“Google street view”-д төв азиас зураглалаа оруулсан хамгийн анхны хот улаанбаатар боллоо
Нийслэлийн ИТХ-аар батлагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Хотын захиргаа дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай албан ёсоор хамтран ажиллахаар болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан Ерөнхий захирал Susan Pointer нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлнэ. Эдгээр ажлын эхлэх болох Улаанбаатарын зураглалыг Google Street View – д оруулах нээлтийн үйл ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд боллоо. Google компанитай 2 жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр Улаанбаатар зураглалыг албан ёсоор оруулж байгаа юм. Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Google компаний Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан Ерөнхий захирал Susan Pointer, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий болон Ухаалаг Уланбаатар төслийн ажлын хэсгийнхэн, бусад албаны төлөөлөгчид, нийслэлийн иргэд оролцсон юм.
УИХ-ын дарга З.Энхболд нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг Дэлхийн хот болгон хөгжүүлэх боломжийг олгож байгаа Google компанид талархал илэрхийлж, Мэдээллийн технологи ашиглан хөгжлөө урагшлуулж Дэлхийн томоохон хотуудын жишигт хүрэх зорилтоо хэрэгжүүлэхээр бүс нутгаа тэргүүлэн ажиллаж байгаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд баяр хүргэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид төв Азиас анхдагч болж Улаанбаатар хотоо Google Street View-д нэвтрүүллээ. Ингэснээр Улаанбаатар хотын дэлхийн хотуудтай өрсөлдөх чадвар нэмэгдэж, нэг алхам урагшилж байна. Хамгийн өрсөлдөх чадвартай, өндөр технологийн интернэтийн орчин бүрдсэн хот болох зорилтдоо хүрэхэд ойрхон байгааг энэ үйл ажиллагааг харуулж байна” гэлээ
Энэ үеэр Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан Ерөнхий захирал Susan Pointer Google компанийн албан ёсны тугийг нийслэлийн Засаг даргад гардуулсан юм.
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод Google Maps-д зориулсан 360 градус зураглал цуглуулах Street View-ийн машиныг явуулж эхлэнэ. Одоогийн байдлаар Street View нь дэлхийн 61 оронд нэвтэрсэн бөгөөд тус орнуудад, хэрэглэгч нь газрын зургийн зүүн гар талд байрлах улбар шар өнгийн тэмдгийг чирч хөх өнгөөр онцолсон гудамж дээр эсвэл Google Maps дээрх хамгийн ойр нарийвчилсан түвшинрүү татах замаар гудамжны түвшний зураглалруу хандаж болно. Төслийг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлээс бүрэн шийдвэрлэсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: