Н.Алтанхуяг танхимаа шинээр бүрдүүлэхдээ “луйвард” гаршсан Д.Зоригтийг багтаахын учир юу вэ?

Н.Алтанхуяг ерөнхий сайдын суудалдаа үлдэхийн тулд том нүүдэл хийж, Засгийн газрын шинэ бүтэцийг УИХ-д оруулж ирсэн. Энэ нь түүний Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэх эцсийн арга. Ийнхүү бүтэц оруулж ирснээр Засгийн газрын бүрэлдэхүүнд нэлээдгүй өөрчлөлт орж буй юм.

Харин Улс төр ажиглагчид Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэр цэвэр Засгийн газрыг байгуулж чадах эсэхийг ажиглаж суугаа. Гэвч нэр цэвэр Засгийн газрыг байгуулж чадахгүй  гэдэг нь өнөөдрийн УИХ-д өргөн баригдаад байгаа тогтоолын төслөөс тодхон харагдаж байх шиг.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Зоригтыг томилон ажиллуулахаар өргөн мэдүүлжээ. Очиж очиж луйвраар УИХ-ын гишүүн болсон Д.Зоригт уу гэж халаглах хүн цөөнгүй байна.

Д.Зоригтийг ямар замналаар УИХ-д орж ирсэнийг нь хүн бүр мэдэж байгаа. Эргэн сануулахад “2012 оны долдугаар сарын 1-ний өдөр  УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны 37 дугаар тогтоол гарсан байдаг. Ингэхдээ “Санал хураалтад оролцсон сонгогчдын 47.59 хувь нь нэр дэвшигч С.Чинзоригт, 43.08 хувь нь нэр дэвшигч Н.Төмөрхүүгийн төлөө санал өгсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосугай” гэжээ.

Гэтэл хоёр хоногийн дараа буюу 2012 оны долдугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүгч Н.Мөнхбаяр хууль зөрчин шийдвэр гаргасан байдаг. Н.Мөнхбаяр шүүгч нь анхан шатны шүүхэд хариуцагч этгээдүүдийг оролцуулалгүй шийдвэр гаргасан нь бусдын эрхэд ноцтой халдсан хэрэг юм. Мөн түүний шийдвэр нь хууль бус гэдгийг Нийслэлийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх наймдугаар сарын 20-ны өдрийн 650 тоот магадлалдаа дурьдсан байдаг. “… Цагдаагийн байгууллага зөрчлийг хянан шалгаж, тогтоох эрх бүхий субьект учраас Сонгуулийн хороо Цагдаагийн байгууллагад шилжүүлэх, зөрчил гаргасан нь тогтоогдсон бол шүүх хуульд заасан хариуцлага ногдуулах эрхтэйг энэ хуулиар зааглаж, тогтоож өгсөн байна. Иймд шүүхэд харьяалагдах маргаан гэж үзсэн нэхэмжлэгч нарын тайлбар үнэслэлгүй болно.

Н.Төмөрхүү, С.Чинзориг нар хэргийн оролцогч биш бөгөөд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд биш ч шүүх хэргийн харьяалал зөрчсний зэрэгцээ онцгой ажиллагааны журмаар уг асуудлыг шийдвэрлэхдээ ИХШХШТухай хуулийн 134.2-т зааснаар эрх ашиг нь хөндөгдөж буй эдгээр хүмүүст нэхэмжлэлийн талаар мэдэгдэх ёстой байсан. Мэдэгдээгүй нь шүүхийн буруу бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч өөрөө засах боломжгүй, эрх нь хөндөгдсөн эдгэр этгээдүүдийн гомдлоор давж заалдах шатны шүүх зөвтгөхөөс өөр боломжгү байна” гэжээ. Ингээд Хан-Уул дүүргийн 2012 оны долдугаар сарын 3-ны өдрийн 950 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон тогтоол гаргажээ.

Өвөрхангайд нэр дэвшигчдын дунд гарсан гол маргаан нь сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй иргэнийг оролцуулж, сонгуулийн хууль зөрчсөн тухай. Гэвч насанд хүрээгүй иргэнийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан эсэхийг Цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй хэрнээ тойргийн хорооны мэдэгдлийг нотлох баримт болгон Хан-Уул дүүргийн шүүх шийдвэр гаргасан байгаа юм.

Аливаа хэрэг маргааныг цагдаагийн байгууллага шалгаж, тогтоож, 14 хоногийн дотор хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай. Гэвч Хан-Уул дүүргийн шүүгч Н.Мөнхбаяр шуурхай ажиллаж, хоёр хоногийн дотор нотлох баримт дутуу хэрэг дээр хариуцагч этгээдүүдэд мэдэгдэлгүй нэхэмжлэгч талд шийдвэр гаргасан байдаг. Үүнийг нь давж заалдах шатны шүүх буруутгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Гэвч М.Зоригт, Г.Батхүү нар дараагийн алхмаа хийж, Өвөрхангай аймгийн сум дундын шүүхээр Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгох гомдлыг гаргасан байна. Шүүх хуралд тэд оролцох хүсэлт гаргасан боловч Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүгч Ж.Куландаа хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг наймдугаар сарын 17-ны өдөр гаргажээ.

Ингээд есдүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаан болж, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын түр үнэмлэхийг хүчингүй болгох тухай захирамж гаргасан байдаг. Уг шийдвэрийг хариуцагч тал эсэргүүцэн гомдол гаргахад Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг давж заалдах гомдол гаргах эрхгүй тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгчээ.

Өөрөөр хэлбэл Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг шүүх хуралд байлцуулахгүй гэх захирамжийг гаргасан атлаа шүүх хуралд оролцоогүй хэмээн буруутгаж, давж заалдах эрхийг нь хаасан байгаа юм.

Насанд хүрээгүй иргэнийг сонгуулийн сурталчилгаанд оролцсон эсэх асуудлыг тойргийн хороо тогтоодог байгууллага биш гэдгийг 2012 оны аравдугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн байдаг.  Ингэхдээ тойргийн хорооны 2012 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 78 тоот албан бичигт дурьдсан шаардлага нь аймгийн МАН-ын хороонд хандаж хүргүүлсэн шаардлага гэдгийг дурьдаад Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй иргэнийг татан оруулсан зөрчил гаргасныг тогтоосон шийдвэр биш. Тэгээд ч дээрх албан бичигт дурьдсан шаардлага нь Н.Төмөрхүү, С.Чинзориг нарт хамаагүй гэсэн байдаг юм.

Тэгэхээр Хан-Уул дүүргийн шүүх болон Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүх нь тогтоогдоогүй хэргийг нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн гэдэг нь харагдаж буй юм.

Мөн Сонгуулийн ерөнхий хороо хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад 2012 оны аравдугаар сарын 16-ны өдөр тогтоол гаргаж, Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарсаны маргааш нь Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал “Хэрэг маргааныг шилжүүлэх тухай” захирамж гаргажээ.

Энэ мэтээр өөрсдийн ялагдлыг шүүхийн шийдвэрээр далайлган, “луйвраар” УИХ-д орж ирсэн Д.Зоригт гүйцэтгэх засаглалд Сангийн сайдаар ажиллах гэж байна.

Н.Бат

hunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих