Хил зөрчсөн гадаадын иргэдийг шилжүүлжээ
Хэнтийн аймгийн Дадал сумын Агац багийн дөрвөн иргэн ан агнах зорилгоор улсын хил зөрчин орж ирэхэд хилчид саатуулсан байна. Энэ үеэр хоёр иргэн нь нутгийн гүн рүү зугтахад хилчид эрлийн ажиллагаа явуулж зугтаасан иргэдийг 26-ны өдөр саатуулан холбогдох хуулийн дагуу шалгаж байна. Тус аймгийн Баян-Уул сумын Онон голд зургаан хүн хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй загасчилж байсныг хилчид илрүүлжээ. Тэдний хоёр нь Монгол, хоёр нь Украйн, хоёр нь Канад улсын иргэншилтэй хятад иргэд болох нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд гадаадын иргэдийг орон нутгийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлэн өгчээ. Мөн Ховд болон Өмнөговь аймгийн хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй алт хайх зорилгоор явж байсан хоёр бүлэг арван хүнийг хилчид илрүүлэн захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
С.САРУУЛ
URL: