Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс:

“Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх  сонссон доо. Тэд  бүгдээрээ л  хайр,  үзэн ядалт,  айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн мөч  тулахад өвчтөнүүд  бүгдийг  мартаж,  уучилдаг. Би өвчтөн бүртэйгээ ярилцахдаа нэг зүйлийг заавал асуудаг байлаа. “Та энэ амьдралдаа юунд хамгийн ихээр харамсаж байна вэ?”. Тэд өвчин зовлон, царай зүс, ааш зангаараа тэс  өөр ч  дээрх  асуултын  хариулт “ижил” байсан юм.

1. Хэн нэгний хүсэлт, хүлээлтээр биш өөрийн хүссэнээр амьдарсан ч болоосой

Хүн бүрийн хамгийн түрүүнд хэлдэг хариулт нь энэ байлаа. Амьдрал нь дуусах тэр мөчид эргээд харахад “Тэр үед ганц удаа ч  болов өөрийнхөөрөө шийдэх минь яав даа” гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирдэг. Учир нь бусдын хэлсэн анхааруулга сануулгаас шалтгаалан мөрөөдлөө биелүүлэх олон боломжийг алддаг аж. Эцэг эх, эхнэр нөхөр, үр  хүүхдийнхээ хүлээлтэд эзэн болохын тулд өөрийнхөө хүслээр байж чадаагүй нь хамгийн харамсмаар зүйл байжээ.

2. Юуны төлөө ингэтэл их ажиллав?

Энэ бол эрэгтэй өвчтнүүдийн хамгийн том харамсал. Тэд гэр бүлийнхээ ирээдүйн төлөө  зүтгэсээр  үр  хүүхдүүдийнхээ өсөж буйг ч анзаараагүй өнгөрсөн. Мөн хайртай гэргийгээ ганц бие ээж шиг амьдруулсан байдаг ба эцэст нь багагүй амжилтанд хүрчихээд хүүхдүүдээ эргэн харах цагт тэд хэдийн холдон одсон байдаг аж. Хэтрүүлж ажилласандаа харамсаж, үхэх цагт өөр дээр нь хэзээ ч ирэхгүй гэмэдэгдсэн үр хүүхдээ хүлээх өвчтөнүүд… Гэвч тэд энэ бүгдийг ирэхгүй гэдгээ мэдэгдсэн тэр хүмүүсийн төлөө л хийсэн шүү дээ.

3. Өөрийн бодол, мэдрэмжээ ил хэлэх зориг байсансан бол ч…

Олон хүмүүс бусадтай “энх тайван” харилцаатай байхын тулд шүдээ зуугаад өнгөрдөг. Түүнээсээ  болоод  бусдад  бүү  хэл өөртөө ч үнэнч байж чаддаггүй. Энэ байдал  даамжирсаар  “Би юу хүсч байна вэ?”  биш  “Би юу хийвэл ямар нэгэн асуудал үүсэхгүй байх вэ?”,  “Юу гэж хэлвэл намайг ухаалаг юм аа гэж бодох бол?” гэсэн нөхцөл байдалд тааруулдаг болчихсон байдаг. Харин хөгшрөх тусам өөрийгөө бүрэн илэрхийлж, уурлаж бухимдах үедээ уурлаж, гомдох үедээ гомдож байх минь яавдаа хэмээн харамсдаг байна. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлснээр тухайн үед хэд хэдэн хүнийг бухимдуулж болно.  Гэхдээ өөрийн зангаа нуугаагүй учраас тэр хүмүүст хэзээд үнэн төрхөөрөө байдаг гэдгээрээ үнэлэгддэг. Хүмүүс ч чамтай яаж харилцахаа мэддэг болно. Хамгийн гол нь  чиний амьдралд худал харилцаа гэж  үгүй болох юм.

4. Найзуудаасаа харьцаагаа таслах хэрэггүй байсан юм

Эмэгтэйчүүдийн хамгийн их сонгосон хариулт энэ байлаа. Үр хүүхэд, гэр бүл, ажил гэсээр найз нөхдөө орхиж, уулзахаа больж, нэг л мэдэхэд харилцаа нь холдсон байдаг. Харин хамаг бүхнээ зориулсан үр хүүхэд нь том болж, тусдаа гарахын цагт ганцаардлыг хамгийн ихээр мэдэрч, биеэ чагнасаар байгаад өвдөх үе бишгүй. Эцсийн мөчөө хүлээж буй хүмүүс нэгэн цагт үргэлж хамтдаа байсан найзтайгаа уулзах хүсэлтийг ихээр тавьдаг ч уулзаж амжихгүй өнгөрдөг байлаа.

5. Би өөрийгөө аз жаргалтай амьдрахыг зөвшөөрсөн ч болоосой

Ийм хариулт авна гэж би огт бодоогүй байлаа. Тэд өнгөрсөндөө зууралдаж, өнгөрсөндөө хүлэгдэж, өнгөрсөндөө харамссанаас болоод одоогийнхоороо амьдрах боломжоо алддаг байж. Хэн нэгнийг аз жаргалтай байлгахын тулд гэхээсээ илүү өөрийгөө аз жаргалтай байлгахын тулд юу ч хийхгүй байсаар, энэ насыг барах үедээ харамсах нь хичнээн харамсалтай вэ?

Хүн хэзээ өөрийнх нь эцсийн мөч ирэхийг мэдэж байх үедээ бусдын бодол, санааг жинхэнээсээ хамаарахаа больдог. Үнэндээ маргааш ч биднийг үхэл хүлээж байгаа ч юм билүү, хэн ч мэдэхгүй шүү дээ. Муу амлах гээгүй юм шүү. Гэхдээ л хэзээ юу болохыг хэн ч мэдэхгүй  байхад аль хэдийнэ болоод дуусчихсан өнгөрсөнд, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй ирээдүйн хайр дурлалд, амьдралд чинь тэгтлээ нөлөөлж чадахгүй, хамгийн амархан өөрчлөгддөг зүйлсийн нэг болох бусдын бодолд бүх сэтгэл, эрч хүч, энергээ зарцуулах нь яг юуны төлөө юм бэ?

Харин түүний оронд маргааш ч бүх зүйл дуусчихаж мэдэх юм шиг зоригтой шийдвэр гаргаж, өөртөө үнэнч байж, энэ ертөнцийг орхихдоо сэтгэл хангалуун, харамсах зүйлгүй байсан нь хамаагүй жаргалтай биш гэж үү? Хэрвээ чи ч гэсэн өнгөрсөндөө харамсахыг хүсэхгүй байгаа бол одоогоороо л амьдар. Харамсал гэдэг зүйлийг амьдралдаа байлгахгүйн тулд зүгээр л хий, яг одоо яамаар байна түүнийгээ л хий. Ихэвчлэн өнгөрсөнд болсон тэр зүйлдээ харамсаад л байдгаас биш чамд юу авчирсныг нь бодож ч үзээгүй байдаг. Тэр үйл явдал болсон учраас л чи илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү туршлагатай “өнөөдрийн чи” бий болсон шүү дээ. Тийм болохоор чамд тусласан, “харамсмаар” өнгөрсөнд ч  талархаад  байх ёстой газарт нь үлдээ.

Эх сурвалж: www.budda.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих