Эмийн зохисгүй хэрэглээ
Эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзахийг зөвлөж байна.
Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмагаас эмийг өөрийн дураар хэрэглэсний улмаас эмийн гаж нөлөө илрэх, эмэнд хордох, дасал болох явдал элбэгшиж эрүүл мэнд амь насаараа хохирох, антибиотик хэрэглэх дадал газар авсны улмаас антибиотикт дасалтай нянгийн омгууд олноор бий болж, антибиотик эмчилгээний үр нөлөө буурах, нянгийн халдвар хүнд явцтай явагдах болсон зэрэг нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зүй ёсоор түгшээж байна. Орчин үед эмийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, эмийн нэр төрөл олширч байгаа нь эмийг зөв сонгох, оновчтой хэрэглэхэд улам бүр түвэгтэй байдлыг бий болгож байгаа бөгөөд зөвхөн эмч, эм зүйч нар төдийгүй энгийн хэрэглэгчдэд ч үнэн зөв мэдээлэл чухал ач холбогдолтой болж байна.
Ашиг олох зорилгоор эмийг хэт дөвийлгөн сурталчилах, жороор олгодог эмийг жоргүйгээр олгох зэрэг нь эмийн зохисгүй хэрэглээг үүсгэж буй хүчин зүйл болсоор байгаа бөгөөд сурталчилгааны компанит ажил, рекламуудаас үүдэлтэй шинжлэх ухааны үндэслэлгүй буруу ойлголтууд газар авсаар байгаа юм. Хөгжиж буй орнуудад жороор олгодог эмүүд жоргүй олгогдсоор, үүнтэй уялдан өөрийгөө эмчлэх үзэгдэл хаа сайгүй дэлгэрсээр байна. Манай иргэдийн дунд дараах байдлаар эмийг зохисгүй хэрэглэх явдал олонтаа гарч байгааг сануулахад илүүдэхгүй
- Хэрэгцээгүй буюу эмчийн заалтгүй эм хэрэглэх
- Хэрэгцээт эмийг хэрэглэхгүй байх, эсвэл хэрэгцээт эмийг оновчтой сонгоогүй байх
- Эмийн тун, хэрэглэх цаг, эмчилгээ үргэлжлэх хугацааг зөв баримтлахгүй байх
- Хэрэглэх арга оновчгүй байх, тарилгад хэт шүтэх
- Хэт олон эмийг нэг дор хэрэглэх
- Эмчид дутуу мэдээлэл өгөх
- Чанарын баталгаагүй эм худалдан авч хэрэглэх
- Эмийн үр дүн илэрч болох гаж нөлөөний талаар дутуу мэдээлэл авах:
Ард иргэд эмийг хэрэглэхдээ юуг гол анхаарах шаардлагатай вэ? Та ямар төрлийн эмийг хичнээн хэмжээгээр хэрэглэх нь таны эмчлүүлэх гэж байгаа өвчнөөс хамаарна. Түүнийг таны эмч зааж зөвлөж өгөх болно.
– Эмийг аль болох их хэмжээгээр хэрэглэвэл бие түргэн сайжирч эдгэрэнэ гэж хүмүүс боддог. Энэ бол худал атлаа аюултай бодол юм. Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэсний улмаас эмийн хордлого, гаж нөлөө илэрдэг.
Эмийн гаж нөлөө гэж юу вэ?
Хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх зорилгоор зохист тунгаар хэрэглэхэд бие махбодид гарч болзошгүй болон гарч байгаа сөрөг илэрлийг “эмийн гаж нөлөө” гэдэг;
илрэх хордлогын шинж тэмдгүүд нь дотор муухайрч, бөөжис цутгах, бөөлжих, ходоод өвдөх, толгой эргэх, чих шуугих, амсгаадах зэрэг бөгөөд эдгээр шинж нь эмийн гаж нөлөөний шинж ч байж болно. Эм болгонд харилцан адилгүй байдаг бөгөөд, уг эмийн хэрэглэх үед ямар гаж нөлөө илэрч болзошгүйг эмийн зааварт бичсэн байдаг. Хэрэв та аль нэгэн эмэнд харшилтай гэдгээ мэдвэл түүнийг дахиад хэзээ ч бүү хэрэглээрэй. Дахин хэрэглэвэл тэр эм урьдахаас илүү ноцтой урвал өгөх ба тэр ч байтугай үхэлд хүргэж болзошгүй. Ялангуяа та аль нэг эм хэрэглээд дараа нь таны арьс загатнах, аман дотор памбайж хавдах, эсвэл амьсгалхад төвөгтэй болох, бие хөөж памбайх шинжүүд илэрвэл эмнэлгийн тусламжийг маш яаралтай авах хэрэгтэй. Эм ашигтай байж болно. Гэвч эм нь, чанартай сайн хоол, эрүүл аж төрөх ёсыг хэзээ ч орлож чадахгүй. Зарим өвчин эмгэгийн үед зөвхөн их хэмжээний шингэн уух, зарим өвчний үед сайн амрах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх явдал хамгаас чухал эмчилгээ болох нь бий.
Жороор олгодог эмүүдийг заавал эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай. Жоргүйгээр олгодог эмүүдийг эмчийн зөвлөгөө авалгүйгээр хэрэглэх үү болих уу гэдгийг шийдвэрлэхийн тулд Та юуны урд дараах асуултанд хариулаад үзэх хэрэгтэй.
– Миний өвчин хэр ноцтой байна вэ
– Эмгүйгээр би эдгэрч сайжирч чадахгүй юм уу
– Би өөрөө амьдралын нөхцөл хэвшлээ өөрчлөх замаар биеэ сайжруулж чадахгүй юу
– Энэ өвчин эмгэгийг эмгүйгээр эмчлэх арга байна уу
– Энэ эмийг хэрэглэхэд өртөг зардал гаргах, эрсдэлд өртөхөөс илүү ашиг тус гарах уу
Дээрх асуудлуудад бүрэн хариулт өгч чадахгүй байх буюу өөртөө эргэлзэж байвал эмчид үзүүлж зөвлөгөө авах нь хамгаас чухал
Эмийн жор гэж юу вэ? “эмийн жор” гэж эмчээс эм зүйч, эм найруулагчид хандан эмийг тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг;
Эмийг хэрхэн зөв хэрэглэх вэ? Эмийг эмчийн заалтын дагуу тодорой цагт, эмчилгээ үргэлжлэх хугацааны турш хэрэглэх ёстой. Хэрэглэж буй эмнүүдээ нэг саванд хольж хэрхэвч болохгүй. Хаягий нь бүү аваарай. Мөн эмийг андуурахгүйн тулд харанхуйд таамгаар авч хэрэглэхгүй байх нь чухал.
Эм хэрэглэхийн өмнө таны зайлшгүй мэдэж байх зүйлүүд:
- Эмийг хэрэглэхийн өмнө эмийн зааврыг сайтар уншиж танилцсан байна.
- Тухайн эмийг ямар хэмжээгээр хэрхэн хэрэглэх (эмийн тун)
- Өдөрт хэдэн удаа уух, түүнчлэн хэдэн өдрийн турш хэрэглэх
- Тухайн эмийг хоол ундтай хэрхэн уялдуулах өөрөөр хэлбэл өлөн үед, эсвэл хоол идсэний дараа хэрэглэх эсэх, эсвэл тухайн эмийг хэрэглэж байх үед хамт хэрэглэж болохгүй хүнсний зүйлүүдийн талаар мэдээлэл авсан байх.
- Олон эмийг нэгэн зэрэг хэрэглэхээс аль болох зайлсхийх
- Нийлмэл эмүүдийг (2 ба түүнээс дээш тооний эмийг нэг шахмал болон үйлдвэрлэсэн) худалдан авахдаа болгоомжлох
- Эмийн боодол нь заавар шошготой байх ёстойг анхаарч баталгаажуулах
Эмийг гаднаас нь харахад дараах байдлууд өөрчлөгдсөн байвал хугацаа хэтрээгүй байлаа ч уг эмийг хэрэглэж болохгүйг анхаарна уу.Тухайлбал
- Үрлэн эмийн хувьд үйрч бутарсан, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн байх
- Капсултай эмийн хувьд бүрээс нь хайлж наалдсан эсвэл хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн байх
- Тунгалаг шингэн эмийн хувьд булингартсан, эсвэл ямар нэгэн зүйл хөвж байх
- Нунтаг эмийн өнгө байдал нь шарлаж хуучирсан харагдаж байх гэх мэт
- Ургамлын гаралтай эмийн түүхий эд хавласан байвал
Эмийг хэрхэн хадгалах вэ?
Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах явдал эмчилгээний үр дүнд ихээхэн ач холбогдолтой. Ямарч эмийг хүүхэд хүрхээргүй газар хадгалах ёстой. Энэ нь хүүхэд эмэнд хордохоос сэргийлдэг. Эмийг өөрийнх (үйлдвэрийнх) нь саванд хадгал. Эмийн савний таглаан дотор байдаг хөвөн чийгнээс хамгаалах зориулалттай тул түүнийг авч хаяхгүй байх нь зүйтэй.
Дулаан, гэрлийн шууд нөлөөнөөс хамгаалах нь чухал. Гал тогооны өрөө, угаалгын өрөөнд эмийг бүү хадгал. Учир нь чийг дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг. Шингэн эмийг хөлдөхөөргүй хадгал. Тодорхой нөхцөл заагаагүй бол эмийг хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Хугацаа дууссан, шаардлагагүй эмийг хадгалах буюу бусдад тус гэж өгөх хэрэггүй.
URL: