Их дэлгүүрийн өмнөх тохижилт хэний бизнес вэ?

Өмнө нь ус оргилдог байсан бололтой хогоор дүүрэн усан оргилуур, хөшөөний нүүрэн хэсэгт “Б+Н=Love” гэх бичээсээр дүүрэн Б.Цэрэндоржийн хөшөө дүнхийх. Энэ бүгд Б.Цэрэндоржийн гудамжны хаврын дүр төрх. Өөрөөр хэлбэл, Их дэлгүүрээс цирк рүү уруудах тэр гудамж саяхныг болтол ийм дүр төрхтэй байсан хэрэг. Сүүлд нэмэгдсэн Битлзийн хөшөөг эс тооцвол шүү дээ. Харин жилийн өмнөөс энэ гудамжийг засах сураг дуулдсан ч өнгөрсөн жил хийсэнгүй. Энэ байдлаараа олон жилийг үдэх нь үү гэтэл аз болж энэ жил засахаар болсон юм. Уг нь энэ Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил өнгөрөгч 2010 онд хотын төлөвлөгөөнд орсон. Гэтэл ажлын гүйцэтгэлийн тендер жилийн дараа зарлагдаж, энэ тавдугаар сарын эхээр тохижилт шинэчлэлтийн ажил эхэлсэн нь энэ.

Өнгөрөгч тавдугаар сарын эхээр УИД-ын урд байрлах том дэлгэцийн ард талын талбайд хашаа хатгаж барилгын ажил эхлэв. “Энэ яах гэж хашаа хатгасан юм бол, арай барилга барих гэж байгаа юм биш биз дээ” гэж хүн болгоны сэтгэл зовниж байлаа. Арга ч үгүй юм, энэ хавийн бүх талбайд барилга барьж, хашаа хатгасаар ганц үлдсэн газар нь энэ байсан юм чинь. Ямар сайндаа л барьсан хашааных нь нүүрэн дээр “Дахиад л барилга биш шүү” гэж шүршдэг будгаар бичсэн байх вэ. Харин бид санаа зовних учиргүй байж. Учир нь жилийн өмнөөс яригдаж эхэлсэн иж бүрэн тохижилт шинэчлэлтийн ажил ийнхүү эхэлсэн нь энэ. Тохижилтын ажлын тендерт “Хас Трейд” компани, “Грийн сити гарден” компани, “Велмот” компани тус, тус шалгаран тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Нийслэлийн төсвөөс нийт 10 гаруй сая төгрөгийг зориулж байгаа ажээ.

Долдугаар сарын 4-ний өдрийн 13:40 цаг. Б.Цэрэндоржийн гудамж. Жилийн өмнөөс яригдсан тохижилтын ажил үргэлжилж байна. Гэхдээ эргэлзээтэй. Учир нь замыг тойруулаад ногоон даавуу татсан байх хэдий ч дундуур нь хүн явах. Өмнө нь байсан тэгшхэн замыг солиод өнгө муутайхан саарал чулууг дэвсчээ. Ажилладаггүй байсан ч голдоо баримал сэлтийг шигтгэсэн оргилуур алга. Боржин чулуугаар шигтгэсэн ч үзэмжгүйхэн хэдэн цорго голд нь шовойх. Энэ нь тэдний хэлдгээр олон улсын стандартад нийцсэн “усан оргилуур” нь. Ийнхүү бүх юм анх төлөвлөгдсөнөөсөө нэг л өөр болж эхлэв. Одоо та бүхэнд хэдхэн долоо хоногийн өмнө хотын ерөнхий менежер Ч.Батын өгч байсан ярилцлагыг хүргэе.

“Дунд талын зурвас талбайг бүхэлд нь Сүхбаатарын талбай шиг гоё чулуу шигтгээд, одоо байгаа жижиг усан оргилуурыг том усан оргилуур болгох юм. Мөн урд хэсэг нь Сүхбаатар дүүргийн өндөрлөгийг хийж өгнө. Орчны тохижилтыг баруун талын байшингаас зүүн талын байшин хүртэл зүлэг ногоотой нь, явган хүний болон машин замтай нь, дундах талбайтай нь иж бүрэн шинэчилнэ. Мөн тэр гудамжны дээгүүр бүхэлд нь гэрлэн чимэглэл хийх төлөвлөгөө байгаа. Гадаа биш театр дотор, эсвэл ямар нэг танхим дотор явж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр болгох юм” гэж ярилцлага өгч байсан юм. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ л байна. Ерөнхий менежерийн хэлсэн гоё чулуу шигтгэсэн талбай алга, харин оронд нь өнгө муутайхан саарал чулуун зам л байна. Олон улсын стандартад нийцсэн том усан оргилуур нь ч алга. Харин хэмжээ нь томорсон бараан өнгөтэй, хэдэн цорго сортойх усан оргилуур л байна. Театрт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх гэрэл битгий хэл сортойх шонгийн мод ч алга. Арав гаруй сая төгрөгөөр хийсэн томоохон бүтээн байгуулалт гэж нэрлээд байгаа зүйл нь одоогоор энэ л байна. Цаасан дээр сэтгэл хөдөлгөм байсан зураг төсөл, амьдрал дээр сэтгэл гутраам зүйл болдог Монгол тогтолцоо өнөөдөр ч үйлчилсээр л байгаа нь харамсалтай.

Наадмаас өмнө нээнэ гэснийг нь хүлээж болох ч театрт байгаа мэт том гэрлүүд, стандартанд нийцсэн усан оргилуур босох нь юу л бол. Эцэст нь гадны орны нэг томоохон бүтээн байгуулалтыг та бүхэн сонирхуулъя. Энэ бол Казахстан улсын Астана хотын нэгэн дүүргийн тохижилт. Хэдийгээр энэ бүтээн байгуулалт улсдаа төдийгүй европдоо гайхагдахаар болсон ч тэд “бүтээн байгуулалт” гэсэн сүржин нэр өгсөнгүйгээр барахгүй рекламдаагүй. Зүгээр л хийх ёстой юм аа хийсэн. Цэцэрлэгжүүлэлт нь л гэхэд тухайн хотын сүлдийг цэцгээр урласан бөгөөд голд нь орчин үеийн өнгө төрхийг тусгасан хүрэл хөшөөг дүрсэлжээ. Тухайн талбайг тойроод томоохон гэрлүүдийг суурилуулсан бөгөөд орой дээрээ нарны энергиэр ажилладаг төхөөрөмжийг суурилуулсан байна. Үүнийг тэд долоохон сарын дотор бүтээсэн бөгөөд манайхаас хоёр дахин их хөрөнгийг зарцуулсан юм. Тэд энэ мөнгөөрөө европдоо жишигдэхээр жинхэнэ бүтээн байгуулалтыг хийжээ.

Манай улс Азидаа биш юм аа гэхэд ядаж Эрээн шиг бүтээн байгуулалтыг жинхэнэ утгаар нь хэзээ хийж сурах вэ?

Б.БОЛОРСҮХ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих