МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ерөнхий СААД гэв
Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Бүдэрсэн хүнийг бүү түлх” гэсэн ардын үг байдаг ч гэлээ Та бол бүдрэх нь байтугай бүдчих ч эрхгүй албан тушаалтан учраас энэхүү захидлыг бичлээ. Та Монгол хэмээх айлын өөдлөх уруудах, өсөх дэвжих, жаргал зовлонгийн бүхий л ачааг үүрэхдээ “би чадна” хэмээн ам гарч, андгай өргөсөн учраас ачаа, ард түмний итгэл хоёрыг ямар ч үед бүдэрч, бүдчихгүйгээр үүрч даах үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтан юм.
Таныг Шинэчлэлийн хэмээх нэртэй Засгийн газар байгуулж удирдан ажилласан өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ард түмэн их зүйлийг итгэж найдан хүлээсэн. Улсын эдийн засгийн өсөлт 17 хувиас 6 хувьд хүрэхгүй болтлоо шалдаа бууж, ам долларын ханш 1300-аас 1900 хүртлээ огцом өсч, Монголбанкинд байсан 4 тэрбум долларын валютын нөөц шавхагдаж, гадаадын бүх хөрөнгө оруулалтууд, тэр тусмаа Оюутолгой, Тавантолгой төслүүд таг зогсч, улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас 70 орчим болтлоо өсч, эдийн засаг элгээрээ мөлхөхийг хэн ч хүсээгүй юм. Улс орон нь хөгжин дэвжиж, үр хүүхдийнх нь ирээдүй гэрэлтэй сайхан харагдах эх орондоо сэтгэл тэнүүн амьдрахыг хүссэн болохоос эхээс төрөх нярай үрдээ бондын арван хоёр сая гаруй төгрөгний өр өвлүүлэхийг монголчууд хүсээгүй юм. Үнэндээ бол Таны сонгуульд амласан улс шиг хөгжиж, хүн шиг амьдрахыг л хүссэн.
Харин итгэн хүлээсэн хоёр жил гаруйн дараа нийгмийн энэ их хүлээлт уур бухимдал, үзэн ядалт болон хувирч байгааг ойлгохоос өөр аргагүй. Хоногийн бор хоолоо яая даа хэмээн зүтгэж байгаа иргэдээ “өндөг иддэг юун тансаг юм бэ та нар”, “будаа үнэтэй байгаа бол лавшаагаа идэхгүй юу” хэмээн загнаж, гэр хорооллынхноо дэмжих зорилготой “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар сан” төслөөс Таны ахлах зөвлөх, туслах тэр бүү хэл төрсөн охин чинь хүртэл олон тэрбумын ашиг хууль бусаар завшсан нь илэрч байгааг харахаар энэ хүмүүсийн бухимдах нь аргагүй юм.
Таны хүргэн хүү Дэнзэн 17 тэрбумын тендер хууль бусаар авсан нь илэрч ажлаасаа халагдсан ч хууль бусаар авсан тендэрийнхээ газрыг буцаагаад улсад 4,8 тэрбумаар шахаж байхыг хараад, үнэ тогтворжуулах нэрээр гурван их наяд төгрөгийг хэдхэн танил компанидаа өгч салхинд хийсгэж байгаа хэрнээ цалин тэтгэврээ нэмэхгүй байхыг чинь хараад хүмүүсийн тэвчээр барагдахаас биш яахав. Олуулаа хөгжих үү, цөөхүүлээ хөлжих уу гэдэг сонгуулийн урианы чинь хариулт энэ үү.
Та бол үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн азтай нь. Ийм 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээж авсан, ийм их өр зээл тавьж мөнгө босгосон Ерөнхий сайд Монгол төрийн түүхэнд байгаагүй юм билээ. Орост төлсөн 11 тэрбумын их өрөөр ХХ зуунд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, 21 аймаг, 330 гаруй сум суурин газар, хороолол хотхнууд, Монголын бүх л их дээд, дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, хүн эмнэлэг, театр, музей, хүнд болон хөнгөн үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, авто болон төмөр замаас авахуулаад хуримын ордноос хүүхдийн зусланг хүртэл барьж байгуулж, цогцлоон хөгжүүлсэн гэдгийг Та мэднэ. Гэтэл энэ бүхнийг бүтээн босгосны гуравны нэгтэй тэнцэх Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны 2,8 тэрбум доллар болох энэ их мөнгөөр юу хийв.
Саяхан Та УИХ-ын чуулганы индэр дээрээс “бондын мөнгөөр бид юм хийлээ, төлөхийг нь бидний үр хүүхдүүд тэгээд төлчихнөө” гэж хээвнэг хариулж байна билээ. Бидний үр хүүхэд гэдэг нь Монголын бүх ард түмний үр хүүхэд юм уу, таны болон танай сайд дарга нарын хүүхдүүд юм уу гэж иргэд асууж, гайхаж байна. Эдийн засгийн ийм боломж байсаар байтал эдийн засгаа сүйрүүлж, улс орноо хоосруулж, ард түмнээ ядууруулсныг чинь юу гэж ойлгох юм бэ. 2009 онд дэлхийн даяараа эдийн засгийн хямралд дарлуулж байсан тэр үед С.Баярын Засгийн газар богино хугацаанд яаж улс орноо хохиролгүй авч гарч байсныг Тэргүүн шадар сайд хийж хажууд нь байсан хүний хувьд өөрөө мэдэж байх учиртай.
Өөрийн чинь санаачилж УИХ-аар батлуулсан эдийн засгаа аврах 100 хоногийн хөтөлбөр чинь үнэн хэрэгтээ жонхуу болж дууссан. Дэлхийн түүхэнд Манжийн төрийн сүүлчийн хаан Бадаргуултын үед сүйрэн нурж буй улс орон, эдийн засгаа аврах гэж 100 хоногийн төлөвлөгөө гаргаж байсан ч бүтэлгүйтэж улмаар хаан нь ширээнээсээ огцорч, Манжийн төр мөхөж байсан түүхийг Та юм мэдэж, ном уншдаг хүний хувьд мэдэх байх.
Та Засгийн газрын шинэ бүтэц гээчийг санаачилж, бүтэц бүрэлдэхүүнийг нь УИХ-аар батлуулсан. Ингэхдээ сайн ажилласан яамдаа түүхэн үүрэг гүйцэтгэсэн учраас татан буулгаж байгаа юм гэж зарласан. Хамгийн сайн ажилласан яамдаа татан буулгаж, ажил хэрэгч сайдуудаа огцруулдаг гайхалтай жишгийг дэлхийн улстөрийн түүхэнд Та л анх гаргаж ирлээ. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн яам яаж сайн ажиллаж, ямар түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм бэ гэдэгт хариулж чадах уу.
Энэ хүртэл сөрөг хүчин чинь сөрөөгүй харин ч дэмжиж, энэ бүх хөтөлбөр санаачилгуудыг чинь гар өргөн баталж байсныг мартаж болохгүй. Угтаа бол Ардын нам өөрийг чинь эдийн засаг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр, Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнийг санаачил гэж тулган шаардаагүй гэдгийг дахин сануулъя. Энэ бүхэн бол цэвэр өөрийн чинь мэргэн ухаанаар, хүсэл зоригоор хийгдсэн зүйлс.
Харин Ардын нам сөрөг хүчний хувьд эдийн засгаа өөд нь татахыг, хариуцлагатай байхыг, хариуцлага алдсан дарга сайд нартаа хариуцлага тооцдог болохыг, амласнаа хэрэгжүүлэхийг, ардчиллыг анархизм болгохгүй байхыг шахаж шаардаж ирсэн. Энэ бол дэлхийн ямар ч ардчилсан улсад байдаг парламентын цөөнхийн үүрэг бөгөөд үндсэн ажил нь юм.
Хамгийн сүүлд Та эрх ямба, сандал ширээгээ хадгалж хамгаалж үлдэхийн тулд МАХН хэмээн улстөрийн намтай 10 жилийн хамтран ажиллах гэрээ үзэглэлээ. Таны энэ гэрээнээс 2012 оны сонгуульд амлаж байсан авлигатай дайн зарлаж хатуу тэмцэнэ гэсэн амлалтаасаа Ардчилсан нам ухарчээ гэсэн ойлголт нийгэмд төрсөн. Таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Монгол Улс авлигаараа дэлхийд аман хүзүүдсний учиг одоо л тайлагдаж байх шиг. Энэ гэрээг хийснээрээ Та ардчилсан сонгуулийн үнэ цэнэ болсон шударга өрсөлдөөний зарчмыг, ардчилсан намынхаа нэр хүндтэй хамт уландаа гишгэсэн гэж судлаачид дүгнэж байна. Таны болон танай нөхдийн хуучинсаг коммунистууд хэмээн үзэн ядаж, муулан жигшдэг байсан нөгөөх ардчилсан үзэл зарчим, байр суурь чинь хаачив.
