А.Хаянхярваа: Байнга хүмүүс харж байдаг учраас үг, үйлдэл болгоноо цэгнэж, залууст үлгэр дууриал болох ёстой

527-1414034869551001_271599029615665_1563859431_n_500x500_500x500Энэ удаагийн дугаартаа 1997 оноос хойш хит дуунуудаараа сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн “Номин талст” хамтлагийн гишүүн, дуучин А.Хаянхярваатай ярилцлаа.

-“Номин”, “Талст” хэмээх хоёр тусдаа хамтлаг нэгдэж “Номин тапст” хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Ярилцлагаа хамтлаг байгуулагдаж байсан тэр үеэс эхэлье?

-1995 онд “Номин” гэж хамтлаг Д.Батсүх, Д.Равжаа, Н.Төгсөө гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан юм. Харин “Талст” хамтлаг бол тухайн үеийн “Одод болохын хүслэн” гэх мэт бүжгийн тэмцээнүүдэд оролцдог бүжгийн хамтлаг байлаа. Их гоё бүжиглэдэг залуус байсан.

Энэ хоёр хамтлаг 1995 ондоо нэгдэж “Номин талст” хамтлагийн эх суурь тавигдсан түүхтэй. Харин яг одоогийн бүрэлдэхүүн 1997 онд бүрэлдсэн. Тийм ч учраас албан ёсоор “Номин талст” хамтлаг 1997 онд байгуулагдсан гэж явдаг юм.

-Таны хувьд “Номин”, “Талст” хэмээх энэ хоёр хамтлагийнхантай анх хэрхэн танилцаж байсан бол?

-Тухайн үед “Ирээдүйн одод” гэж дууны тэмцээн зохиогддог байсан. Энэ тэмцээнд би оролцдог байлаа. Ер нь тэмцээнд оролцдог байх үедээ Д.Батсүх /Сүхээ/-тэйгээ танилцаж байлаа. Харин Т.Дэлгэрмөрөн /Дээгий/ бид хоёр дунд сургуулийн нэг ангийн хоёр шүү дээ.

1996 онд Сүхээ надад “Номин талст” хамтлагийн бүрэлдэхүүнд орох санал тавьсан л даа. Тэгэхэд нь “Дээгийг хамтлагтаа авна гэвэл би зөвшөөрнө” гэж хэлж байсан юм. Харин Сүхээ, Т.Хангэрэл /Хаазаа/ хоёр “Сэлбэ” гээд пионерийн зусланд амарч байхдаа танилцаж байсан юм билээ.

Ингэж л бид дөрөв бие биенийгээ олж авсан даа. Тэгээд шууд уран бүтээлдээ орчихоогүй л дээ. 1996 он сонгууль болсон жил шүү дээ. Гэтэл хамтлагийн ахлагч Батсүх тоглолтонд явахдаа биднийг орхиод явчихсан.

Тэгэхээр нь би “Дөнгөж хамтлагийн уран бүтээл эхэлж байхад ингэж нэгийгээ хаяж, хувь уран бүтээл хөөгөөд байх юм бол цаашдаа бүтэхгүй. Больсон нь дээр” гэж хэлээд яваад өгчихсөн. Уг нь зайлшгүй явах болчихоод л явсан юм байна лээ.

Ингэж явсаар яг 1997 оноос эргэн нийлж, хамтлагийн уран бүтээлээ хийж эхэлсэн дээ. Хамтлагийн анхны бүрэлдэхүүнд бид дөрвөөс гадна Баяраа, Төгсөө гээд хоёр бүжигчин залуу бас байсан юм.

Харамсалтай нь хамтлагийн хувьд зургаан хүний бүрэлдэхүүн арай нүсэр байсан. “On & Off”-ын С.Ононбат ах ч тухайн үед бидэнд “Дөрөв нь үлдэх хэрэгтэй” гэж хэлж байлаа. Ингээд хоёр найз маань найзууддаа амжилт хүсээд хамтлагаа орхисон.

-Тухайн үед “Камертон”, “Сүнс”, “Салхи” гэх мэт хамтлагууд байгуулагдаж байсан үе. Тэдэнтэй барьдаж, эн зэрэгцэхүйц уран бүтээл хийнэ гэсэн хор шар байсан л байх?

-Мэдээж. “Камертон”, “Сүнс”, “Салхи”, Л.Байзда гэх зэрэг хамтлаг, дуучид ид уран бүтээлээ хийж эхэлж байсан. Нэг нэгнээсээ үлгэр дууриал авах, уран бүтээлээрээ өрсөлдөж л байсан. “Камертон” хамтлагийн “Маамуу нааш ир” дууг гитартай дагаж дуулаад л.

Бас хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй нэг түүх бий. “Пентатоник” гэж хамтлагийн тухай. Тэр хамтлагийг “Уруулын будаг” хамтлагт байсан Ц.Дэлгэрмаа, миний эхнэр У.Урнаа, н.Мөнхзул гэж залуу, бид дөрөв байгуулж байсан юм.

МУГЖ, дуучин Т.Ариунаа эгчийн “Эрос №1” тоглолтонд оролцож байлаа. “Жаргаах зүрхэн” гэж дууг дуулж байсан санагдана. Дөрвөн хоолой салгаж квартет дуулдаг байлаа.

-“Номин талст” хамтлаг байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл 17 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд шантрах, хамтлагаасаа гардаг ч юм бил үү гэсэн бодол төрж байв уу?

-Олонд танигдах, гарч ирэхэд маш хэцүү байсан. “On & off” продакшныхан бидэнд бүх талын дэмжлэгийг үзүүлж байсныг хэлэх хэрэгтэй. Продьюсер болоод ивээн тэтгэгчийн асуудлуудыг хүртэл шийдэж өгдөг байлаа.

Шантрах үе байлгүй л яахав. Гэхдээ одоо бодоход дурсамж болоод үлдэж дээ. Ямар үед хэрхэн шантарч байснаа, хамтлагийн тухай дурсамжуудаа ном болгоод гаргавал гоё юм болов уу гэж бодож байна шүү.

-Хамтлаг байгуулагдаж байх үеийн Хаянхярваа юугаар хамгийн их гоёдог байсан бол. Тэр үеийнхээ зургийн цомгийг сөхөөд харахад дурсамж сэргэнэ биз?

-Дөнгөж сурагчийн ширээнээс хамтлагийн уран бүтээл рүү орсон шүү дээ. Яг үнэндээ тэр үед үнэхээр хувцасны донж, стиль имиж, зохицол гэдэгзүйлийг үнэхээр мэддэггүй байсан. Ёстой азаар, одоор, залуу насныхаа эрч хүчээр, царай зүсээрээ л тэр бүхнийг аргалдаг байсан байх.

Тэр үеийн залуус бүгд мэднэ дээ. Их л эрээн мяраан хувцас өмсдөг байлаа. Өргөн өмд, тод өнгийн куртик, арзгар ултай данхар гутлаар гангардаг байлаа. Би өөрөө 40 размерын гутал өмсдөг .

Гэтэл тэр үед өргөн өмдөндөө зохицуулах гэж 43 размерын гутал өмсдөг байлаа шүү дээ /инээв/. Ганц би ч биш, тэр үеийн бүх л залуус тэгэж хувцасладаг байсан даа.

-“Бид” дууны клип гарсны дараа залуусын дунд мөрөвчтэй өмд, захтай цамцны энгэрийг задгай тавин өмсөх мода дэлгэрч байсныг санаж байна?

-Урлагийн нэг сайхан зүйл нь энэ. Залууст үлгэр дуурайл болох ёстой. Тэр хэрээрээ нуруундаа ачаа үүрдэг. Байнга хүмүүс харж байдаг учраас үг, үйлдэл болгоноо цэгнэнэ.

Тэр болгонд биеэ барьж, цэнэж явна гэдэг асар их тэвчээр. Хүн өөрөө өөрөөрөө байж чадахгүй байна гэдэг хэцүү. Сүүлдээ тэр байдалдаа дасчихдаг, сурчихдаг юм байна лээ.

-Нэг үйлдлийг олон удаа давтахад зуршил болчихдогтой л адилхан байх?

-Олон удаа битгий хэл 17 жил болж байна шүү дээ /инээв/.

-Таны хувьд үс засалтаараа залуусыг нэлээд байлдан дагуулдаг байсан шүү дээ. Урт, шар, буржгар гээд л байсхийгээд л шинэ хэв маяг гаргаад ирдэг байлаа?

-Тийм шүү. Үсээрээ их оролддог байлаа. Урт ургуулж, ургуулсан урт үсээ шар өнгөөр будаж, сүлжиж, тэр бүү хэл хэсэг үсний даруулга зүүх мода ч гаргаж явлаа. Эрэггэй хүн үсний даруулга зүүнэ гэдэг ойлголт байдаггүй л байсан шүү дээ /инээв/.

-Ингэхэд та хотын унаган хүүхэд үү?

-Үгүй шүү дээ. Би чинь Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн хүн. Гэхдээ намайг хоёр сартай байхад манайх хотод нүүж ирсэн юм билээ.

-Өнөөдрийн Улаанбаатар хотын байдлыг бидний хүүхэд байх үеийнхтэй харьцуулаад харахад улам ч эмх цэгцгүй болоод байх шиг?

-Ер нь хот улам л давуу болоод байгаа нь илт шүү дээ. Гэсэн хэдий ч энэ хотоосоо үсрээд л нэг, хоёр сараас илүү холдож чадахгүй юм. Тэгэхээр бид өөрийн эрхгүй орчиндоо дасаад л байдаг юм байна. Яахав гадагшаа явж хэсэг байчихаад ирэхээр замбараагүй, зохион байгуулалт муутай болоод байгаа нь улам мэдрэгддэг.

-Эхнэртэйгээ хамтлаг байгуулж явсан тухайгаа ярилаа. Тэгвэл эхнэрээ хаана анхны болзоонд урьж байсан бол?

-Залуус бүгд мэднэ дээ. Тэр үед Монгол Улсын их сургуулийн урд “Flamenco” гээд газар байдаг байлаа. Хажуудаа “Тор shoр” гээд их гоё дэлгүүртэй.

Тухайн үедээ л залуус их цуглардаг байсан. Тэнд л анх болзсон санагдана. Гэхдээ би эмэгтэйчүүдтэй харьцах тал дээр айхтар романтик хүн биш.

-Ер нь тэр үед залуус чөлөөт цагаа хаагуур, хэрхэн өнгөрөөдөг байсан бэ?

-Манай ангийнхан бол манайд л хүрээд ирдэг байсан шүү дээ /инээв/. Хичээлээ тараад л “Бүгдээрээ хаачих вэ” гэж байгаад л манайх руу зүглэчихдэг байлаа. Гэртээ биллиардын ширээтэй болохоор ч тэр үү манай гэрт ирэх их л дуртай байсан даа. Янз бүрийн болзоонд их явдаг хүмүүс бол их гоё гоё газрууд нэрлэх л байх.

-“Номин талст” хамтлагийн шинэхэн цомог тоглолтоосоо өмнө сонсогчдын гарт хүрлээ. Цомгийн продьюсерээр ая зохиогч, гитарчин Д.Өлзий-Орших ажилласан гэж сонссон. Өмнөх цомгуудаас ямар ялгаатай цомог болсон бэ?

-Тиймээ, цомгийн продьюсерээр Өөжгий ах ажилласан. 2012-2014 оны хооронд хийгдсэн хамтлагийн шинэ уран бүтээлүүд энэ цомогт багтлаа. Юун түрүүнд хөгжмийн дуугаралтыг сонсоод үзээсэй гэж хүсч байна. 100 хувь амьд.

Бөмбөр, гитар, хийл, морин хийл гээд бүхий л хөгжмүүд амьд тоглогдож бичигдсэн. Ерөнхий рор soul стилиэ барьсан. Гэхдээ энэ дунд british pop, jazz band зэрэг стилиүд холилдсон.

Хөгжмийн найруулга, тохируулгыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн гэдгийг бардам хэлнэ. Бидний дуулалт ч сайжирсан гэж үзэж байна. 17 жилийн турш дуулсан хамтлагийн хувьд бид хэрхэн, яаж дуулдаг вэ гэдгээ харуулах хэрэгтэй шүү дээ.

-Дууны сонголтын хувьд ч өөр байх. Тааралдсан дуугаа аваад дуулах биш, сонголт хийж дуулж байгаа байх?

-Тэр ч тийм. Сонголт хийж, шилж цомгийн дуунуудаа бүрдүүлсэн.

-Ингэхэд “Номин талст” хамтлаг байгуулагдаад хамгийн анх ямар дууны хоолойны бичлэгт орсон байдаг вэ. Анхны бүхэн сайхан дурсамж дагуулдаг?

-“Гэрэл сүүдэр”, “Сүүлчийн удаа” дууны бичлэгт орж байлаа. Тэгээд их түүхтэй. Тухайн үед дуу бичлэгийн студи цөөхөн байлаа. Тэгээд бидэн шиг шинээр гарч байгаа хамтлагт олдоц муутай. “Гэрэл сүүдэр” дууныхаа бичлэгийг “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлай ахын гэрт хийж байсан шүү дээ.

Манлай ахын хүү Оргил гэртээ бичих санаа гаргаад очиж байсан санагдана. Одоо дууг бараг л үг үгээр нь тасалж дуулаад бичүүлдэг болсон байна. Дуу бичүүлнэ гэдэг амар болж. Тэр үед дууг эхнээс нь дуустал бүтэн дуулж бичүүлдэг байлаа. Дунд нь нэг л алдаа гаргахад дахиад эхэлдэг.

Тийм ч учраас тэр үед байгуулагдсан хамтлагууд одоог хүртэл чанартай уран бүтээл хийсээр байгаа байх. Ингэж л анхны бичлэгээ айлд хийлгэж байлаа. Тэр бичлэгээ арай гэж FМ-д аваачиж өгсөн. Дараагийн дуугаа FМ 102.5-ын эфирийн студид бичүүлсэн.

Тухайн үед FМ-үүд долоо долоо хоногоор хит парадад дуунууд жагсаадаг байсан. Бид “UFO” гээд бааранд тоглох гээд бөөнөөрөө автобусанд суугаад явж байтал FМ-ээр “Энэ долоо хоногийн хит парадыг “Номин талст” хамтлагийн “Анхны хайр” дуу тэргүүллээ” гээд л зарласан.

Бид ч бие биенийгээ тэвэрч баяр хүргээд л. Тэр үе одоо ч сэтгэлд тодхон байдаг. Үнэхээр сайхан дурсамж. Харин анхны цомгийг “Оn’n off”-ын Ононбат ах 21 дүгээр сургуулийн спорт зааланд өөрийнхөө техникээр бичиж байсан. Ингэж л “Гэрэл сүүдэр” цомог бэлэн болж байлаа.

-Таныг зураг зурах хоббитой гэдгийг мэдэх юм байна. Түүнчлэн анхны зураг тань шог зураач С.Цогтбаярт хадгалагддаг гэж сонссон юм байна?

-Би чинь их олон юм оролдож үзнэ ээ /инээв/. Тэдний нэг нь зураг зурах. Зураг гэдэг урлагийн төрлүүд дундаас хамгийн өөр өртөнц. Би мундаг зураач биш, зүгээр л тухайн үеийн сэтгэгдлээ буулгадаг санаатай. Байнга зураад байдаггүй л дээ.

Гэнэт зураг зурмаар санагдах үедээ зураач найзуудынхаа урланг зорьдог. Хамгийн сүүлд зурсан зургаа Төрийн шагналт зураач Ц.Цэгмид гуайн урланд очиж зурсан. Зургийн ертөнц их өөр. Хамгийн эхний зураг шог зураач Цогтбаяр ахад байгаа.

Дараагийнх нь “Тэнгэрийнх” нэртэй зураг. Үүлнээс санаа авч зурсан зураг л даа. Энэ зураг маань “Капитал” группын захирал П.Батсайхан ахад бий. Гуравдахь зураг болох “Нөхөрлөл” гэдэг зургаа “Монгол” телевизийн захирал Ч.Номин найздаа бэлэглэсэн.

-Ямар нэг шүлгээс төрсөн мэдрэмжээрээ зурсан зураг, эсвэл уран зургаас төрсөн мэдрэмжээрээ бичсэн дуу бий юу?

-Тийм тохиолдол байхгүй. Харин аянаас төрсөн мэдрэмжээ шүлэг болгосон тохиолдол бол бий. Шүлэг уншаад ая болгосон тохиолдол ч бий.

-Чамгүй сайн гольфийн тамирчин. Хэзээнээс гольфийн спортод татагдчихав аа?

-Миний бас нэг хобби. 2007 оноос энэ спортоор хичээллэж байна. Хүмүүс их уйтгартай, ойлгомжгүй спорт гэж боддог. Гэтэл үнэндээ хүнийг их төлөвшүүлдэг, ёс зүйтэй болгодог спорт. “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэг шиг л спорт юм даа.

Хичээллэж эхэлснээсээ хойш нэлээд олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцлоо. Анх “Эсто” компанийн захирал Д.Батжаргал ах намайг энэ спортод хөтөлж оруулсан даа.

-Бас дугуйн спортод татагдаад байна уу даа?

-Эрүүл мэнддээ анхаарч байгаа нэг хэлбэр юм даа. 2012 онд 15 жилийн ойн тоглолтын дараа би хүндээр өвдсөн. Тэр үед л эрүүл мэнд гэдэг юу юунаас илүү чухал гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон доо.

Уг нь багааса л дугуй унадаг байлаа. Эхнэртэйгээ анх танилцаж, үерхэж байх үедээ дугуй унаад л очдог байлаа. Машин тэрэг гэж байсан ч биш. Тэр үед Тээврийн товчооноос XIII хорооллын Баянзүрхийн зах хүртэл найм есхөн минут жийгээд л очдог байлаа шүү дээ /инээв/.

-Сүүлийн үед “А.Хаянхярваа чулууны бизнес сонирхох боллоо” гэсэн мэдээлэл сайтуудаар нэлээд явсан?

-Янз бүрээр л бичдэг шүү дээ. Анх янз бүрээр бичүүлэхэд би биш, ээж, аав минь их эмзэглэдэг байлаа. Тийм явган ярианд өртөхөөрөө л нэг болсон. Одоо ч бараг дасал болчихож дээ. Их л томруулж бичих юм. Чулууны бизнес ч юу байхав. Хөөрөг сонирхдогийг минь л хэлж байгаа нь тэр байх л даа. Сонирхол төдий л зүйл шүү дээ.

-Ингэхэд бие даасан уран бүтээлүүд хийж байна уу. Хэсэг завсарлачих шиг боллоо?

-2007 онд “Анхны захидал” цомгоо гаргаснаар бие даасан уран бүтээлүүдээ хийж эхэлсэн. Одоо ч хийж байна. Ирэх 2015 онд хоёр дахь цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ цомогт багтах дуунууд бэлэн болчихсон.

-Энэ сарын 29-нд тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл хэр явж байна вэ. Дөрвүүлээ дуулдаг дуунуудаа гурвуулаа дуулахад нэг л дутуу мэдрэмж төрж байгаа байх?

-Тоглолтын бэлтгэл бараг хангагдчихсан. Мэдээж нэгийгээ байхгүй болохоор үгүйлэх юм. Гэхдээ бид 17 жил оршин тогтносон хамтлаг шүү дээ. Тийм болохоор бид юу чаддагаа энэ тоглолтоороо харуулахаар бэлтгэж байна.

Огт дуулахгүй байж байгаад дуулж байгаа биш, байнга л ямарваа тоглолтонд оролцож, бичлэгт орж байсан учраас байнгын бэлтгэлтэй байсан гэхэд болно.

-Энэ удаагийн тоглолтонд хамтлагийн гишүүн Т.Хангэрэл оролцохгүй гэсэн. Яагаад гэх асуултыг хамтлагийн бүх фенүүд асуухыг хүсч байгаа байх?

-Хангэрэл маань төрийн албан хаагч. Урлагийн ажил өөрөө цаг наргүй. Гэтэл төрийн ажлыг цалгардуулж болохгүй. Тийм ч учраас хамтлагаараа ярилцаад энэ удаагийн тоглолтоос чөлөөлсөн. Түүнээс биш хамтлагаасаа гарч байгаа юм биш. Хариуцлагатай, хүндтэй алба хашиж байгаа нэгийгээ бид ойлгох хэрэгтэй.

А.Халиун

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих