Кимал Озкан: Ажилчдаасаа илүү ашгийг эрхэмлэдэг “Рио Тинто”
Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл, борлуулалт сайжирч байгаа сайн мэдээ байгаа ч тус ордыг хөдөлгөгч “Рио Тинто”-ын талаар таагүй мэдээлэл тасрахгүй байгааг өчигдөр Оюутолгой компанийн Үйлдвэрчний эвлэл онцоллоо.
ОЛОН УЛСЫН ЭВЛЭЛҮҮД ОЮУТОЛГОЙН АЖИЛЧДЫН ТӨЛӨӨ НЭГДЖЭЭ
Дэлхийн олон оронд уул уурхайн томоохон төслүүдэд ажиллаж байгаа “Рио Тинто” группын асуудлыг хэлэлцэхээр Олон улсын үйлдвэрчний эвлэлийн ИндастриОЛЛ холбоо Монгол Улсын Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлүүд болон иргэний нийгмийн холбоодтой нэгдэхээр болжээ. Тус холбоо “Рио Тинто”-г Оюутолгойн монгол ажилчдын эрхийг зөрчиж байгааг шүүмжилсэн юм. Олон улсын үйлдвэрчний эвлэлийн Индастри ОЛЛ холбоо Оюутолгойн ажилчид гэнэт ажлаасаа халагддаг, монгол ажилчид “Рио Тинто”-ын өөрийнх нь ажилчдаас хэд дахин бага цалин авдаг, олон хоногоор гэр бүлээсээ хол ажилладаг зэргийг онцоллоо. Энэ талаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Кимал Озкан “Дэлхийн орнуудад “Рио Тинто”-ын хэрэгжүүлж байгаа төслүүд дээр ажилладаг ажилчдын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн таатай нөхцөлийн төлөө тэцэж байгаа ажилчдыг нэгтгэнэ. “Рио Тинто” бол ажилчдаасаа түрүүлж ашгийг эрхэмлэдэг компани. Саяхан гэхэд Гвинейн Грасбергийн уурхайд энэ байдал давтагдсан” хэмээжээ.
ДАЛД УУРХАЙД ЦОМХОТГОСОН АЖИЛЧДЫГ ТҮРҮҮЛЖ АВНА
Одоогоор Оюутолгой төсөлд дотоодын 2500, гадны 175 ажилтан ажиллаж байгаа аж. Тус компанийн нийт ажилчдын 70 хувь нь уурхайд, 30 хувь нь нийслэл дэх оффист ажилладаг байна. Өнгөрсөн зун цомхотголоор ажлаасаа халагдсан ажилчдын нөхөн олговор, тэтгэмжийн талаар Үйлдвэрчний эвлэл нь Оюутолгой компанийн удирдлагуудтай ярилцаж, зургаагаас дээш жил ажилласан хүмүүст 1000 ам.долларын нөхөн олговор олгох, далд уурхайн ажил эхлэхээр цомхотгосон ажилчдыг түрүүлж ажилд авахад санал нэгдэж, тохиролцоонд хүрчээ. Мөн энэ төслийг хэрэгжүүлж байгаа “Рио Тинто” группийг Монгол Улсын Засгийн газрыг хүндлэхгүй байгааг Австралийн Уул уурхай, эрчим хүчний Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Эндрю Викерс шүүмжилж, “Энэ групп дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлэхдээ ёс зүйгүй ханддаг. Үүний нэг жишээ бол Монгол. Оюутолгой төсөл дээр үүссэн татварын маргаан, дотоодын ажилчидтай холбоотой үүссэн асуудал гээд “Рио Тинто”-ын ёс зүйгүй үйлдэл олон байгаа” хэмээсэн юм.
ОЮУТОЛГОЙД ОЙРЫН ҮЕД ЦОМХОТГОЛ ХИЙХГҮЙ
Өнгөрсөн саруудад “Рио Тинто” үйл ажиллагаа явуулж буй компаниудад тодорхой хэмжээний цомхотгол хийсэн. Үүний хүрээнд өнгөрсөн зун Оюутолгойд ажилчдын цомхотгол хийсэн. Одоог хүртэл яг хэдэн ажилтан байснаас хэдийг цомхотгосон талаар компанийнхан тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа. Далд уурхайн санхүүжилтийн асуудал, эдийн засгийн нөхцөл байдлаас болж дахин цомхотгол хийх гэсэн айдас ажилчдынх нь дунд байгааг Оюутолгой компанийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Б.Эрдэнэбаяр хэллээ. Байсхийгээд ажилчдаа цомхотгодог “Рио Тинто”-ын энэ шийдвэр уурхай дээр ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж, тэдний ажлын бүтээмжийг бууруулж байгааг тэрээр онцолсон. Тиймээс Оюутолгойн үйлдвэрчний эвлэлийнхэн цомхотгол хийх эсэх талаар тодорхой хариу авахаар тус компанийн удирдлагуудад албан бичиг хүргүүлж, “Ойрын хугацаанд цомхотгол хийхгүй” гэсэн хариу авчээ.
Э.ӨНӨР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: