“Роснефть” хүсэлтээ дахин илэрхийлжээ

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнгөрсөн өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотод хуралдаж нефть хангамж зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцсэн юм. Хурлаас газрын тосны нийлүүлэлт,  хангамжийн  талаар хэлэлцсэн үр дүнгийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хурлаар нефть бүтээгдэхүүний асуудлаар ямар тохиролцоонд хүрсэн бэ?

- Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ОХУ-ын Улаан-Үдэд боллоо. Хурлын үеэр Монгол Улсад үүсээд байгаа бензиний хангамжийн асуудлаар ярилцаж санал бодол солилцлоо. Эхний ээлжийн 10 мянган тонн шатахууны ачилтыг өнөөдрөөс эхлээд хийж байна. Урт хугацааны гэрээнд шилжих асуудлаар Монголын газрын тос импортлогч компаниуд, газрын тосны холбогдох албан тушаалтнууд Москва руу явж яриа, хэлэлцээ хийж байна. Урт хугацааны гэрээ хийсний үр дүнд ямар нэг байдлаар сарын хангамж хоцрогддог, хойшилдог байдал арилна.

ОХУ-ын холбогдох албаны хүмүүс “Роснефть” компаниас манай шатахууны жижиглэнгийн болон бөөний худалдаанд оролцох сонирхолтой байгаа. Энэ байр сууриа Оросын албаны хүмүүс дахин илэрхийлсэн. Монголын талаас үүнийг судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Өнөөдрийн байдлаар дизель түлш болоод газрын тосны бүтээгдэхүүний хангамж хэвийн байдалдаа эргэж орж байна.

-Нефть бүтээгдэхүүний тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар амжиж хэлэлцэж чадах уу?

-Үүнийг амжих эсэхийг УИХ-ын гишүүд л мэднэ. Хаврын чуулган энэ долоо хоногийн эцсээр дуусах байх гэж бодож байна. Засгийн газраас ирэх гурав дахь өдрийн хуралдаанаараа үүнийг хэлэлцэнэ. Яамдын байр суурь адил төстэй биш байгаа. Зарчмын том асуудлуудаар одоо хүртэл санал зөрүүтэй байна. Нэгэнт ажлын хэсэг дээр байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа энэ асуудлыг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтсон. Газрын тосны бодлогын баримт бичиг, нефть боловсруулах үйлдвэр байгуулах танилцуулгатай хамтруулан Засгийн газар хэлэлцээд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

-Нефть импортлох асуудлыг төрийн мэдэлд шилжүүлэхийг Засгийн газар дэмжиж байгаа юу?

-Одоохондоо энэ асуудал орж ирээгүй байна. Бидний хувьд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хийгээд УИХ-д өргөн барина.

Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих