Царцаасан объектуудад санхүүжилт олгохгүй
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх онд манай эдийн засгийн гол үзүүлэлтүүд ямар байхаар төсвийн хуульд тусгасныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралдааны эхэнд танилцууллаа. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төсвийн төслийг шинэчлэн боловсруулсан билээ. Энэхүү төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.160.4 тэрбум, нийт зардал 7.638.8 тэрбум, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийг 478.4 тэрбум төгрөгөөр тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл өмнө нь өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс нийт тэнцэл 1.3 тэрбум төгрөгөөр сайжирч байгаа аж. Улсын төсвийн энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, ирэх оны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ирэх оны төсвийн орлогыг бодитой төлөвлөх, урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан төсөв боловсруулсан гэдгээ Ерөнхий сайд хэлсэн. Харин төсвийн зарлагын тухайд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, төсвийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх талд түлхүү анхаарсан байна.
Харин МАН-ын бүлгийн гишүүд төсвийн төсөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Тиймээс нийгмийн чанартай, сургууль, оюутны дотуур байр, төрөх эмнэлгийн барилга, байгууламжийн мөнгийг цаашид хэрхэх вэ гэдэг асуултыг тавьж байлаа. Албаныхны хэлж буйгаар ирэх онд шинэ объект барих мөнгө суугаагүй юм байна. УИХ-ын зарим гишүүн ирэх онд шинээр сургууль, цэцэрлэг барихгүй юм байна хэмээн бухимдаж байсан юм. Энэ жилийн төсвийн онцлог нь орон нутагт эрх мэдэл шилжүүлж, бондын мөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт багтааж байгаа хэмээн албаныхан мэдээлсэн. Гэвч орон нутагт эрх мэдэл шилжүүлэх нь оновчтой хувилбар биш гэж шүүмжлэх гишүүн ч байлаа. Өмнө нь өргөн барьсан төсвийн төсөлд иргэдээс дөрвөн төрлийн татвар авахаар заасан байсныг сөрөг хүчний шүүмжлэлийн дагуу буцаасан байна. Нийслэлийн удирдлагууд хотын төсөв бага байгаад бухимдалтай байсан юм. Тэдний хэлж буйгаар “Засгийн газар нийслэлд дэмжлэг үзүүлэх биш нуруун дээр нь өөрийнхөө ачааг нэмээд үүрүүлчихлээ” гэсэн юм. Ингээд ирэх оны төсвийн төслийн талаар гишүүд болон ажлын хэсгийнхэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
А.Тлейхан: -Монгол Улс хуулийн дагуу нэг л төсөвтэй байх ёстой. Гэтэл Ерөнхий сайд “Нэлээн хэдэн төсөв байна” гэж хэллээ. Өнөөдөр бид алийг нь хэлэлцэх гэж байна вэ. Төсвийн тухай хуулийн зургадугаар зүйлд өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг төсөвт тусгана гэсэн байдаг. Гаднаас авч байгаа олон бонд, төсөл арга хэмжээг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт багтаахаар холбогдох хуульд заасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын өрийг хэдэн хувьд хүргэх гэж байна вэ. Хамгийн алслагдсан Баян-Өлгий аймагт төсөвт тусгасан санхүүжилт маш бага байна. Зарим аймагт 15 тэрбум төгрөг хуваарилсан байна. Баян-Өлгий, Булган аймгийг яагаад шоовдорлоод байна вэ.
Э.Бат-Үүл: – Нийслэлийн төсөв аюулд орчихсон байгаа. Энэ үгийг зүгээр хэлээгүй шүү. Хэрвээ энэ төсвийн төсөл батлагдах юм бол хотын төсөв цалин, хангамж, нийтийн тээврийн мөнгө олгодог хэмжээнд очно. Сангийн яамнаас Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгсөн байна. Улаанбаатар хотын суурь зардлыг хянахдаа манайд төсвийн хуулиар оногдуулсан 18 чиг үүргийн хөрөнгийн зардлыг хассан байна. Ер нь миний мэдэхийн нийслэлийн төсөв рүү дайрсан ийм үйлдэл өмнө нь гарч байгаагүй. Нийслэлийн төсөв нэг агентлагийн төсвөөс ч дор байна шүү дээ. Засгийн газраас нийтийн тээврийг манайд харьяалуулсан байна. Өөрөөр хэлбэл, тавьж чадахгүй зардлуудаа хотод авчраад наачихлаа. Нийслэл одоо урсгал зардал цалинжуулдаг данс боллоо.
