Дэлхийн зах зээл-Нүүрс
Засаглалын “зэмсгүүдийг” ашиглан тогтвортой хөгжлийг цэцэглүүлэх боломж бий. Ингэхдээ Засгийн газрууд татвар хэмээх уламжлалт сонголтыг урдаа барих нь элбэг ч энэ нь бүхний шийдэл гэвэл өрөөсгөл болохыг олон улсын судлаачид өгүүлдэг. Хэдий ийм ч татварын аргачлал аливаа улсын санхүүгийн асуудлыг шийдвэрлэгч “сонгодог” арга хэвээр байна.
Дэлхийн хамгийн том эдийн засаг гэгдэх болсон Хятад улсын тулах багана нь эрчим хүч. Эрчим хүчний эх үүсвэр нь нүүрс. Үндсэндээ урд хөршийн хувьд нүүрс тус улсын эдийн засгийн “хүчилтөрөгч” гэсэн үг. Тиймээс Засгийн газар нь эрчим хүч, нүүрсний салбартаа тусгайлан бодлого гарган, түүнийгээ чандлан мөрддөг. Ингэхдээ татварын нарийн бодлогод суурилан дээрх салбаруудаа дэмжин, хөгжүүлдэг байна.
Урд хөршид эрчим хүчний татварын тогтолцоо 1984 оноос эхлэлтэй. Улмаар 1994 онд шинэчлэл хийн нүүрс, газрын тос, байгалийн хий болон бусад эрдсийг багтаан нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Өдгөө Хятадын эрчим хүчний татвар зах зээлийн үнэлгээ гэхээсээ илүү олборлож буй хэмжээгээр тодорхойлогддог. Түүнчлэн татварын орлого засаг нь бус олборлолт явагдаж байгаа бүс нутгийн захиргаанд очдог аж.
Сүүлийн жилүүдэд газрын тос болон байгалийн хийн салбарт татварын шинэчлэл хийж улс даяараа хэрэгжүүлэх болсон ч нүүрсний салбарт ийм төрлийн шинэчлэлийг саяхнаас хэрэгжүүлэхээр баталлаа.
Нүүрс нь Хятадын аж үйлдвэр, шинэчлэл, шилжилтийн чухал үндэс. Тус улсын хөгжил олон жилийн турш нүүрснээс хамааралтай байсан гэж болно. Тухайлбал, 2012 онд Америкийн “Energy Information Administration”-ээс гаргасан судалгаанд урд хөршийн эрчим хүчний нийт хэрэглээнийй 70 хувийг нүүрс бүрдүүлдэг бол цахилгааны 60 хувийг хангадаг гэжээ. Түүнчлэн Хятадын эрчим хүчний хэрэглээний бүтцэд нүүрс гол тоглогч байх бөгөөд энэхүү байдлаа олон жил хадгална хэмээн дүгнэжээ.
Энэ нь нүүрсний хэрэглээ Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой өсөлтийн “амин сүнс” гэдгийг гэрчилж байгаа юм. Хятадын эдийн засаг нүүрсний үнийн хэлбэлзэлд өртөмтгий. Тус улсын нүүрсний салбарын хөгжил нийгэмд ижил түвшинд хүлээн зөвшөөрөгддөггүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн ашиг тус нь нийгмийн зардалтай ижил бус. Хэдий эдийн засгийн өсөлтийг дэмжигч боловч байгаль орчин, агаарын бохирдлын гол үүсгэгч гэсэн үг. Ийм учраас нүүрстэй холбоотой асуудал үргэлж маргаан дэгдээдэг байна.
Хятадын нүүрсний зах зээл үнийн хэлбэлзэлд удаан “дарлуулсан”. Бага бөгөөд тогтсон татварын системээр дэмжих боломж бий ч энэ нь олборлох, хэрэглэх явцад гарах байгалийн бохирдлыг зах зээлийн ханшид багтаан тооцдоггүй. Түүнчлэн Хятадын нүүрсний салбар төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн гэх боловч тус улсын нүүрсний зах зээлийн ханш улсын нүүрсний нөөцийн хомсдлын талаар тодорхой мэдээлэл өгдөггүй аж.
Хятадын Засгийн газрын нүүрсний үнэ тогтоох механизм нь тус улсын эдийн засаг болоод нүүрс үйлдвэрлэлийн тэнцвэртэй бас тогтвортой хөгжлийн чухал хэсэг гэж үздэг ч нүүрсний татварын шинэчлэл нь хөгжлийн эх үндэс хэмээх болов. Хэрэгжихээр батлагдаад буй Хятадын нүүрсний салбар дахь татварын шинэчлэлээр татварыг үйлдвэрлэлийн хэмжээнээс бус ханшийн үнэлгээнээс тооцон хураахаар болж байгаа юм. Энэхүү шийдвэрийн гол зорилго нь улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хэт их үйлдвэрлэлийг хянах, нөөцөө хадгалах болон татварын эх үүсвэрийг алдалгүйгээр байгаль орчноо хамгаалахад оршиж байна.
Шинэчлэл бүр шалгууртай нүүр тулдаг. Тэгвэл энэ удаагийн татварын шинэчлэл хэнд ямар ашигтай байх вэ гэдэг сонин. Хятадын хувьд тус салбарт үндсэн гурван тоглогч бий. Төв Засгийн газар, орон нутгийн захиргаа тэгээд зах зээл. Эдгээрийн хүсэл сонирхолд нийцсэн нэгдсэн үнэт чанарыг баримтална гэдэг амаргүй. Хэрэглэгч, нийлүүлэгч, хянагч талд тус бүр ашигтай хувилбар гаргах асуудлыг тус улсын Засгийн газар ийн зохицуулж.
Нийлүүлэгч гэх нүүрсний компаниуд хэрэглэгч гэгдэх эрчим хүчний компаниудад хянагчийн үүрэг гүйцэтгэх Засгийн газрын тогтоосон журмаар бүтээгдэхүүнээ хүргэнэ. Хятадын нүүрсний компаниудын дийлэнх нь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлдэг. Бусад нүүрсний компани бизнесийн зарчмаар ашиг олдог. Тиймээс төрд харьяагүй компаниуд татварын дарамтаар үйл ажиллагааг нь боомилохыг хэрхэвч зөвшөөрөхгүй байсан.
Тэгвэл хэрэглэгч гэгдэх нүүрсээр “хооллогч” эрчим хүчний компаниудын хувьд татвараас үүдэлтэй үнийн өсөлт цахилгааны ханшийг өсгөхөөс өөр гарцгүй болгоно. Гэвч тэдэнд эрчим хүчний үнийг нэмэх эрх мэдэл үгүй билээ. Учир нь төв Засгийн газар цахилгааны үнийг тогтоодог аж. Иймд эрчим хүчний салбарынхан Засгийн газар эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй аваас татварын шинэчлэлийн эсрэг зогсох нь дамжиггүй.
Үүний эсрэг хянан тодорхойлогч тал хэмээгдэж буй Засгийн газар төсвийн орлого, эрчим хүчний аюулгүй байдал, нүүрсний нөөц дуусах эрсдлийг харгалзан шинэчлэл хийх нь зайлшгүй гэж үзэж байна. Ингэснээр эрчим хүчний компаниудын төлөх татварын хэмжээ нэмэгдэж байгаа юм. Хэдийгээр нүүрс олборлогчдын үйлдвэрлэлийг хумиж байна гэж буй ч үйлдвэрлэл хэт тэлэх эрсдлийг бууруулна хэмээн зарим судлаач онцолж байгаа билээ.
Зарим талаар экологийн асуудалд тодорхой хувь нэмэр оруулж байна гэж үзэх хэсэг ч бий болжээ. Урд хөршийн нүүрсний нөөц жигд бус тархсан байдаг. Ийм учраас орон нутгийн хувьд хэрэглэгч, олборлогч гэж хувааж болох тухай дурджээ. Хятадын нүүрсний олборлолтын 80 хувийг бүрдүүлэгч найман муж байдаг(баруун бүсийн долоо, төвийн нэг). Эдгээр муж эрчим хүчний эдийн засагтай гэгдэх бөгөөд улсын төсвийн болон ДНБ-ий орлого бүсээс ирэх эрчим хүчний аж үйлдвэр болон эрчим хүчний татварын орлогоос бүрддэг байна.
Өмнө нь хэрэгжиж байсан татварын тогтолцоогоор Засгийн газрын орлого хэтэрхий бага байсан гэж төрийн удирдлагууд үзсэн бол шинэчлэл хэрэгжсэнээр эрчим хүчний татвараас төсөвт төвлөрөх орлогоор бусад хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх нөхцөл бүрдэнэ гэсэн байна. Харин нүүрс хэрэглэгч мужуудын захиргааны хувьд татварын орлогыг орон нутагт жигд хүртээх нь зөв шийдэл, учир нь ингэснээр хэрэглэгч бус нүүрсний хэрэглээнээс үүдэх хор уршигтай тэмцэх санхүүжилт, боломж бий болно гэж үзсэн.
Нүүрсний үйлдвэрлэлийн яам нь 1998 онд татан буугдсанаас хойш тус салбарын асуудал “хоног төөрүүлэх” мэт агентлаг, газруудын гараар дамжсаар өнөөдрийг хүрчээ.
Татвар нэмэгдвэл үнэ нэмэгдэнэ. Нүүрсний үнэ нэмэгдсэнээр эрчим хүчний ханшид өөрчлөлт орж эрчим хүчний компаниуд алдагдал хүлээж эхлэх аж. Учир нь эрчим хүчний үнийн өөрчлөлтийг Засгийн газар зохицуулдаг. Хэрэв нүүрс, эрчим хүчний салбарынхан үнийн зөвшилцөлд хүрч чадахгүй аваас амьжиргааны өртөг нэмэгдэх, цаашлаад зах зээлийн үнийн хэлбэлзэл үүсэх эрсдэлтэйг Баруун Австралийн их сургуулийн Хөдөө аж ахуй, эрдэс баялгийн эдийн засгийн сургуулийн багш Донг Ванг “Хятадын нүүрсний татварын шинэчлэлийн зөрчилдөөн дэх дүн шинжилгээ”-ндээ өгүүлжээ.
Тэрбээр “Нүүрс олборлогч бүсийн хувьд татварыг нэмсэн нь үйлдвэрлэл цаашид хөгжих, ажилгүйдлийн түвшин буурах, татварын болон ДНБ-ий орлого нэмэгдэх таатай нөхцөл болно” гэв. Харин хурдацтай өсөх нүүрсний үйлдвэрлэл нөөцийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй болохыг тэрбээр онцолсон.
Нөгөө талд нүүрсний ханш өсвөл нүүрс хэрэглэгч мужуудын эдийн засгийн үндэс болдог үйлдвэрлэлийн салбар уналтад орох эрсдэл хүлээх аж. Түүнчлэн ажилгүйдэл ихсэх, эдийн засгийн чадамж буурах гээд таагүй нөхцөл ар араасаа үүсэх магадлал өндөр юм.
Хятадын эрчим хүчний салбарыг гардан хариуцсан байгууллага, яам гэж байдаггүй. Нүүрсний үйлдвэрлэлийн яам нь 1998 онд татан буугдсанаас хойш тус салбарын асуудал “хоног төөрүүлэх” мэт агентлаг, газруудын гараар дамжсаар өнөөдрийг хүрчээ. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Улсын татварын ерөнхий газар, Улсын төрийн өмчит хөрөнгө хянах, удирдах хороо зэрэг байгууллагууд урд хөршийн нүүрсний салбарын бодлогыг базаж явна.
Тэд ч мөн ашиг сонирхлын зөрчилд өртөх тул Эрчим хүчний яам яаравчлан байгуулах нь зөв хэмээн Донг Ванг зөвлөж байгаа юм. Энэ мэт сонирхлын зөрчлүүд гарсаар байх аж. Одоо Хятадын хэрэгжүүлэх татварын шинэчлэл хожил авчрах эсэхийг харах л үлдлээ. Тоглогч олонтой энэ салбарын зураглалыг бүхний таалалд нийцүүлнэ гэдэг үлгэр. Харин үүнийг хэрхэн шийдэж, ашигтайгаар даван туулах вэ гэдэг урд хөршийн Засгийн газрын “уран ухаанд” үлдэг.
Б.Үүрийнтуяа
Mongolian economy
URL: