Эрх мэдэлдээ дулдуйтсан нэгний утсан хүүхэлдэй
Ичсэн хүн хүн ална гэдэг л болж байх шиг байна манай улстөр дотор. Өөрийнхөө хийсэн алдааны төлөөсийг өөр нэгэнд үүрүүлэн туг тахих ёсон зөвхөн Монголд л байна. Ингэж хэлэхэд нэг их хатуудаад байхгүй л болов уу.
Хэн нэгнээас өө сэв хайж явахаар өөрийнхөө өө сэв алдаа мадагтаа анхаарвал арай л бусдад ойлгогдох байхдаа хэмээн гайхахад хүрээд байна. Учир нь өнгөрсөн хавраас эхлэн улстөрийн тогоон дотор ихээхэн будаа хуурч байгаа хүний нэг бол яах аргагүй ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэгтээ хэнч маргахгүй.
Өнгөрсөн долоо хоногт МАХН-тай хамтран ажиллах 10 жилийн мастер төлөвлөгөө хэмээн гэрээ байгуулж гарын үсэг зуралцаж олон нийт болон нам нэгт нөхдүүддээ гэнэтийн бэлэг барьж чадсан түүний эр зоригийг бахдахгүй байхын аргагүй ч бас харамсаж халагламаар… Өөрөөр хэлбэл хийсэн үйлдээ бантсандаа өөрийнхээ хийсэн үйлийг хэн нэгэнд үүрүүлэн хариуцлага гэдгээс уран бултах арга буюу сүүлчийн уран мэхээ хэрэглэж үзэхээр шийдсэн нь өнөөдөр нэгэнтээ тодорхой боллоо.
ТЕГ-т шууд дээрээс нь үүрэг тушаал өгч шуурхай ажиллуулсны үр дүнд өнөөдөр ТЕГ-аас мэдээлэл хийлээ. тэдний үзэж байгаагаар МАХН, АН хоёрын гэрээний нууц хуулбарыг МАН хулгайлаад хуурамчаар гарын үсэг зураад олон нийтийн хэвлэлийн мэдээллээр тараасан болох талаар мэдэгдэж байх юм. Тэдний мэдээлснээр “гэрээний нууц хавсралтыг МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл болон тус хэлтсийн нэр бүхий хүмүүс хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон” хэмээлээ. Уул нь ТЕГ-ын хийх ажил энэ мэтхэн биш л баймаар юм, хуулийн дагуу бол шүүх, прокурорын байгууллагад хандах ёстой. Ер нь ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо биш хэмээн хотын дарга Э.Бат-Үүл мэдэгдсэн нь нэгийг бодогдуулах шиг.
Ямартаа ч өөрийн хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрч чадахгүй энэ мэт ерөнхий сайдаар толгойгоо мэдүүлж удирдуулаад байгаа бидний хувь заяа хэрхэхийг ёстой л тэнгэр л мэдэх болжээ. Ерөнхий сайдаар ажиллах хоёр жилийн хугацаандаа хоёр дахь удаагаа огцруулах мэдэгдэл хүлээж аваад байгаа ч өнөөдрийг хүртэл яаж суудлаа авч үлдэх вэ гэсэн башир аргаа боловсруулан суугаа нь лавтай.
Эрх мэдэлдээ дулдуйдан улсын байгууллагыг өөрийн дураар хөдөлгөх эрх хийгээд эрх мэдэлтний гар хөл болж өөрийн үндсэн үүргээ умартаж зүтгэх төрийн ыөщайгууллага нь өнөөгийн ардчилсан ёсны үнэн төрх болоод байгаа нь харамсалтай.
ЧОЙ
URL: