“Бодь даатгал” бодит зүйлийг гуйвуулсан мэдэгдэл гаргажээ
Манай сонины энэ сарын 17-ны дугаар /178/-д “ Л.Гүндалайгийн хувийн бизнес Алтанбулаг боомтын онцгой бүсээс эхэлжээ” гэсэн нийтлэлийг уншигчдад хүргэсэн.
Нийтлэлийн гол санаа нь “Бодь даатгал” ХХК Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн хяналт шалгалт буюу онцгой бүсэд хууль зөрчин даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа тухай юм.
“Бодь даатгал” ХХК хийсэн гэрээгээ гуйвуулсан
Гэтэл тус компани бидний бичсэн энэхүү мэдээллийг огт ор үндэсгүй худал зүйл бичсэн мэтээр олон нийтэд ойлголт төрүүлж өөрсдийгөө хууль ёсны дагуу ажилласан гэх утгатай мэдэгдлийг цахим ертөнцөд тараажээ.
Тэдний гаргасан мэдэгдлээс нь цухас дурьдахад, “Бид Хилийн боомтын тухай хууль /ХБТХ/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т зааснаар “Боомтын хяналтын бүсэд боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагаас бусад хуулийн этгээд, иргэн Боомтын захиргаанаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулна” гэж заасан байна.
Хуулийн энэ заалт болон Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын тайлбарын дагуу манай компани Боомтын нэгдсэн захиргаанд хандан хүсэлт тавьж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь боомтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хууль журмын дагуу авсан.
Иймд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр зохион байгуулалттайгаар тараагдаж буй мэдээлэлд дурьдсанчлан тус компани боомтын бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан зүйл огтоос байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээсэн юм. Тэгвэл тус компанийн гаргасан энэхүү мэдэгдэл нь шударга үнэнд огт нийцэхгүй байгаа учраас албаны эх сурвалжуудын баримтыг хүргэж байна.
Хэргийн гол учир нь “Бодь даатгал” ХХК Хилийн боомтын тухай хуулийн 12.2-т заасны дагуу “Даатгалын зуучлагч компани нь хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна” гэх гэрээг хийсэн.
Гэрээгээ зөрчиж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулсан
Гэтэл тус компани энэхүү гэрээг гуйвуулж Хилийн боомтын тухай хуулийн (ХБТХ)-ийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Боомтын хяналт шалгалтын бүсэд боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа” явуулна гэсэн заалтаар ажиллаж хууль зөрчсөн юм.
Өөрөөр хэлбэл, “Бодь даатгал” ХБТХ-ийн 12.2-оор гэрээ хийсэн мөртлөө хууль журмаа зөрчин Боомтын хяналт шалгалтын бүсэд ажиллаж байсан гэсэн үг. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын даатгагчдын холбоо болон тус аймгийн ШӨХТГ-ын улсын байцаагч нар албан шаардлагаараа баталгаажуулан “Одоо явуулж буй үйл ажиллагаагаа нэн даруй зогсоо” гэсэн шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан юм.
Тухайлбал, өнгөрсөн сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болормаад дараах шаардлагыг хүргүүлсэн байна. Үүнд “Жолоочийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах журмыг хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2012 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн А/23/24 тоот хамтарсан тушаалаар “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-ыг баталсан.
Энэхүү журмын 2.2-т “Даатгалын зуучлагч компани нь хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна” гэж заасан. Гэтэл танай компани хилийн бүсэд даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа нь уг журмын 2.4-т “Даатгагч, даатгуулагчийн ашиг сонирхлыг төлөөлөн хилийн бүсэд ажиллах даатгалын зуучлагч компанийн Санхүүгийн зохицуулах хороо, ХХЕГ-аас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад үндэслэн сонгож, хилийн бүсэд даатгал хийх зөвшөөрөл олгоно” гэж заасан шаардлагыг зөрчиж байх тул дээрх үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна” гэжээ. Хамгийн гол нь тус компанид үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдлий албаныхан удаа дараа өгч байсан ч тэдний өгсөн шаардлагыг үл тоомсорлож хилийн хяналт шалгалтын гаднах бүсэд ажиллаж байсан даатгалын хоёр компаниа ажиллах аргагүй байдалд хүргэснийг нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн даргын үүрэг гүйцэтгэгч, Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгч А.Сарантуяа албан бичиг бичиж хүргүүлж байсан юм. Нөхцөл байдал ийм байхад “Бодь даатгал” ХХК үнэнийг илт гуйвуулж өөрсдийнх нь нэр төрд халдаж худал гүтгэлгийн чанартай мэдээлэл гаргалаа гэсэн нь зах зээлд анхдагч, манлайлагч гэсэн нэр хүндээ алдаж байна гэж хэлэхээс өөр аргагүйд хүрч байна.
Юутай ч улсын онцгой бүс, тэр тусмаа анхаарал болгоомжтой ажиллах ёстой хяналтын бүсэд дураараа авирласан “Бодь даатгал”-ыг хариуцлагын гадна үлдэхгүй гэдгийг албаныхан хэлж байсныг онцлох нь зүйтэй байх.
Бид дараагийн дугаартаа тус компанитай холбоотой бас нэгэн мэдээллийг сурвалжлан хүргэх болно.
Р.Саруул
Эх сурвалж:
URL: