С.Эрдэнэ сайдын ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛТЭЙ төсөл
Наанаа сайхан ярьдаг ч цаанаа ярьсныхаа эсрэг хийдэг эрх ашгийн зөрчилтэй сайд энэ танхимд хэд хэд бий. Үүний нэгэн тод жишээ болж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хүний хөгжил” сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын саналыг өгөхдөө өөрийн сонгогдсон тойрог болон төрсөн сумаа онцолжээ. Тодруулбал, ирэх онд “Хүний хөгжил” сангийн хөрөнгөөр гуравхан төслийг санхүүжүүлэхээс нэгийг нь өөрийн сонгогдсон тойрог буюу Баянгол дүүрэгт, бас нэгийг нь өөрийн төрсөн нутаг Архангай аймгийн Хайрхан суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн саналаа Засгийн газраар дамжуулан УИХ-д оруулж ирлээ. Харин үлдсэн нэгийг нь Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслүүдийн нэр нь “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн барилга, тоног төхөөрөмж” аж. Засгийн газраас 2014 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “давхар дээл”-ийнхээ хүчээр Засгийн газрын энэ бодлогыг 2015 онд өөрийн тойрог, төрсөн нутагтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэж байгаа бололтой. 30 төслөөс хоёрыг нь дээрх байдлаар хуваарилсан бол хэн ч анзаарахгүй. Харин гуравхан төслөөс хоёрыг нь өөртөө ашигтай байдлаар хуваарилсан нь анхаарал татаж байна. Нутагтаа ийм төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй сонгогчид нутгаасаа сонгогдсон, эсвэл тэнд төрсөн сайдтай байх хэрэгтэй гэдгийг С.Эрдэнийн энэхүү эрх ашгийн зөрчилтэй төслөөс харж болох юм.
С.ШИйЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ шуудан/
URL: