Оргодлуудын хамаатан, найз охинд эрүү үүсгэжээ

оргодолЦагдан хорих 461 дүгээр ангиас өнгөрсөн сарын 04-нд оргож, орон даяар эрэн сурвалжилсны эцэст 23 хоногийн дараа сэжигтэн Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарыг баривчилсан билээ. Сэжигтэнүүдийг “Бөмбөгөр” худалдааны төв, нэгдүгээр хорооллоос баривчилсан. Хулгайн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байсан  Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нар нь мэдүүлэг өгөх явцдаа нэг нь хамаатныхаа гэрт, нөгөө нь найз охиныхоо гэрт бүгэж байсан гэдгээ хүлээжээ. Тиймээс  хуулийн байгууллага Б.Амарбаясгалангийн хамаатан Б, Э.Вантөмөрийн найз охин Д-д эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэд оргож явахдаа үнэт эдлэл хулгайлж, хүн зодож танхайрсан байна. Хулгай, залилангийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргосон Э.Вантөмөр нь эмэгтэйчүүдийг залилдаг нэгэн байжээ. Тэрбээр өөрийн найз бүсгүй болох Дэжидбалыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Номуун” буудалд хувийн таарамжгүй харьцаанаас болж зодож танхайран биед нь хүнд гэмтэл учруулаад зугтжээ.

Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Золжаргал гэгч эмэгтэйг хууран мэхлэж, нөүтбүүк, мөнгийг нь авч сая 350 мянган төгрөгийн хохирол учруулсан бол Энх-Учрал гэх эмэгтэйтэй танилцаж залилсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байхдаа ийнхүү оргон зугтаажээ. Хэрэг хүндрүүлэх нөхцөлтэй учраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд үүн дээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан гэх хэргийн зүйл анги нэмэгдэх юм.

 

С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих