Уужуу сэтгэлт эмэгтэйчүүдээс болж гэр бүлийн хүчирхийлэл “Устахгүй”

32_8e162e62694620ce087567ba743f21a2ae44e9a8

Хамгийн ээдрээтэй бөгөөд ул мөргүй алга болдоггүй хэрэг бол “Гэр бүлийн хүчирхийлэл” юм. Учир нь тухайн хүн нэр хүндээ бодоод мөн ойр дотныхоо хүнийг яллагдахыг хүсдэггүй болон уучлалт гуйх нөхөртөө үгүй гэж хэлдэггүйгээс болж гэр бүлийн хүчирхийлэлд өртөх хэрэг нэг мөр ариллахгүй айл гэрт оршин тогтонсоор л байна. Энэ нь нэг талаар хүчирхийлэгчийг даврааж, дахин хүчирхийлэл хийхэд хүргэдэг байна. Нөхөртөө зодуулчихлаа, үргэлж дарамтад амьдарч байна гэх эмэгтэйчүүд цагдаагийн байгуулагт хандаад харамсалтай нь нэг ч хонолгүй өргөдлөө буцааж авъя хэмээдэг байна. Цагдаад хэлэхдээ “Одоо дахиж зодохгүй гэсэн, надаас уучлалт гуйсан” хэмээдэг байна. Гэвч  сарын дараа дахиад л ирнэ. Жилд дор хаяж гурван удаа ирдэг гэнэ. Ийм эмгэнэлтэй байдлаар амьдарсаар хохирсоор яваа, гэр бүлийн халуун дулаан харилцаа, хүмүүжил, эрүүл мэнд, амьдралын аз жаргал, инээд хөөрийг мэдэхгүй насыг барсан олон гэр бүл байна.

 

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа нь нэг үгээр хэлбэл гэртээ архи ууж сагсан тавьдаг үр хүүхдээ байнгын дарамтанд байлгадаг хүмүүсийн тоо бас буурахгүй байна гэсэн үг.
Булган аймгийн Орхон суманд энэ оны 05-14ний согтуудаа бага насны хоёр хүүхдийнхээ аминд хүрсэн эцэгт шүүхээс 25-н жилийн ял онооход  эхнэр нь буюу амиа балмад аавынхаа гарт алдсан хүүхдүүдийн ээж гомдолгүй гээд уйлаад зогсож байх жишээтэй. Энэ бүсгүй өмнө нь нөхөртөө олон дарамтлуулдаг байсан ч нөхрийнхөө хуурмаг уучлалт гуйлтыг хүлээн авсаар ийнхүү хүүхдүүдийнхээ аминд хүрэх хүртэл нь хүлээжээ.

 

Нийслэл хотод гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гүйгээд очиход хүлээгээд авах олон газар бий. Адаглаад л аль нэг хамаатныхаа хаалгыг тогшино.  Хөдөө бол энэ асуудал бүр хүнд байгаа тухай цөөнгүй хэргийг дурьдаж болно. Гэрээсээ гараад гүйхэд морь мотоциклоороо гүйцээд ирэх хүнийг яахав. Хүн хүнээ араатнаас дор айлгаж сүрдүүлж, зодож танхайрах байдал дэндэж байгаа тухай Ерөнхийлөгчөөсөө эхлээд иргэн бүр л ярьж, хэвлэл мэлээллийн байгууллагаар их л бичигдсэн.
Жирийн сайхан ажлаа хийгээд, малаа хариулаад, архи дарсны зохистой хэрэглээг эрхэмлээд явбал дайн самуунгүй тайван эх орондоо бие биенээ гэсэн сэтгэлээр хандаад амьдарвал болохгүй юм үгүй санагдана.
Монгол Улсад мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийллийн хууль нь 2004 онд батлагдсан ч амьдралд дээр хэрэгжих боломжгүй, хэрэгждэггүй хуулиудын жагсаалтад багтсан байна.  Хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслах үүрэгтэй хууль сахиулах байгууллага нь ч, иргэд ч өөрсдөө ч уг хуулийн талаар мэдээлэл муутайгаас хохирогчид хохирох тохиолдол олон гардаг байна.

 

Тиймээс Хууль зүйн яамны эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа аж. Түүнчлэн уг хуулийн хүрээнд хууль сахиулах байгууллага болон нийгмийн ажилтнууд ямар зохион байгуулалтайгаар ажиллах, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн мэдээллийг хэрхэн авах, тусламж үзүүлэх зэрэг процессын шинжтэй мэдээллийг тусгайлсан сургалтаар хүргэж байгаа юм. Өмнө нь уг процессын хэрэгжилт тааруу байсан гэнэ. Наад зах нь хүчирхийлэлд өртсөн хохирогч хаана хандах, ямар тусламж авахаа мэддэггүй. Үүнээс болж хүчирхийлэгчийг давраах, дахин хүчирхийлэлд өртөх нөхцлийг бүрдүүлдэг байж. Хуулийн байгууллага ч гэр бүлийн хүчирхийллийг ахуйн хэрэг мэтээр тоохгүй орхих, сайндаа л долоо хоног баривчлаад өнгөрөөх нь хүчирхийлэгчдийг оодруулжээ. Энэ нь гэр бүлийн хүчирхийллийг улам далд болгох, нууцлах шалтгааны нэг болдог гэдэг нь судалгааны дүнгээс харагддаг.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг ар араасаа гарах болсонтой  холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв  зэрэг арав гаруй ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүй, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо мөн Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга,  УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, ЦЕГ-т хандан шаардах бичиг хүргүүлжээ. Шаардах бичигт гэр бүлийн хүрээнд гарч байгаа хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох асуудлыг хуульчилж өгөхийг дурдсан байна. Шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

А.Алтанзул  undesten

URL:

Сэтгэгдэл бичих