Засгийн газрын шинэ сайд нарын нэрсийг оруулж ирж байгаа зарчмыг чинь хараад МАН–ын 26 гишүүн, Ардчилсан нам, Шударга ёс эвслийн эрүүл тархи, зүрхтэй хоёр гишүүний хамт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан юм. Дөрөвхөн сайдын нэр бүтнээр нь оруулаад ирж чадахгүй байгаа хүнтэй, хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцох чадавхигүй Засгийн тэргүүнтэй, улсынхаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх чадваргүй Ерөнхий сайдтай цаашдаа зууралдаад байх шаардлагагүй гэж үзсэн юм. Та сайн ажилласан хэмээн магтаж, муу шошго зүүн огцруулж байгаа Зам тээврийн сайд, Барилга хот байгуулалтын сайд, Эрчим хүчний сайд нараа, илт ялагдсан сонгуулийнхаа дүнг шүүхийн луйвраар засуулж УИХ-д суудаг, бүлгийн даргын статусаараа улстөрийн наймаа хийдэг, парламентад тооноор орж ирсэн хүмүүсээр солиод юу хийж чадах юм бэ. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудал бол зөвхөн Ардын намын хүсэл биш ард түмний, нийт нийгмийн хүсэл шаардлага болсон гэдгийг Та ухаараач.
Эцэст нь би Танд ганцхан зүйлийг л зөвлөе. Ирэх лхагва гарагт өөрийн чинь асуудлыг хэлэлцэх үед бүлгийн завсарлага битгий аваарай. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ыг гуйн байж эвслийн бүлгээр авахуулсан завсарлага чинь асуудлыг улам зунгааруулж, төрийн ажлыг бодит утгаар нь гацааж, цалгардуулж байна. Таны суудлаа хадгалж үлдэх, цаг авах гэсэн улстөрийн бохир акцууд чинь эдийн засагт ч, төр засагт ч хямралыг улам бүр гүнзгийрүүлж байна. Улстөрийн энэ хямрал УИХ-ын мэдэл, намуудын хяналтаас гарлаа.
Нэг удаа ч гэсэн улс орноо бодооч. Улстөрд 20 жил явсан хүний хувьд өдөр бүр хүндэрч буй нөхцөл байдлаа мэдрээч. Ерөнхий сайдаасаа хоёр удаа гудиггүй бууж чадсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шиг байж улстөрчийн зангараг, эрийн жудаг харуулаач. Ямар үхэж хатах гэж байгаа биш ингэтлээ зууралдан чаргууцалдах яасан үнэтэй суудал вэ.
Би хэдийгээр Танаас нас залуу, амьдралын туршлага бага ч адилхан улстөрд яваа хүний хувьд нэг зүйлийг хэлье. Одоо Танд улс орон, ард түмнийхээ төлөө хийж чадах нэг л том алхам үлдсэн байна. Энэ бол сайн дураараа өргөдлөө өгч, Ерөнхий сайдаасаа өөрийн саналаар огцрох явдал юм. Төр, түмний буянаар өдий дайтай яваагаа бодож үүнийг хийгээч.
Сүүлийн үед Таныг шүүмжилсэн сэтгүүлчдийг тагнаж шалгадаг, барьж хорьдог, хэвлэж нийтэлсэн байгууллагын эрхийг нь хасч, хаалгыг нь хаадаг, тэр ч бүү хэл улстөрийн нэг хүчнийхээ байранд хууль бусаар дайран орж нэгжлэг хийлгэдэг, нэг ч байцаалт аваагүй хэрнээ хүнийг санаатайгаар гүтгэн буруутгадаг, улсыг аюулаас хамгаалах үүрэгтэй ТЕГ-ыг өөрийгөө хамгаалдаг хувийн мөрдөх товчоо мэт болгосон зэргээс чинь шалтгаалж энэ бүхнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Танд бичлээ.
Төгсгөлд нь, Үндэсний өдөр тутмын ууган сонины гал тогоог хэдэн жил удирдсан хүний хувьд өөрт чинь хаягласан гарчигт ямар нэгэн үсгийн болон утгын алдаа байхгүй гэдгийг хэлье.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЭНЭ ТӨВЧИГНӨСӨН ХООСОН ТОЛГОЙ,СОЁЛГҮЙ МАНГАР ГЭДЭГ ЭЭ ОЛОНД ХАРУУЛСАН ЯВДАЛ БОЛЛОО ДОО