Найдвартай цемент ховор болжээ
Манай улс өнгөрсөн жил 1,8 сая тонн цемент хэрэглэсэн. Бүтээн байгуулалтын улирал дуусаагүй энэ үед цементийн хэрэглээ өнгөрсөн оныхтой дүйцээд ирэв. Статистик харвал, цементийн ихэнхийг өмнөд хөрш БНХАУ-аас вагоноор зөөжээ. Үүнд “Хятадын цемент хямдхан” гэсэн ганцхан тайлбар бий. Тэгвэл барилга, бүтээн байгуулалтын салбарынхны чихэнд хүргэх нэгэн таагүй мэдээ байна. Энэ таагүй мэдээг жирийн иргэд сонсвол, нэгэндээ тараах нь зөв юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн хуралдаан энэ сарын 17-нд болжээ. Тус хурлаар барилгын салбарын гурван асуудал хэлэлцсэний нэг нь цемент байж. Бүтэн сарын хугацаанд явуулсан шалгалтын хүрээнд Хятадын цемент үйлдвэрлэгчид олон жилийн найдвартай түнш гэгдэх монгол ченжүүдээ хуурч байсныг тогтоожээ. Тодруулбал, 100 айлын барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн БНХАУ-аас импортоор авч буй нэг кг, 10 кг, 17 кг, 25 кг, 35 кг, 50 кг-аар савласан цемент савлагаа тус бүртээ 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан байсан байна. Энийг наймаачид өөрсдөө ч мэдээгүй байсан гэдэг. Түүнчлэн УБТЗ-ын Ачиж буулгах, тээвэр, экспедицийн механикжсан анги /АБТЭМА/ буюу барилгын материалын 44 дүгээр захын худалдаа эрхлэгчдийн 25 кг, 50 кг-аар савласан цемент ч кг нь дутаж байсан гэнэ.
Цемент бол химийн урвалийн үр дүнд бий болдог барилгын материал. БНХАУ-ын импортын цементийн уут сийрэг, цемент ачиж, буулгах үед бургиж, тоос их хэмжээгээр үүсдэг нь тэрхүү орчинд ажиллагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тодруулбал, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтаар Төмөр замын АБТЭМА-д тандалт судалгаагаар хийсэн шинжилгээгээр тоосны агууламж ажлын бүсэд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 10мг/ мЗ-ээс 1.4-5.2 дахин их гарсан, цемент ачигч-буулгагч нарт олгож байгаа сүлжмэлэн бээлий, хоёр давхар даавуун амны хаалт нь гар, амьсгалын эрхтэн системийг хамгаалж чадахгүй байгаа ажээ. Мэдээж зөрчил гаргасан дээрх байгууллага, иргэдийг улсын байцаагч нар захиргааны хариуцлага хүлээлгэсэн. Энэ чиглэлд МХЕГ-аас гадна ШӨХТГ-ынхан анхаарч ажиллахаа дээрх хуралдааны үеэр хэлсэн байна.
Найдвартай газар, баталгаатай цемент цөөхөн болжээ. Ингээд бодоход бид хямдханыг нь бодоод импортын цемент авах шаардлага байна уу. Байнгын худалдан авагчаа хуурдаг тэднээс савлагаа муутай цемент авах шалтгаан байна уу. Нэгэнт хилээр ороод ирсэн цементийн араас хэрүүл шуугиан тариад амжилт олохгүй. Салбарын яам нь бодлогоор үндэсний үйлдвэрүүдээ дэмжээд, иргэд ч эх орон ч сэтгэлгээгээр үндэсний үйлдвэрүүдээсээ цемент авахад болчих асуудал.
Уг нь манай улс дотоодын цементээ 100 хувь хангах хэмжээний үйлдвэртэй болчихсон. Ерөнхий сайд, Барилга, хот. байгуулалтын сайд нар нээлтэд нь очсон “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг хэлэх гээд байгаа юм л даа. Саяхныг хүртэл нэг сая тонн цемент гэдэг мөрөөдлийн тоо санагддаг байсан бол “Хөтөлийн цемент шохой” жилд нэг сая тонн цементийг хуурай аргаар, эко технологиор үйлдвэрлэж эхэлсэн. Хөтөлийн цемент шохой компани өөртөө олон улсын итгэмжлэгдсэн лабораторитой, цемент нь зохих стандартуудаа хангачихсан. Цаана нь Дорноговь, Дарханд өндөр хүчин чадалтай цементийн үйлдвэрүүд ашиглалтад орох гээд дуншиж байна. Ийм нөхцөлд цементэд зарцуулах мөнгөө хятадуудад биш үндэсний үйлдвэрүүддээ өгмөөр байгаа юм. Эх оронч ийм сэтгэлгээ л монголчуудыг их үсрүүлнэ.
Г.УЛСБОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: