Монголын шорон хүнээр хахаж байгааг 2014 оны шүүхийн тайлан гэрчиллээ
Саяхан Монгол улсын шүүхийн 2014 оны эхний хагас жилийн ажлын тайлан хэвлэгджээ. Монгол улсын шүүх энэ оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн болон иргэний, захиргааны нийт 19968 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс 4413 хүнд ял оноосны дотор 18-29 насны 2002 залуу шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн ажээ. Хамгийн гол нь 2014 оны эхний хагас жилийн дотор манай улсын шүүх 2093 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгосон байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон яллагдагчаар татагдсан хүмүүсийг хорьдог ганц газар нь Сонсголонд баригдсан цагаан байшин бөгөөд тэнд 1200 хүнийг багтаах боломжтой юм гэсэн. Гэтэл зөвхөн 2014 оны эхний зургаан сарын байдлаар 2000 гаруй хүн хоригдож байна гэхээр тэрхүү шоронгийн даац нь аль хэдийнэ хэтэрч, тэнд хоригдож буй хүмүүсийн ахуй нөхцөл доройтсон юм биш үү гэсэн бодол төрж байгаа юм. Гэвч манай шүүхийнхэн хэзээ ч урьдчилан хорих төвүүд хүний даацаа хэтрүүлдэггүй тэнд бүх зүйл хэвийн хэмжээнд байдаг хэмээн арьсаа хамгаалдаг билээ.
За яахав улсын хэмжээнд аймгуудын мөрдөнг оруулаад нийтдээ 1000 орчим сэжигтэн байгаа, тэднийг 21 аймагтаа хуваагаад тараачихдаг гэж бодъё. Тэгвэл үлдсэн 1000-ыг нь Улаанбаатарын баруун урд байгаа ганц урьдчилан хорих байр луугаа чихэхээс өөр аргагүй болно шүү дээ. Гэтэл тэнд бас өмнөх жил нь яллагдсан эсвэл ямар нэг хэрэгт сэжиглэгдсэн 1000 гаруй этгээд үйлээ эдлээд, үгээ бараад хоригдож байгаа гэдгийг бас тооцох хэрэгтэй. Зөвхөн хагас жилд хоригдогсодын тоо мянгаар нэмэгдэж байгаа гэдгийг ч давхар тооцох хэрэгтэй болов уу. Тэгэхээр 1200 хүний багтаамжтай урьдчилсан хорих байр дор хаяж нэг дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа нь харагдаж байгаа юм. Ийм тохиолдолд тэнд хүний эрх бүрэн хангагдаж байгаа хэмээн хамгаалах нь утгагүй биз ээ. Харин Монгол улсын шүүх 2014 оны эхний хагас жил буюу зургаан сарын байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-р зүйлд заасны дагуу 1012 хүнийг сэжигтнээр цагдан хорих зөвшөөрөл олгосон байгаа юм. Нэг ёсондоо хийсэн хэрэг нь тогтоогдоогүй сэжиглэгдэж байгаа 1012 хүнийг барьж хорьсон гэсэн үг шүү дээ.
Харин эдгээр хүмүүс бүгд гэм буруутай нь тогтоогдож ял шийтгэлээ эдэлсэн болов уу гэдэг эргэлзээтэй. 1012 хүнээс аягүй бол 200-300 хүн хэрэгт гөрдөгдөн, хэлмэгдэж хилсээр гүтгэгдэн эрүүл мэнд, эдийн засаг, цаг заваараа хохирсон ч байж болох талтай. Хэдийгээр манай хуулийнхан хичнээн хүн шорон дотор хоригдон тарчилж байгаа талаар яс тоо хэлэх дургүй багцаа тоо хэлдэг ч шүүхээс гаргадаг хагас жилийн тайланг нь үзэхэд л Монгол улсын хоригдол ялтангуудын тоо жилдээ доод тал нь хоёр мянгаар нэмэгдэж байдаг нь андашгүй байна. Ийм олон хүн шоронд орж байгаа юм чинь жилдээ ядаж 2000 ялтан шоронгоос суллагддаг болов уу гэтэл үгүй юм байна. Шүүхийн тайлан мэдээг харахад өнөө жилийн байдлаар ердөө 740 ялтан л суллагдсан бол харин оронд нь зөрөөд 4412 хүн ял сонсон шоронд орсон байгаа юм. Нөхцөл байдал ийм байгаа юм чинь Монгол улсад яваандаа ахиад хэдэн шорон хэрэг болох биз ээ. Нэг хоёр жилийн дараа ялтан хоригдлуудаа багтаахаа болилоо гэсэн асуудал үүсэн гарч ирээд шинээр шорон барих нь тодорхой байна. Гэмт хэргийн нөхцөл байдлыг бууруулах тодорхой ажил хийгээгүй цагт Монголд шоронгийн эрэлт хэрэгцээ их хэвээр, шоронгууд нь ямагт хүнээр хахсаар байх бололтой.
Б.Мөсөн
agshin.mn
URL: