АН-ын “толгой” нь МАХН-тай, “хөл” нь МоАХ-той гэрээ байгуулахаар болов

АНАН, МАХН-ын удирдлагууд 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбогдуулан МоАХ-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлд МоАХ-ны удирдлагуудаас орон нутгийн салбар холбооны дарга нар нь багтдаг ажээ. Орон нутгийн МоАХ-ны дарга нар дээрх гэрээтэй холбоотойгоор АН-ын хороо, гишүүд дэмжигчид нь үймж байгаа тухай дуулгав. Өчигдрийн байдлаар МоАХ-ны нийслэл, орон нутгийн салбар зөвлөл, нэгдлүүдээс МАХН-тай байгуулсан гэрээг эсэргүүцсэн 20 орчим мэдэгдэл иржээ.

МоАХ-ны гишүүдийн санал бодлыг сонсох зорилгатой энэхүү хуралд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Н.Алтанхуяг АН-ыг мэдэлдээ байгаа хувийн байгууллага шиг үзэж байна. Ийм санаа сэтгэлтэй хүнийг намын даргаар байлгах шаардлагагүй. 1990 оны ардчилсан хувьсгалын ололтууд эрсдэлд орж, унтрах аюул нүүрлэлээ. МоАХ-ноос АН үүсч байгуулагдсан тул алдахад нь залруулж, ялагдахад нь урам өгч ирсэн. Энэ удаа ардчилал аюулд орсон учраас нийслэлийн АН МоАХ-тай хамтран ажиллах санал гаргаж байна” гэв. МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд түүнийг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, удахгүй нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хороогоор хамтран ажиллах гэрээний төслийг бэлдсэний дараа МоАХ-ны Удирдах зөвлөл дахин хуралдахаар тохиролцжээ. Ингэснээр АН-ын “толгой” болсон дээд шатны байгууллага, намын дарга нь МАХН-тай, “хөл” нь болсон орон нутгийн салбар нь МоАХ-той гэрээ байгуулахаар болж байна.

 

 
С.Шийлэгтөмөр /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих