Ерөнхий сайдыг огцруулна, огцруулахгүй

ерөнхий сайдЕрөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын 28 гишүүн гарын үсэг зурж өргөн бариад буй. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд намын гишүүдтэйгээ зөвшилцөхгүйгээр МАХН-ны дарга Н.Энхбаяртай 2024 он мхүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нь гал дээр тос нэмэхтэй адил зүйл болсон. Тодруулбал зөвхөн 28 гишүүн бус АН-ын дээд, доод бүх шатанд Ерөнхий сайд бөгөөд намын даргатайгаа хариуцлага тооцох тухай ярьж эхэлсэн. Бүр дээрх 28 гишүүний өргөн барьснаас тусдаа огцруулах санал гаргаж, нам дотроо гарын үсэг цуглуулж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэхээр ямар байр суурьтай байгааг тодруулав.

Л.Эрдэнэчимэг: МАХН-тай ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ҮЙЛДЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЕРӨНХИЙ САЙД ОГЦРОХ ЁСТОЙ
-УИХ-ын 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ тал дээр бол манай намын бүлэг тогтоолын төслийн үндэслэлээр огцруулахгүй гэдэгтэй санал нэгдсэн. Гэтэл МАХН-тай байгуулсан гэрээний асуудал гарч ирсэн. Үүнд намын бүлэг дээр гишүүд эсрэг байр суурьтай байсан. Жишээ нь, би МАХН, АН-тай арван жилийн хугацаатай гэрээ байгуулахын эсрэг байгаа. Үүнийгээ ч бүлгийн хурал дээр хэлсэн. Э.Бат-Үүл дарга энэ үйлдлийнхээ төлөө Ерөнхий сайд огцрох нь зүйтэй гэсэн уриалга гаргасан. Энэ уриалгын дагуу АН-ын тодорхой гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлсэн. Би МоАХ-ны гишүүний хувьд энэ үйлдлийнхээ төлөө Н.Алтанхуяг огцрох ёстой гэдэг байр суурин дээр байгаа.
-Тэгэхээр сөрөг хүчин төсөл өргөн барьсантай холбоогүйгээр зөвхөн хийсэн үйлдлийнх нь төлөө Ерөнхий сайдыг огцрох нь зүйтэй гэж үзэж байна уу?
-Тогтоолын төсөлтэй хамаагүй. Зөвхөн МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан тухайд ярьж байна. Яагаад гэвэл АН барууны чиг баримтлалтай нам. Зүүний чиг баримтлалтай МАХН-тай удаан хугацаанд гэрээ байгуулж хамтран ажиллах боломжгүй. Энэ хоёр үзэл баримтлал хоорондоо өрсөлдөж байж ардчиллын жинхэнэ утгыг гаргаж ирэх ёстой гэж боддог. Арван жил хамтран ажиллаж байгаа нь ардчиллыг байхгүй болгож байгаатай адил гэж харж байгаа.

Р.Бурмаа: НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬТ ХУГАЦАА НЬ ӨНГӨРЧИХСӨН БАЙГАА

-Намын даргын сонгуульт хугацаа нь өнгөрчихсөн явж байгаа хүн шүү дээ. Манай намын дүрмээр дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Их хурлаараа сонгогддог. Гэтэл ҮЗХ-гоор сонгогдчихоод Их хурлаараа баталгаажуулаагүй л яваад байгаа. Ийм хүн АН-ыг төлөөлөөд 2024 он хүртэл өөр намтай хамтарч ажиллах гэрээ хийж, тухайн гэрээгээ гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж байгуулсан нь намын дүрэм болон хууль зөрчсөн үйлдэл. Аль өнгөрсөн тавдугаар сард гүйцэтгэх зөвлөл МАХН-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гээд шалтаглаад байна л даа. Гүйцэтгэх зөвлөлд ийм шийдвэр гаргах эрх байхгүй. Тэгээд ч одоогийн гэрээний заалтыг харахгүйгээр таван сарын өмнө зөвшөөрнө ч гэж байхгүй. Аливаа зүйл хууль дүрмийн дагуу явах ёстой. Үндсэн хуулийн 16.1-д “Улс төрийн нам нь нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл намын дарга нь намынхаа нэрийн өмнөөс Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийж болохгүй л дээ.

М.Зоригт: ЕРӨНХИЙ САЙДЫГ ХУРДХАН ШИГ ОГЦРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

-Өнгөрсөн хоёр жилээс илүү их ажил хийгээсэй гэж иргэд шаардаж байгаа. Гэтэл Ерөнхий сайд үнэхээр чадахгүй бол олонхи өөрөө шийдэх бүрэн боломжтой. Тиймээс би тэр МАН-ын гишүүдийн санал дээр гарын үсгээ зураагүй. Харин өнөөдөр Ерөнхий   сайдыг хурдхан шиг огцруулах нь зүйтэй юм байна гэж үзэж байна. Н.Энхбаяртай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны дараа ганц би биш Р.Амаржаргал гишүүнээс эхлээд бид дэндүү цочирдож хүлээж авсан. “Ийм зүйл хийж чадаж байгаа Ерөнхий сайд бол юун Засаг авч явах. Тиймээс энэ хүнд Ерөнхий сайдын суудалд зохихгүй юм байна” гэдгийг хэлсэн.

Г.Баярсайхан: ЕРӨНХИЙ САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
-АН-ын эрх ашигт нийцэхгүй гэрээг МАХН-тай хийснийг би болоод намын бусад гишүүн зөвшөөрөхгүй байгаа. Үүнийхээ төлөө Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Гэхдээ огцруулах эсэх нь тусдаа асуудал. Миний хувьд өөрийн итгэл үнэмшлээрээ намын даргад хариуцлага тооц гэж гарын үсэг зурчихаад байгаа. Ер нь эдийн засгийн хүндрэл, Засгийн газрын ажлын үр дүн, намын асуудлыг хооронд нь холилгүй тусад нь ярих ёстой. Юун түрүүнд намынхаа дотоод асуудлыг ярих цаг болоод байна.

Б.Болор: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ УИХ-Д ОРУУЛАХ НЬ БУРУУ
-АН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай мэдээлэл бий. Мөн гарын үсгээ зурсан гишүүдийн нэг нь таныг гэх юм?
-Энэ тухай мэдээллийг хэвлэлээс л харлаа. Би гарын үсэг зураагүй. Төсөв батлахаас эхлээд ийм хариуцлагатай үед Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулах нь буруу гэж үзэж байгаа. Засгийн газар тогтвортой байх ёстой.
-Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзэж байгаа гэсэн үг үү, эвсэл огцруулах цаг нь биш гэсэн үг үү?
-Энэ асуудлыг хэлэлцэх цаг нь биш..
-Тэгэхээр Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэж ойлгож болох уу?
-Хариуцлагын асуудал ярих ёстой. Ингэхдээ эхлээд Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулж нам дээрээ ярилцах нь зөв. Ингэхгүйгээр МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьчихсан байгаа үед манайхан нэмж огцруулах алхам хийх нь зөв асуудал гэж бодохгүй байна.
-УИХ дээр санал хураах боллоо гэхэд та саналаа яаж өгөх вэ?
-Би одоо бол огцруулахгүй гэдэг дээр дарна.

А Бакей ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ НЬ ЗАРИМ УЛСТӨРЧИД ХОЖООТОЙ Ч АРД ТҮМЭНД ХОХИРОЛТОЙ

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бид олон талаас нь харж зөв шийдэлд хүрэх ёстой. Учир нь улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Тиймээс засаг солигдсоноор эдийн засгийн хүндрэлтэй байдал сайжрах биш, харин ч хүндрэх магадлалтай. Тэр нь улс төрийн хямралтай давхцах юм бол эцсийн дүндээ ард түмэн хохирно. Улстөрчид хохирохгүй. Өөрөөр хэлбэл, зарим улстөрчийн хувьд албан тушаалд очих хожоотой ч ард түмэнд хохиролтой. Засгийн ажилд дутагдал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ энэ бол заавал огцруулж байж шийдэх биш залруулах боломж бий. Үүнд УИХ зөв залаад асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.

Д.Зоригт: ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ЧУХАЛ
-Эдийн засгийн байдал ийм хүнд үед засаг тогтвортой байх нь чухал.
-Тэгэхээр таны байр суурь огцруулахгүй ээ гэсэн үг үү?
-Огцруулахгүй ээ гэсэн үг.

Д.Арвин: БҮЛГИЙН ШИЙДВЭРИЙГ ДАГАНА
-Одоо наад асуудлыг чинь яриад яахав. Бүлэг хуралдаад ямар шийдвэр гаона, түүнийг л дагана.


URL:

Сэтгэгдэл бичих