Ц.Даваасүрэн: -Өнгөрсөн онд царцаасан объектууд байгаа. Үүнийг бид нэг тийш нь шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ барилгуудыг барихаар компаниуд зээл авсан. Цаанаа зээлийн өрөнд орсон байгаа. Ажлын байр, ажилчдын цалингаа хэрхэн олгох вэ гээд асуудал их байна. Энэ энгийн урвалыг бид маш сайн анзаарах хэрэгтэй. Нэгэнт улсаас захиалга өгч, компаниуд нь ажлаа эхэлчихсэн учраас шийдэх ёстой. УИХ, байнгын хорооноос гаргасан албан бичгийнхээ хэрэгжилтэд огт анхаарахгүй байна. Нөгөө талаас Засгийн газар ч хариу өгөхгүй байна. Царцаасан 243 объектын хариуцлага алдсан албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авсан юм бэ. Тодорхой мэдэгдэхгүй байна шүү дээ. Энэ компаниудын асуудлыг яасан юм гэдгийг тодруулмаар байна.
Н.Алтанхуяг: -Энэ асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй байна. Бүгдийг босгож, бүтээх хүсэл байна. Гэвч хангалттай мөнгө алга. “Чингис” бондын мөнгөөр сургууль, цэцэрлэг барьж болохгүй. Тэгэхээр шинэ сургууль, цэцэрлэгийг буцалтгүй тусламжийн мөнгөөр барьж болно. Харин хуучин барьж дуусаагүй барилгад санхүүжилт хүнд байгаа.
Ц.Нямдорж: -Орон нутагт хөрөнгө шилжүүлэх юм бол нэгдмэл улсын бүтэц, зохион байгуулалт алдагдана. Орон нутагт барилгын төсөл боловсруулах мэргэжлийн хүн байхгүй. Аймгийн Засаг даргын тамгын газарт дэд бүтэц хариуцсан ганц мэргэжилтэн сууж байдаг. Бүх зураг төслөө Улаанбаатарт хийж байгаа. Яагаад Үндсэн хуулийг зөрчсөн санал оруулж ирээд байна вэ. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс асуулт асуумаар байна. Дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн шүүгч нар өнөөдөр яг хэдэн төгрөгийн цалин авч байна вэ, тодорхой хэлж өгөөч. Шүүгч нарын цалинг хууль бусаар тогтоосон асуудлаа Хууль зүйн байнгын хороо оруулж ирэхгүй байгаа юм. Шүүгчийн цалинг уг нь УИХ тогтоох ёстой. Хоёр, гурван жил дураараа авсан цалинг хэрхэн шийдвэрлэх юм. Шүүгчийн цалингаас авах юм уу. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Н.Лүндэндоржоос авах ёстой юм уу. Хууль зүйн сайдын багцад Хан-Уул дүүргийн шүүхийн байр ороод иржээ. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлд яагаад шилжүүлж болдоггүй юм бэ. Байшин, барилгын асуудал Хууль зүйн яаманд ямар ч хамаа байхгүй.
Н.Алтанхуяг: -Орон нутагт зарим эрхийг шилжүүлснээр Үндсэн хуулийг зөрчихгүй. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр төсвийн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулах юм билээ. Логикоороо харахад хуультай зөрчилдөх зүйл байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
Н.Лүндэндорж: Шүүгчийн цалинг тогтоохоор УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчид 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгчид 2.9 сая, Дээд шүүхийн шүүгчид 3.2 сая төгрөгийн цалинтай байгаа.
Ц.АНИ
URL: