Хоёр “хулигааны” хорлонтой яриа
Зурагтаар Ардчилсан намын Э.Бат-Үүл, Ардын намын У.Хүрэлсүх хоёр ёс зүйн тухай ярьж байхыг харлаа. Нэг нь хотын мээр. Нөгөөх нь УИХ-ын гишүүн байгаад хүн зодсон тул ичихдээ энэ суудлыг орхиод гарсан нөхөр л дөө.
Хоёулаа улстөрчид хэмээх нэрийг зүүж явсан уу гэвэл явсан. Харин одоо улстөрчид биш. Манийхаа адил сонгогчид. Энэ хоёр одоохондоо улстөрийн шийдвэр гаргадаг хүрээний гадна яваа хүмүүс учраас ингэж нэрлэлээ.Улстөрийн тогоон дотор буцлах бус харин гадна талд нь гал түлж яваа нөхдүүд л дээ.
Энэ хоёрт ингэхэд адилхан юм бий. Хоёулаа улстөрд хамтдаа явж байсан, хоёулаа хар залуугаараа улстөрийн тэмцэлд оролцсон гээд л. Ингэж оролцох цаг хугацааны хувьд ч азтай хүмүүс байв. Гэхдээ эсрэг тэсрэг намд. Мөн хоёулаа жаахан “хулигаандуу” зантай.
Тэд улстөрийг авах юм байхгүй бохир хэмээн хос дуучин шиг шагширч байна. “Ээ дээ залуус аа, битгий та нар тийшээ ороорой, нэгэнт ийм заваан юмтай зууралдсанаараа бид хутгалдаад дуусья” гэх ухааны юм ярьж байхыг харав.
Энэ хоёр нөхрийнхөөр бол улстөр гэж гэр хорооллын айлын ухсан жорлон маягийн юм байдаг бөгөөд улстөрчид гэхээр түүн дээр шавах ногоон ялаатай төстэй юм уу даа, янз нь. Ухаандаа бид бүхний өмнөөс хамгийн бохир ажил хийж туйлын ихээр зовж ирсэн хүмүүс бололтойгоор зүйрлэн ойлгож болохоор зүйлийг ярьсан юм.
Энэ бол зальтай хүмүүсийн алсыг харсан үг гэдгийг шуудхан хэлье. Улстөр гэдэг бохир зүйл огтхон ч биш. Улстөрчид гэхээрээ ч жорлонгийн ногоон ялаа шиг хүмүүс байдаггүй. Би дэлхийн нийтийн жишгийг хараад хэлж байгаа болохоос биш Монголын улстөрийн талаар энд өгүүлэх гэсэнгүй.
Монголын улстөрд ч үнэхээр улстөрч хэмээн хэлэгдэхээр эрхмүүд үеийн үед байсан гэдгийг энэ завсар хэлэх байна. Яагаад гээч. Улстөрчид гэдэг ойлголт ганцхан ардчиллын гэгдээд байгаа үед ч гарч ирсэн юм биш. Социализм түүний өмнөх үед ч байсан. Ер нь Монгол хэмээх улс оршин тогтнож байсан бүх үед улстөр, улстөрчид байсан учраас бид өдий зэрэгтэй улс орныхоо нэрийг бүтэн авч явна.
Ний нуугүй хэлдэхэд эдгээр нөхдүүд эдүгээ шатахуунаа дууссан машин шиг болсон тул дахин улстөрийн тогоо руу өнгийх магадлал тун бага. Бараг байхгүйтэй адилхан. Ухаандаа залуучуудын зүрхийг үхүүлж, өөрсдийнхөө замаас тэднийг нэлээд эртнээс зайлуулж эхлэх нь л дээ. Тийм учраас, “За миний дүү нар тэр улстөр гэдэг чинь хүн дурлахаар юм биш үү.
Ах нар нь нэгэнт өнгөрснөөрөө ингээд дуусъя” ухааны юм ярьж явна шүү дээ. Энэ нь болж өгвөл тийшээгээ дахиад нэг орчих юмсан гэсэндээ зүгээр нэг балай яриа биш. Харин арга заль. Э.Бат-Үүлийн хувьд энэ удаа ямар заль хэрэглэхийг бүү мэд. Тэрбээр тун олон “мэхтэй”. Харин Ухнаагийн хүүгийн хувьд Зүүний хүчний залуучуудаа дахин бөөгнүүлж, жагсаалтаар УИХ-д эргэж орно доо хэмээн бодож суугаа гэдэгт эргэлзэх юм алга.
Одоо тэд зөвхөн олбогоо бэлтгэж байна. Тун удахгүй түүн дээр сандлаа тавина. Тэгээд дээр нь гарч суухын тулд үзэж тарна. Ингэхийн тулд л Монголдын улстөр ихээхэн бохирын дээр ёс зүйгүй хүмүүсээр дүүрсэн тухай хоршин дуулав.
Үнэн хэрэгтээ Монголын улстөрийг бохирдуулсан хүмүүсийн шилдэг төлөөлөгчид нь энэ хоёр шүү дээ. Түүнээс биш улстөр хэмээх ойлголт нь өөрөө бохир юм огтхон ч биш. Дутуу идсэн чононууд сэгээн дээрээ заавал эргэж ирдэг гэж яах аргагүй үнэн юм байна хөөе..
Н.Халиун
URL: