Хайрт минь, би чиний эцсийн нууц амраг /өгүүллэг/

kisslovejustloveboycouplecute-95cedfe2e7b2f33b142139467ab46101_h_largeУудам хөх тэнгэрт хөөрөн нисэх шувуудын жиргээ хоршин сонстох нь зүрх сэтгэлийн гүн дэх хүсэж хүлээсэн нэгэн аялгууг цогцлоох мэт, хязгааргүй үргэлжлэх хээр талын дундуур эрхлэн гүйхэд алаг эрээн цэцэгс өөдөөс инээмсэглэн байх тэр мөчид гэнэт хаа нэгтээгээс түнэр харанхуй нөмрөн авч, өнөөх шувуудын уянгалаг жиргээ хахир зэвүүн чимээгээр солигдон, алаг эрээн цэцэгс харлан өмхөрч бүхий л биеийг нь ороож баглах төмөр тор болон хувирав. Гэвч тэрээр нэг л хүнийг хүлээж, аврал эрэн хашгиравч хэн ч түүнийг сонсохгүй, сонсохыг ч хүсэхгүй алсран холдоно.

Энэ мөчид Нансалын амьсгаа боогдон тийчилсээр цочин сэрлээ. Шөнө болгон ингэж хар дарах нь жирийн үзэгдэл болтлоо удсан ч энэ зүүд цаанаа л нэгийг хэлээд байх шиг санагдана. Унтлагын өрөөний томыг ч хэлэх үү, хажууд нь ганц бие эмэгтэй хүн шөнийн уртыг ийм байдалтай өнгөрөөнө гэдэг аймшигтай там мэт. Ганц охиноо хар нялхаар нь гадаадад амьдруулахаар явуулчихсан болохоор улам ганцаардана. Ойрын үед Шарав чимээ сураггүй болчихоор бүр ч ихээр гансарч суугаа нь энэ. Нансал цээжинд нь багтаж ядан цохилох зүрхээ алгаараа даран хэсэг тайвширч аваад бослоо. Хэдэн өрөөгөө дамжин хийх ажлаа олж ядан хэсэг гиюүрч байтал утас дуугарлаа. Шараваас өөр хэн утасдах ч билээ гэж бодон утсаа автал Шарав
-Ашгүй чи гэртээ байна уу? Би одоо гэрийн чинь гадна очлоо. Чи хувцаслаад гараад ир гэхэд Нансал -За гэхээс өөр юу ч хэлэх билээ. Нүүр амаа янзалж, хувцсаа өмсөн дуртай дургүй гартал Шарав аль хэдийнэ ирчихсэн хүлээж байв. Шарав Нансалыг харан машиныхаа хаалгыг онгойлгон урьханаар инээмсэглэж
-Миний шувуухай ойрд юу хийж өдрийг өнгөрөөв хэмээхэд Нансал машинд суун инээх аядан
-Юу хийхэв дээ. Утасдахыг чинь хүлээж гэрийн мухар сахисаар байтал эмгэн болох шахлаа гэхэд Шаравын зан их л сайхан байгаа бололтой худлаа инээн унжиж цүдийсэн гэдсээ илэн тухлан суугаад
-Хөгшин намайг дамшиглаж яахнав дээ. Ойрд ажил ихтэй болохоор чамтай уулзах зав гардаггүй гэж хэлэхэд Нансал урьдын адил түүнд эрхлэн нэг их санаж хүлээсэн царай гаргаж баахан нялуурлаа. Тэр хоёр ойрд уулзаагүй болохоор өдөржин хамтдаа гадуур явж, Нансал хүслээ гүйцээх гэж хэрэгтэй хэрэггүй юм авхуулан өдрийг өнгөрөөнө.
Нансалын хувьд амьдрал зохиож үр хүүхдийнхээ зулайг үнэрлэн айл гэрийн эзэгтэй болох насандаа яваа ч хүнтэй сууна гэдэг бол тэр чигээрээ насаараа хоригдох гяндан мэт бодогддог билээ. Түүний гэрийнхэн хүнтэй суулгах гэж өчнөөн шахаж шаардаад нэмэргүй явсаар өдий 26 нас хүрсэн болохоор өөрөө мэдээд амьдралаа авч яваг хэмээн зөнд нь орхисон. Гэвч түүнийг өөрөөсөө өчнөөн ах хөгшин хүнтэй амраглаж явдгийг мэдээд нэгэн хэсэг бөөн дайн болох шахжээ.

Нансал гэрийхнээсээ хөндийрч биеэ даан ганцаар амьдрахаар болж Шарав түүнийг юугаар ч дутаахгүйн тулд гурван өрөө байр авч өгөн элдэв зүйлсээр хангадаг үүрэгтэй болжээ. Нансалын амьдрал сүүлийн есөн жил нэг иймэрхүү янзтай явсаар өдийг хүрсэн. Нансал анх оюутан болох гэж хотод ирээд Шаравтай танилцан дотноссоор сүүлдээ эхнэр нөхөр хоёр шиг л байдаг болжээ. Шарав олон жил эхнэр гурван хүүхдээсээ нуун ингэж хоёр амьдралаар амьдарч явахдаа нэлээн сайн нууж чадсан билээ. Дөнгөж арван долоохон настай танхилхан охинд өөрийн мэдэлгүй татагдаж байгаа бүхнээ зориулахад ч бэлэн тэрээр энэ хугацаанд түүнтэй хамт байхдаа нэгэн хөөрхөн охинтой болж Уянга гэж нэрлэн ижий аав болцгоосон юм. Нансал Шарав хоёр охиноо гадаад явуулж бүх л зүйлээр ханган суралцуулж байгаа билээ. Зуугийн талыг насалж яваа хөгшин эр гэхэд дэндүү азтай эр гэж найзууд нь Шаравт атаархана. Арга ч үгүй биз. Нансал бол хэн ч харсан гунхсан сайхан хүүхэн болохоор зөрөөд өнгөрсөн хүн бүхэн эргэж хардаг, үнэхээр хүний сэтгэлийг татах увидастай нэгэн юм. Шаравтай хамт есөн жил болохдоо мэдээжийн хэрэг залуу сайхан эрчүүдийг харж явалгүй л яахав. Гэвч түүний хувьд эд хөрөнгө юу юунаас эрхэм болохоор Шараваас сална гэж бодохоор аймшигтай санагдана.
Орой болсон хойно тэр хоёр Нансалын гэрт ирлээ. Шарав ч хэзээний гэрийн эзэн төрх гарган буйдан дээр тэрийн сууж Нансалыгаа эрхлүүлнэ.
-Удахгүй ажлаар япон явах гэж байгаа. Чи надтай явж амрахгүй юмуу? гэж Шарав хэлэхэд Нансал түүний бууралтсан үсийг илбэн
-Чи бас л өмнөх шигээ намайг буудалд орхичихоод ажил гээд л яваад өгөх байлгүй. Би явахгүй ээ гэхэд Шарав
-Өөрөө л мэд. Би тэнд бараг нэг сар болох байх. Чи тэгээд уйдахгүй бол тэгдээ. Харин ирэхдээ чамд бэлэгтэй ирнээ гэж малилзтал инээнэ. Шарав удалгүй Япон руу ажлаар явлаа. Нансал нэг хэсэг гэртээ суун, хааяа нэг гадуур сэлгүүцэвч үнэндээ найз нөхөд гэх дотны хүн байдаггүй болохоор их уйдаж байв. Шаравыг дагаад явдаг ч байж уу гэж бодно. Ганцаардлаас зугтах гэсэндээ оройд гэрийнхээ ойролцоо байдаг нэгэн намуухан хөгжимтэй кафед суун өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлнэ. Ингэж суухдаа цаашид амьдрал маань ямар янзтай болохыг олон янзаар төсөөлнө. Тэрээр ганц охиноо хэний ч дор орохооргүй баян тансаг байлгаж баяр жаргалаар дүүрэн байлгахыг хүснэ. Сүүлийн үед охиноо маш их санаж хэд хоногоор ирүүлэхээр боллоо. Нэг удаа Нансал өнөөх кафедаа гүн бодолд автан дарс шимэн суутал дэргэд нь нэгэн залуу ирж
-Уучлаарай саад болохгүй бол хамт сууж болох уу? гэхэд Нансал дуртайяа зөвшөөрөн түүнийг ширээндээ суулгалаа. Өнөөх залуу харахад нэг л нүдэнд дулаахан өөлөхийн аргагүй цэвэрхэн сайхан залуу байв. Түүний яриа өдөхийг хүлээн суутал залуу гар сунган
-Намайг Галхүү гэдэг. Гэхдээ найзууд маань намайг Галаа гэдэг юм. Харин бүсгүй таныг хэн гэдэг вэ? гэхэд Нансал түүний гараас атгахад булбарай зөөлөн атлаа халуун оргиулан төөнөх нь маш таатай санагдан
-Намайг Нансал гэдэг. Ингэхэд та бусад хүмүүсийг бодвол их боловсон юм гэж хэлтэл Галхүү түүний өөдөөс ширтэн
-Би чинь жирийн л хүн шүүдээ. Ялгарах юм гэвэл эх орноосоо хол удаан байсан болохоор хэл яриа жаахан өөр санагдаа биз. Харин та орой болгон энд ганцаараа юм бодоод сууж харагдах юм гэхэд Нансал юу ч хэлсэнгүй. Тэр хоёр оройжин энэ тэрийг ярилцан сууна. Галаа хар багаасаа гадаадад амьдарч байгаад гэрээ бас эх нутгаа санаад эргэж иржээ. Түүний энгийн боловсон зан, нүдэнд дулаахан царай зүс гээд ер нь бүх л зүйл нь Нансалд маш их таалагдаж байлаа. Тэр хоёр өдрийг хамтдаа өнгөрөөж өөрсдийн амьдралынхаа талаар ярилцан бие биедээ өдөр ирэх тусам дотносон дассаар.

Удалгүй Нансалын охин гадаадаас ирлээ. Ээж нь охиноо их санасан болохоор давхар баяр тохиож охиноо Галаад танилцуулан гурвуулаа бүр ч илүү аз жаргалтай байх болов. Нансал юунд ч санаа зовохгүй байсан ч Шаравын ирэх дөхөх бүр сэтгэл зовиноно. Галаа Нансалд гэрлэх санал тавьж цаашдаа охиныг чинь төрсөн эцэг шиг нь хайрлаж хамтдаа амьдаръя хэмээхэд Нансал түүнд баярлан бас түүнийг хайрласан болохоор зөвшөөрөхгүй байхыг хүссэнгүй. Ингэж байтал Шарав ч ирлээ. Юм бүхэн давхцан өрнөхөд Нансал яах ч учраа олохгүй байсаар Шарав ирсэн өдрөө л Нансалынд ирлээ. Охиноо ирсэнийг хараад их л баярлан
-Та хоёрыгоо их саналаа хэмээн Нансалыг тэврэн үнсэхэд Нансал юм хэлж чадсангүй. Шарав охинтойгоо тоглон эрхлүүлж сууснаа
-Өө мартах шахлаа. Би чамд бэлэгтэй ирсэн шүүгээд кирмагаа уудлан нэг түлхүүр гаргаж ирээд Нансалд өгөн
-Цонхоор хардаа гэж инээмсэглэхэд Нансал гайхан цонхны дэргэд очин хартал их л чамин хийцтэй улаан өнгийн машин гялалзан харагдана. Нансал түүнийг хараад баярласан ч үнэндээ яагаад ч юм тэгтлээ их хөөрч догдолсонгүй. Шаравын сэтгэлийг бодсондоо баярласан царай гарган түүний гүнсээд
-Чамдаа баярлалаа гэж албаар шахам хэллээ. Нансал Шаравт үнэн учраа хэлж амьдралаа бодох цаг болсон болохоор би хүнтэй суух гэж байгаа гэж хэлье гэсэн ч энэ үгс хоолой даанч давахгүй байв. Шарав Нансал охин хоёртойгоо гурвуулаа хэд хоног хөдөө салхинд гарахаар болж эхнэртээ элдэв шалтгаан тоочин явлаа. Нансал түүнийг үг дуугүй даган амралтын газар хэд хоног хамт байхдаа нэг л гунигтай харагдана. Тэдний амралтын өдөр дуусч эргээд иртэл санаанд орохооргүй хэргүүд ар араасаа цуварлаа. Шарав машинаас буун охиноо хөтөлж, Нансал түүнийг сугадан гэрлүүгээ орохоор инээлдэн алхаж байтал Шаравын эхнэр урд нь зогсож байв. Улайрсан өлсгөлөн чоно мэт байж ядан зогсох даналзсан авгай хүрч ирэн Нансалын нүүрэн дундуур гал бутартал алгадаж орхиод байдаг чадлаараа хашгичин
-Та нар яана гэнээ. Яасан айхтар улс вэ? Муусайн бузар амьтад хэмээн элдвээр хараан зүхтэл Нансалд үнэндээ хэлэх үг байхгүй болохоор түүний харааж зүхэхийг сонсон зогсоно. Шарав сандарч эхнэрээ аваад явах гэтэл өнөөх нь улам асан дайрч гарлаа. Уянгаа охин юу болоод байгааг ойлгохгүй дэмий л аав ээж хоёрыгоо ээлжлэн харсаар. Аргагүй биздээ. Долоохон настай балчир жаахан охин юугий нь ойлгох билээ. Айсан охин уйлж аавынхаа дэргэд очин
-Ааваа явья тэгэх үү гэхэд үүнийг сонссон Шаравын эхнэр бүр ч их уурлан дайрсаар.
-Айлын амьдралыг бусниулсаны чинь хариуг чамаар төлүүлнэ дээ хэмээн бахирсаар явлаа. Энэ өдрөөс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Шаравын эхнэр энэ бүгдийг зүгээр орхихгүй гэж дайрч давшлан шүүхэд хандахаар болжээ. Нансал охинтойгоо хамт гэрээс ч гарахгүй суусаар. Ойрд Галаа утасдахгүй болохоор санаа зовон түүнийгээ санан сууна. Ингэж бодон суутал Галаа утастлаа. Тэр хоёр орой уулзахаар болж цаг товлон өнөөх кафедаа уулзав. Хэд хоног уулзаагүй болохоор бие биенийгээ үнэхээр их санажээ. Дандаа л инээмсэглэж явдаг Галаагийн царай нэг л уйтгартай харагдана. Нансал яагаад ч юм түүнээс эмээж бүх учрыг мэдчихсэн юм болов уу гэж бодсон ч хэрэв мэдсэн бол ингэж дуугай суухгүй гэж бодон өөрийгөө тайвшруулан түүнээс
-Чи яагаад ингэтлээ гунигласан юм бэ? гэхэд Галаа түүнийг харан инээмсэглээд
-Санаа зоволтгүй ээ. Харин ч чамтай уулзаад сэтгэл минь онгойх шиг боллоо гэхэд Нансал түүний гарыг атган хацартаа нааж дур булаам ягаахан уруулаараа түүнийг үнсээд
-Юу болсон юм бэ? Хэлээч дээ миний хайрт гэхэд Галаа санаа алдан
-Чамаасаа би юу нуухав дээ. Манай гэрт жаахан үл ойлголцсон байдал үүсээд л гэж хэлснээ хэсэг чимээгүй сууж байснаа
-Нансалаа чи надтай суухаараа намайг хэзээ ч хуурахгүй биздээ гэж итгэж ядсан харцаар харахад Нансал
-Хонгор минь дээ. Би чамдаа амьнаасаа илүү хайртай юм чинь яалаа гэж хуурах юм бэ гэхэд Галаагийн сэтгэл амарсан бололтой сая нэг сэтгэл нь онгойж тайвширлаа. Тэр хоёр оройжин хамтдаа сууж ирээдүйн амьдралаа төсөөлөн хамгаас илүү жаргалтай байв. Хэд хоногийн дараа Нансалд нэгэн бичиг ирлээ. Хэнээс ямар учиртай бичиг ирсэн юм болоо гэж бодон унштал шүүхэд дуудсан бичиг байв. Түүнийг хараад бараг ухаан балартах шахсан Нансал гар нь салганан нүд нь бүрэлзэн цааш нь уншлаа. Бусдын нөхрийг хуурч мэхлэн, эд хөрөнгийг нь залилсан, гэр бүл салгасан гэх утгатай цаасыг уншиж байхдаа Нансал ямар их айж ганцаардаж буйгаа мэдэрлээ. Цаашид чухам юу болохыг бодохоос ч зүрхшээнэ. Орой бүрэнхий болсон хойно Галаа утастлаа. Тэр хоёр утсаар нэлээд удаан ярилцаж Галаа түүнд маргааш нэг хүнтэй уулзах гэж байгаа болохоор сэтгэл тавгүй байгаагаа хэлтэл Нансал түүнээс ямар хүнтэй уулзах гэж байгааг асуусанд Галаа
-Манай гэр бүлийг бусниулсан хүнтэй уулзах гэж байгаа юм. Чамаас би юуг нь нуух билээ. Миний хайрт ойлгохыг хичээгээрэй. Манай аав өөр хүнтэй болсон юм байна. Тэгээд бүр үүнийгээ олон жил нууж явсаар саяхан ээж мэдээд шүүхэд хандсан. Би аавыгаа ямар их хүндэлдэг байсан гээч. Хамгийн гол нь аавын маань нууц амраг нь их залуухан хүүхэн байдаг гэсэн. Тэгээд бүр тэр хоёр хүүхэдтэй болсон юм байж. Сүүлийн үед манай гэр бүлийнхэн тамын орон шиг л болоод байна. Шууд шүүхийн танхимд уулзахаасаа өмнө тэр хүнтэй нь уулзаж хэдийгээр муу ч гэсэн мах цусны тасархай юм чинь төрсөн дүүгээ очиж харья гэж бодсон юм гэж ярихад үүнийг сонсож зогссон Нансал өөрийн эрхгүй харилцуураа алдан амьгүй болсон мэт газар сулбайн уналаа. Галаа харилцуурын цаанаас
-Нансалаа байна уу? байна уу? гэсээр утас тасрав. Нансал уйлсаар. Бурхан тэнгэр минь би юу хийх нь энэ вэ? гэж өөрөөсөө асууна.
Шаравын эхнэр элдэв хуульч өмгөөлөгч хөөцөлдөн явсаар мухардалд оржээ.

Учир нь анх Шарав Нансал хоёр амрагийн холбоотой болох тэр үед Нансал 17 настай байсан болохоор хэрэв шүүхээр шийдүүлье гэвэл Шаравыг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гэж буруутган тэрнээсээ эс юм болохыг ойлгож шүүхэд өгсөн бичиг баримтаа буцаажээ. Шаравын эхнэр аргагүй байдалд орон ийм алхам хийсэн ч тэр хоёрыг дахин уулзуулахгүйн тулд бас Нансалыг элдэв асуудал үүсгэхээс болгоомжлон гэр бүлээрээ гадаад гарахаар болжээ. Нансал бүх л шөнөжин өөртөө бас хувь заяандаа гомдоллон уйлсаар өглөө болголоо. Яах ч учраа олж ядан байж байтал гэрийн гадна Галаа иржээ. Өөрийнх нь гэр бүлийг зовлонд унагаж эцгийнх нь толгойг эргүүлэн таньж мэдэхээргүй дүү төрүүлж өгсөн нөгөө эмэгтэйн гэрийг хайж явсаар иртэл хайрлаж, ханилах гэж байсан бүсгүй нь байсныг мэдээд зүрх нь зүсэгдэх мэт болов.Үнэндээ Галаа бүхнийг ухаарч хайртай бүсгүйдээ гомдон юу ч хэлэлгүй явж одлоо. Нансал түүний араас гүйж очоод уучлал гуйя гэвч ямар нүүрээрээ очих билээ. Галаа хайрт минь хэмээн дэмий л аман дотроо дуудан уйлсаар. Хайр сэтгэлээ өөрийнхөө гараар булшилж орхисон бузар эм чи үхвэл таарна гэж өөрийгөө хараасаар. Яг л Нансалын зүүд амьдрал дээр өрнөж байхыг тэрээр анзаарсан ч дэндүү хожимдсондоо гутарна.

Тэр өдрөөс хойш хоног хугацаа өнгөрсөөр. Нансал Галаагийн царайг ганц удаа ч болов харахыг хүссэн ч дахиж олж харсангүй. Түүний амьдрал дэндүү эмгэнэлтэй ч тэрээр өөрөө л ийм замаар явахыг хүссэн болохоор яалтай билээ. Хорьж болдоггүй хорин хэдэн насныхаа гал халуун хайр сэтгэл болоод ирээдүйн сайхан амьдралынхаа өмнөөс өөрөө тэрсэлсэн энэ бүсгүй ийнхүү хожуу ухаарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих