Бадарчин баярлах болоогүй байж

Н.Энхбаяр түүний тойрон хүрээлэгч, хамтран зүтгэгчид удтал хөөцөлдөж, чамлалтгүй хэл ам, хэрүүл тэмцлийг давсны эцэст өөрсдийн байгуулсан шинэ намдаа МАХН хэмээх нэрийг авч чадлаа. 19 дэх улс төрийн намаар бүртгэгдэж буй энэ хүчнийг монголчууд харин санаснаас их баяр бахдалтай хүлээн авч, нийгмийн сэтгэл зүй орвонгоороо эргэх шиг боллоо. Ардчилсан нийгмийн хүчээр бид өөрсдөө жинхэнэ ёсоор сонголтоо хийх эрхтэй болсон ч цөөн хэдэн жил дэндүү ихийг ухааруулсан юм. Ард түмэн одоо л үнэн зөв сонголтоо хийхгүй бол улс төрчдийн тоглоом болж дуусах нь гэдгээ одоо л нэг ойлгож байх шиг. Гэхдээ сонгуулийн хууль олон түмний бодит эрх ашигт нийцэхүйц бүрэн төгс утгыг агуулна гэдэг нь эргэлзээтэй хэвээр.
Н.Энхбаярыг улс төрөөс арчигдаж ахуйд нь “Дарангуйлал дарангуйллыг авчирдаг” гэж баярласан хүн цөөнгүй. У.Хүрэлсүх гэдэг түүнээр загалмайлуулсан хүүгийн жинхэнэ мөн чанарыг цөөн жилд сонирхогчид, хамтран зүтгэгчид нь хангалттай мэдэрсэн. Нүдний хор нь гараагүй хүний үг хэл, үйлдэл бүхэн бусдын эгдүүцэл төрүүлэхийн зэрэгцээ Н.Энхбаярт зориулж “өлсгөлөн хүн тэжээвэл өөрөө өлсөнө” гэдгийн үлгэрийг сануулсан байх. Өсөхийн өлсгөлөн хүний нүдний хор гардаггүй гэдэг үнэн бололтой. МАХН гэдэг нэрээ Н.Энхбаяртангууд “авлаа” гэдэг мэдэгдэл ойд ассан түймэр шиг тархахад ард түмэн битүүхэн баяр хөөрт авсан нь хүн бүхэнд анзаарагдсан нь бас ч хүү сонин. Үүнтэй зэрэгцээд түнтийтлээ уурлачихсан царайтай У.Хүрэлсүх “МАХН 90 жилийн түүхтэй МАН-д огт хамаагүй” шүү гэж агдаганах нь Н.Энхбаяр, У.Хүрэлсүх гэдэг хувь хүмүүсийн шинж чанарыг бүр ч илүү тодотгоод байх шиг. Н.Энхбаяр төрийн өндөрлөгт байхдаа гаргасан алдаа их. Гэхдээ алдаа оноондоо суралцсан болов уу гэх найдвар төрүүлж буй сүүлийн хэдэн жилд гаргасан У.Хүрэлсүхийн увайгүй араншин “бусдын бурхнаас өөрийн чөтгөр” дээр байдгийг эрхгүй сануулсан юм.
Энэ хоёр намын маргаан цаашид хэрхэн өрнөж, ард иргэд хэнийг нь дэмжихийг цаг хугацаа харуулна. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх гэдэг хүмүүсийн зуулт харин лавшрах нь тодорхой. Юутай ч У.Хүрэлсүхийн хувьд бадарчин баярлах болоогүй байж. Харин Н.Энхбаяртан энэхүү ялалтынхаа парадын тэргүүн эгнээнд Удвал, Шинэбаяр мэтийн “ердийн бус” кадруудыг чухалчилвал төдийлөн амжилтанд хүрэхгүйг тооцоолж чадахуйц сийрэгхэн толгой.


URL:

Сэтгэгдэл бичих