн үйлчилгээ хөгжих нөөц хангалттай бий” гэсэн дүгнэлтийг тэд хэлж байна. Манай Засгийн газраас гадаадын 30 гаруй оронтой хоёр талт агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулсан байдаг юм байна. Гэвч Бээжин, Москва, Сөүл, Токио гэсэн дөрөвхөн чиглэлд олон улсын нислэг үйлдэж байгаа. “Цаашид агаарын тээврийн үйлчилгээг чөлөөлснөөр зорчигчид агаарын тээврийн олон үйлчилгээг хямд үнээр авах боломж нээгдэнэ. Мөн агаарын тээврийн үйлчилгээг либералчлах нь Монгол улсын ДНБ-ийг өсгөх, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх зэргээр нийт эдийн засгийн өсөлтөд олон талаар хувь нэмэр оруулах болно” хэмээн судалгааны багийнхан танилцуулсан.

Олон улсад агаарын тээврийн зах зээлийг либералчилснаар эдийн засагт бүхэлд нь үр нөлөө өгсөн олон баримт байдаг ажээ. Тухайлбал, Европын Холбооны агаарын тээврийн либералчлалын үр дүнд тийзийн хөнгөлөлттэй үнэ 34 хувиар буурч, Европын Холбооны агаарын тээврийн хөдөлгөөн хоёр дахин нэмэгдсэн байна.

Харин Монголд агаарын тээврийн зах зээлийн либералчлалыг хоёр талт хэлэлцээрийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлсний үр дүнд бий болох урт хугацааны үр нөлөө ямар байх бол гэдгийг судалгаагаар гаргажээ. Тухайлбал, Монголоос эхлэх, дуусах агаарын тээврийн хөдөлгөөн 2-3 жилийн дотор 112 хувиар өсөх боломжтой аж. Мөн либералчлал нь тийзийн үнийг дунджаар 42 хувиар буулгаж, Монголд агаараар зорчигчид олон улсын нислэгийн тийзийн үнээс нийт 121 сая ам.доллар хэмнэх тооцоо гарчээ. Түүнчлэн агаарын тээврийн либералчлал нь Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаархи тэдний дүгнэлт тун баярлууштай. Агаарын тээврийн либералчлал нь иргэний нисэх, аялал жуулчлал, эдийн засгийн бусад салбарт 21.540 бүтэн цагийн шинэ ажлын байр бий болгох төлөвтэй бөгөөд нийт хөдөлмөр эрхлэлтийг дунджаар 2.1 хувиар өсгөх боломжтой аж. Мөн жил тутам 189.9 сая ам.доллар нийт эдийн засагт орох нь ДНБ-ийг 2.5 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм байна. Дээрх судалгааг хийсэн “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” нь өнгөрсөн хоёрдугаар сард Монгол улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайланг гаргаж байсан юм.

Дээрх сайн мэдээ, таамаглалыг дуулгаснаас ердөө хоёрхон хоногийн дараа Солонгосын тээврийн яамны дарамт ирж эхэлсэн. Тухайлбал өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс эхлээд “МИАТ” ХК-ийн мэдэгдэл гарч эхэлсэн. “БНСУ-ын холбогдох албан байгууллагууд тодорхойгүй шалтгаанаар нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгохгүй байгаагаас үүдэн “МИАТ” ХК-ийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлийн нэмэлт нислэг цуцлагдаад байна. Үүнтэй холбогдуулан Сөүл-Бээжин-Улаанбаатар, Сөүл-Токио-Улаанбаатар, Сөүл-Осака гэсэн чиглэлүүдээр тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн зорчигчдыг дээрх зохицуулалтын дагуу зорьсон газарт нь хүргэлээ” гэсэн мэдэгдэл гаргажээ.

Уг нь өнөөх өндөр үнээр авсан “Боинг 767-300” агаарын хөлгөөрөө Сөүл, Чежү, Хайнань, Токио, Бээжинд зорчих боллоо гээд л 2011 оны тавдугаар сарын 25-нд салбарын сайд, дарга нар бөөн баяр хөөр болж тууз хайчлав даа. Ингээд нисээд эхэлсэн чинь Солонгосын тээврийн яам цухалдаж, хааж боогоод хамаг үйлчлүүлэгчдийг үргээлээ. Ажлаар яваа олон зуун хүн ирж, очиж чадахаа байлаа. “МИАТ” өөрийн зүгээс авч чадах арга хэмжээ нь нэгэнт нислэгийн билетээ авчихсан иргэдээ зөөж авчрах л явдал байлаа. Үүнийгээ ч хийж байгаа. Одоо Сөүл дээр бас 300 орчим хүн үлдээд байгаа сурагтай. Голдуу ажлаар яваа хүмүүс л дээ. Тэднийг зөвхөн Солонгосын “Кореан Эйр” л тээвэрлэх ёстой гэнэ.

Энэ талаар БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдынх нь тайлбар бүр ч хөгийн. Тэрбээр Монголд ирж байгаа солонгосчуудын тоо цөөн байгаад сэтгэл дундуур байдаг гэнэ. Тиймээс “МИАТ” ХК-иар нэмэлт нислэг үйлдүүлэхгүй, харин тогтмол нислэгийн тоогоо нэмэх талаар тохиролцож болох юм гэжээ. Харин “МИАТ” ХК-ийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий менежер Ц.Бат энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Солонгосын Засгийн газар Монголд ирж байгаа солонгос иргэдийн тоонд сэтгэлд дундуур байдаг нь үнэхээр үнэн бол үүнийгээ МИАТ-ын нэмэгдэл нислэгийг зөвшөөрч илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Эс тэгвэл яриад байгаа зүйл нь солонгос иргэдийн тоонд бус харин “Асиана” компанийн бизнесийн сонирхлыг л гүйцэлдүүлэх зорилготой болж харагдаад байна. Энэ явцуу зорилгоо олон түмнээс нууж хөвөнд боосон чулуу шидэх мэт популист мэдэгдэл гаргах нь илүү гэж хэлмээр байна” хэмээжээ.

“Асиана” компани нь “Кореан Эйр”-ийн байнгын өрсөлдөгч бөгөөд баахан банкуудыг хөлдөө чирж хүнд байдалд ороод байгаа. Тиймээс тус улсын Засгийн газар “Асиана”-г бус, түүнд чирэгдэн унах гээд байгаа банкууд болон эдийн засгаа бодсондоо “МИАТ”-д шахалт үзүүлээд байгаа юм байна гэж түүний ярианаас ойлголоо.

Харин Монголыг зорих солонгосчуудын хувьд секс туризм болон баар, саунаас өөр орон зай тэдэнд байхгүй гэж тэрбээр тайлбарлажээ. Үнэндээ түүний хариултад үнэн багтчихаад байгаа юм. Сүүлийн үед хүмүүнлэгийн байгууллага, эмнэлэг, эмчилгээний бизнесийн шугамаар зорчин ирэгсдийг эс тооцвол дээрх нөхрийн хэлдэгчлэн соёлтой, ёс журамтай солонгос зочин Монголд ирэх нь тийм ч элбэг бус.

Тэгэхээр Улаанбаатар, Сөүлийн чиглэлд монголчуудаа зөөх эрхээ энэ жижиг эрх ашгаас болж алдахгүй гэж зүтгэх нь “МИАТ” ХК-ийнхний зөв байгаа биз. Манайхан ярьдаг л даа. “МИАТ”-ийн үйлчилгээ тааруу. “Кореан Эйр”-ийнх хамаагүй илүү гэж. Манайх жил бүр агаарын хөлгийн үйлчлэгчдийг Солонгост арав хориор нь сургадаг. Ерөөсөө л “хүний юм сайхан харагддаг”-аас өөр ямар ч ялгаа тэнд байхгүй. Ааш араншин нь хөдлөхөөрөө харин ч солонгос үйлчлэгчид таагүй хандах чадвараараа монголчуудаас илүү л юм билээ. Тиймээс хүний нутгийн үйлчилгээг шүтэж, эсвээс хямд үнийг зорьж үндэсний компаниа сөхрөхөд дэм үзүүлэх нь тийм ч зөв зүйл биш болов уу. Ард түмнээрээ үндэсний авиа компаниа дэмжиж, боломжтой бол тэдний онгоцонд суухгүй гэж эсэргүүцэж байгаад ч гэсэн эдийн засгаа аврах хэрэгтэй. Энэ бол эх оронч үзэл.

Нөгөөтэйгүүр Сөүлд байгаа монгол иргэд бухимдах нь аргагүй. Тэд “Хэрэв зөвшөөрөлгүй байсан юм бол яах гэж билет захиалуулсан юм бэ гэж бухимдаж байна. Энэ учрыг мөн Ц.Бат менежер тайлбарласан. Тэрбээр “МИАТ компани өмнө нь огт авч байгаагүй, урьдын жишиг байхгүй тийм зөвшөөрөл хүсээгүй. Сүүлийн бараг 18 жил ийм л маягаар зуны ачааллын асуудлыг шийдэж байсан. Өмнө нь бидэнд зах зээлд суудал борлуулаад нэгэнт эхэлсэний дараа тулгаж байгаад л зөвшөөрдөг байсан. Бид энэ жил мөн тэгэх байх гэсэн хүлээлттэй байсан. Өмнө нь зөвшөөрдөггүй байсан бол бид энэ жил энэ олон суудал борлуулж иргэдийг чирэгдүүлэхгүй байсан” хэмээн ярьж байна. Тэгэхээр энэ асуудлыг Солонгосын тал гэнэт босгож ирж, нөхцөл байдлыг хүндрүүллээ. Угаасаа “МИАТ” компанийн Монголын эдийн засагт үзүүлдэг үүрэг, ач холбогдлыг мэдсэний үндсэн дээр үлэмж хохирол амсуулахын тулд зохион байгуулсан “бойкот” гэж хэлэхээс өөр арга алга. Магадгүй энэ бойкот Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг шалгаруулах тендерийн дүнгээс хамаарч ч болох юм. Хэрэв тендерт манай стратегийн хөрш ОХУ, БНХАУ, АНУ ялчихвал Солонгосын тээврийн яам “МИАТ баяртай” гэж хэлэхээр зэхэж байгааг ч үгүйсгэх аргагүй.

Энэ нөхцөлд Монголын Засгийн газар “МИАТ” ХК-ийг уналтад оруулахгүй байх зохист арга хэмжээг авахаас өөр аргагүй. “МИАТ”-ийн манай эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлын талаар дээр тоо баримттайгаар дурьдсан. Тиймээс одоо агаарын зах зээл дэх либеральчлал, холбогдох хэлэлцээрийг хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Вашингтон дахь Блайр Хаусд “МИАТ” ХК болон “Боинг” компанийн төлөөлөгчид “Боинг 767-300” болон “Боинг 737-800” онгоц 2-ыг худалдан авах нийт 245 сая ам.долларын захиалгын гэрээнд үзэглэсэн. Үүний дараа “Голомт” банк 2013 оноос Монгол улсын агаарын тээвэрт үйлчилж эхлэх “Боинг 767-300” онгоцны урьдчилгаа төлбөр болох 21.6 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан. Аливаа онгоцыг арилжааны банкнаас бага хүүтэй зээл авах журмаар эсвэл Засгийн газар нь урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг хэлбэрээр худалдаж авч өгдөг. Тиймээс Засгийн газар ч дэмжих ёстой.

Яагаад солонгосчууд Монголд ирэхээрээ өөрийн иргэдийнхээ бизнесийг дэмжиж үйлчлүүлдэг. Монголчууд монгол эзэнтэй учраас муу гэж ярьдаг. Гаднынхыг шүтдэг вэ. Зөвхөн эндээс л хөгжлийн ялгаа харагдаж байгаа юм. “Би эх оронч” гэж хашгирах дуртай хүмүүсийн маань хэд нь зөвхөн монгол үйлчилгээгээ эрхэмлэдэг билээ. “Тамын тогооны үлгэр”-ээ мартаж, үндэсний бизнесээ хүн бүр дэмжихгүйгээр эдийн засгийн дайнд ялна гэж үгүй. Тус улсыг домогт удирдагч Пак Жөнхыйгийн иргэн бүрийнхээ тархинд суулгасан “үндэснийхээ экспортыг дэмжих, өөрөө өөрийгөө хамгаалах” гол бодлого өнөөг хүртэл хэрэгжиж, улсаа хөгжүүлэх үндэс суурь нь болж байна.

Тухайлбал, Пак Жөнхыйг Ерөнхийлөгч байх үед “Кореан Эйр” компанийн Кымхэ дэх үйлдвэрт 500 MD нисдэг тэрэгний их биеийг угсарч байв. Ердөө дөрвөн хүний суудалтай, байлдааны болон тээврийн гэсэн хоёр загвараар үйлдвэрлэдэг уг онгоцны моторыг “Самсунг Эйркрафт Инжиниринг” компанид хийдэг байлаа. Тухайн үеийн хэвлэлүүдэд “Солонгос улс олон улсын Агаарын тээврийн товчоонд нисэх онгоц үйлдвэрлэдэг орны нэгээр бүртгэгдэж байсан”-ыг бахархалтайгаар мэдэгдэж байв. Улмаар танк, пуужин үйлдвэрлэж эхэлсэн.

Түүний үед “эдийн засгийн дайнд нэгдүгээрт, төрийн гарамгай тэргүүлэгч, хоёрдугаарт, үр ашигтай төрийн бодлого, гуравдугаарт, дэлхийд тэргүүлэх хэмжээний үйлдвэрлэлийн бааз болон олон улсын түвшинд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж гэмээнэ ялалт байгуулна” гэсэн зарчмаар ялан дийлсэн. Ингэснээр тэд “Солонгос хүн бол ажиллах хүч” гэсэн тодорхойлолтоос ангижирч “Хязгааргүй чадавх боломжтой хүмүүс” хэмээн өөрсдийгөө тодорхойлж чадсан.

Бидэнд ийм өнцгөөс өөрсдийгөө харах чадвар дутаад байгаа юм биш үү. Ийм их баялгийг эзэмшиж байгаа хэрнээ зөвхөн хэрэглэгч байж, хаан суух боломж нь давамгайлан “сүрлэн шаахайтнуудад” дарамтлуулж суух ч гэж дээ. Яг ийм үзэл солонгосчуудад 1950-1977 он буюу тутаргаар өл залгуулж, тэгж чадаагүй нь үхэж байх тэр үед л байсан. Дараа нь тэд сайн удирдагчийн хүчээр хөл дээрээ боссон. Ерөнхийлөгч нь “Бие даасан эдийн засагтай болно” гэсэн хүчирхэг уриандаа хүн ардаа итгүүлж чадсан учир өнөөдөр Чингисийн үр садыг дээрэлхэхтэйгээ болоод байна. Тиймээс бурууг өөрсдөөсөө эхэлж хайх нь зүйтэй болов уу гэдгийг энэ дашрамд сануулъя.

“Улс төрийн тойм” сонин

URL:

Сэтгэгдэл бичих