Улс төрд “Түгжил” олшрох цагаар

түгжилНамрын адаг сар гарахтай зэрэгцээд улс төр улам л халуу шатаж байна. Олны анхаарлын төвд АН, МАХН гэдэг хоёр орж ирж, МАН ч бас бид байгаа шүү гэдгээ харуулах гэж хэрээрээ л хичээж хашгирч үзэж байна аа.

УИХ дахь Ардын намын бүлэг дээр нэмээд АН-аас Ж.Батзандан, МАХН-аас Л.Цог нар Н.Алтанхуягийг огцруулах бичиг өргөн барилаа. Сөрөг хүчний хувьд МАН-ын энэ хийж байгаа энэ алхам улс төрд байдаг л зүйл. Харин АН-ын Ж.Батзанданд хаягласан “Түгжилдчихлээ”  “Тагнуулд хамт явж болохгүй” хүн гэдгээ харууллаа, “Шоронгоос айхдаа АН-д элсч аврал эрж байснаа мартлаа”, “Намынхаа эсрэг ажиллалаа” гэх мэт шүүмжлэл өрнөж байна. Ардчилсан намд элсэхгүй хэмээн өөрөө ИХ гэдэг нам байгуулж дарга нь болж явсан Ж.Батзандан 2008 оны долдугаар сарын 1-ний бараан үйл явдлын дараа Иргэний хөдөлгөөний намаа гудамжинд хаяад өөрөө Ардчилсан намын батлахыг гардан авч байлаа. Иргэний хөдөлгөөний намыг нь авч үлдсэн “Анод”-ын Даваа банкаа дээрэмдүүлээд зогсохгүй шоронд сууж, дөнгөж өнгөрсөн есдүгээр сард шоронгоос гарч ирсэн байна билээ. Байгуулсан намаа хаяад АН-ыг бараадсан Ж.Батзандан 2012 оны сонгуулиар АН-аас нэр дэвшиж Их Хурлын гишүүн болсон. Харин одоо өөрийг нь  Төрийн ордонд залсан намаа, намын дарга Н.Алтанхуягтаа “жинхэнэ Түгжил” царайгаа харуулаад огцруулна гээд жирийж явах. Дургүй юм бол АН-ын батлахыг нь буцаагаад өгчихмөөр юм даг уу даа, нэг мөр.

Өчигдрийн буюу пүрэв гаригийн байдлаар АН дотроос Н.Алтанхуягаа “Түгжилдэе” гэсэн улс нэмэгдээд байгаа сурагтай байна билээ. Н.Алтанхуяг хамтран зүтгэгчдээ, бас 2012 оны сонгуулиар өөрийнхөө гаргаж ирсэн хүмүүсийн үнэн нүүр царайг таних боломж гарч ирж байна гэж тайлбарлах хүн ч байна билээ.

Засгийн эрхийг АН ганцаараа биш, Л.Цогийн харьяалагддаг “Шударга ёс” эвсэлтэй хамтран барьж байгаа. Л.Цог эрх барилцаж байгаа эвслийг төлөөлөн УИХ-ын дэд дарга гэдэг албан тушаалыг хашиж байгаа. Эрх барилцаж байгаа Их хурлын дэд дарга бас эрх баригч хүчнээ “түгжилдэээд” сөрөг хүчний өргөн барьсан огцруулах бичиг дээр гарын үсэг зуржээ. Эрх барилцаж байж эрх баригчдаа Түгжилдээд байгааг “өөрөө өөртэйгөө зөрчилдөөд байгаагийнх нь илрэл” гэж орчуулж болно.

Эвсэж чаддаггүй эвслийнхэн дотроос Засгийн бүтцийн өөрчлөлт тойроод бас асуудал гараад байгаа сурагтай.  Засгийн газрын бүтцийн өөрчлөлтэй холбоотойгоор зарим сайд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Бүтцийн өөрчлөлтөөр ажлаа өгч байгаа сайд нараас А.Гансүхээс бусад нь сайд, УИХ-ын гишүүн гэсэн давхар албатай. Тиймээс  олонхи нь сайдын ажлаа өгчихөд Төрийн ордноос гараад явчихаж байгаа зүйл байхгүй. Гэхдээ тавантаа сонгогдсон Их Хурлын дархан аварга гишүүн Ч.Улаан сайд жаахан таагүй байгаа бололтой. Чуулганы танхимд үг хэлэхдээ хүртэл энэ байдлаа нууж чадахгүй илэрхийлээд авна билээ. Ч.Улаан сайд гомдолтой байгааг Ардын намынхан эмзэг хүлээж авч байгаа гэж жигтэйхэн. Бүр “Улааныг огцруулна” гэж тогтоолын төсөл өргөн барьж байснаа хүртэл таг мартчихсан магтаад сүйд.

Эвслийг бүрдүүлдэг МАХН-ын бага чуулган өнгөрсөн өдрүүдэд болж, дотоод асуудлаа нэлээд халуухан хатуухан ярьцгааж. Гэхдээ   Ч.Улаан, Д.Тэрбишдагва гээд төрд алба хашиж байгаа сайд нарыгаа “байр сууриа Л.Цог гуай шиг илэрхийлэхгүй, буурь суурьтай улс” гэж намынхан нь итгэж байгаа аж. Бага чуулганы гишүүдийнхээ энэ байр суурийг дарга нь ч дэмжсэн гэнэ.

 

Н.ДЭЛГЭР /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих