“Нарантуул” зочид буудлынхны нийтээс даварсан эрх ашиг

527-14139517708804b0a5b5c2c7ecoriginalХэрэг хуучирдаггүй гэдэг. Норм, стандарт зөрчиж олгосон зөвшөөрлийн балаг эдүгээ ч үргэлжилсээр байгаа нэгэн жишээг энд өгүүлэх гэсэн юм.

Энэ сарын 9,10-нд “Нарантуул”-аар “овоглосон” хятад ажилчид Барилга, хот байгуулалтын яамны “Барилгын хөгжлийн төв”-ийн зүүн талд давхар хашаа барьжээ.

Барилгын хөгжлийн төвийн одоо ашиглаж байгаа байр буюу анх 1966 онд Барилгын техникумын 420 оюутны нийтийн сууцны зориулалттайгаар ашиглалтад орсон бөгөөд энэхүү барилгад давхар нэмж барих, гаднах засварын ажил хийх болсноос үүдэн энэхүү зөрчилдөөн үүссэн байна.

Баруун дөрвөн зам дахь “Нарантуул” зочид буудлын баруун хойно байрлах Барилгын хөгжлийн төвийн дөрвөн давхар энэ барилга хэдийгээр элэгдэлд орж, хуучирсан ч, тус төвийнхөн байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан байраа орчин үеийн шаардлага, стандартад ойртуулахаар зорьсон нь энэ.

Өөрөөр хэлбэл, дэвшилтэт технологи бүхий уулзалт, хурлын танхим зэргийг нэмж барих давхартаа телевлөж, барилгынхаа зүүн талд “Барилга байгууламжийн галын аюулгүйн байдал” БНбД /Барилгын норм ба дүрэм/ 21-01-02-ын 6.2, 6.3, 8,1-т заасны дагуу галын аюулаас аврах гарцны зориулалтаар хаалга гаргажээ.

Нэгэнт тодорхой хэмжээний херөнге, хөделмер зарцуулж байгаагийнх, Байгаль орчны тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон “Нийт эзэмшил газрынхаа 30 хувьд ногоон байгууламж барина” гэсэн заалтыг мөрдлөг болгохоор мөн төлөвлөсөн байв.

Гэвч “Нарантуул” зочид буудлынхан “Барилгын хөгжлийн төв’’-ийн зүүн талд хаалга гаргаж буйтай уралдан тус барилгад хоёрын хоёр эгнээ бетон суурьтай темөр хашааг цутгаж барьснаар аврах гарцны зориулалттай хаалга, ногоон байгууламж бий болгох төлөвлөгөө талаар өнгөрөх нь тэр. Тайлбар нь энгийн юм шиг атлаа ээдрээтэй олон асуудал дагуулна.

2000 онд хотын удирдлагад байсан албан тушаалтнууд “Нарантуул” зочид буудлын нэр дээр газар эзэмших захирамж гаргахдаа уг газрыг одоогийн Барилгын хөгжлийн төвийн байрлаж буй энэхүү байшин хооронд зай үлдээлгүй, газрыг ёстой л “тултал” нь өгч орхижээ.

Ингээд энэ талбайд юу хүссэнээ хийх эрх тухайн үеийн хотын удирдлагуудын захирамжаар баталгаажсан байна. Гэвч хуулиас давсан захирамж гэж байх учиргүй. Монгол Улсад мөрдөж буй хууль, дүрэм, норм, стандартыг зөрчсөн олон баримтыг “Нарантуул” зочид буудлын арын хэсэг дэх энэхүү газрын жишээнээс харж болохоор байна.

Тухайлбал, энэ хэсэг газрын дөрвөлжин талбайн гурван талыг “Нарантуул” зочид буудлын авто зогсоолын хашаа, манаачийн бүхээг болгон авто гарааж, агуулах байраар хурээлж, хашсан байдаг байна. Хамгийн сүүлд дөрөв дэх талаа “бөглөж” авсан нь “Барилгын хөгжлийн төв”-ийн өнөөх аврах гарцын зориулалтаар гаргасан хаалгыг таглаж барьсан хашаа.

Ингээд энэ талбай, өөреөр хэлбэл өмчлөх бус зөвхөн эзэмших эрхийн гэрчилгээтэй энэхүү газар хэлбэрээрээ бол “өмчлөл”-д, бүр тодруулбал зөвхөн “Нарантуул” зочид буудлынхны мэдэлд бүрэн шилжих нь тэр.

“Хот тосгоны төлөвлөлт ба барилгажилт” БНбД /Барилгын норм ба дүрэм/-д зааснаар хот суурин газарт авто зогсоол байршуулах газрын хэмжээ, бусад байгууламж хүртэлх зайг 10 метрээс багагүй байхаар заасан байдаг.

Харин “Нарантуул”-ын авто зогсоол дээр өгүүлсэн хоёр эгнээ төмөр сараалжин хашаагаараа Барилгын хөгжлийн төвийн барилгатай “бөөр нийлэн” оршиж байна. Хэрэв Барилгын хөгжлийн төвийн зүүн хэсэгт гал түймэр гарлаа гэхэд гал унтраах машин орон сууцны хороолол дундах нарийхан замаар сүлжиж, чамгүй хугацаа алдсаны эцэст зөвхөн “Нарантуул” зочид буудлын хамгаалалттай төмөр хашаа бүхий авто зогсоолын хаалгаар орж таарна.

Уг нь барилга байшинд гал унтраах машины гарц, орц байрлах ёстой, Өөрөөр хэлбэл, тев замтай шууд холбогддог байсан гарцны хэсэг дээр “Нарантуул” зочид буудлын агуулах, автомашины гараашуудаа барьчихсан байна.

Хамгийн ноцтой нь энэ гараашуудын доор төвийн эрчим хүчний шугам байрлаж байгаа. Аливаа засвар, үйлчилгээ хийх шаардлага гарахад энэ гараашийг нураагаад засвар дууссаны дараа дахин барьж байсан тохиолдол ч бий.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламжбарих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Түүнчлэн Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ээр шугам сүлжээний хэмжээг тогтоож өгсөн байдаг. Барилга байгууламжаас хамгийн багадаа 1-1.5, түүнээс дээш 30 метр хүртэлх зайд эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоох учиртай.

Харин Барилгын хөгжлийн төвийн барилгын баруун хойд хэсэгт байрладаг энэ шугам сүлжээ “Нарантуул” зочид буудлын авто гараашийн доор байрлаж байна. Байрлаж байна ч юу байхав, дээр нь гараашин хашаа барьчихсан хэрэг.

Шугам сүлжээний хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүйгээр ажил үйлчилгээ явуулснаас болж улсад 2010 онд 32.7 сая, 2011 онд47.1 сая, 2012 онд 84.5 сая төгрөгийн хохирол учруулсан судалгаа ч бий.

Ийнхүү нэгэн төрийн өмчит үйлдвэрийн газрын барилгыг стандартад ойртуулах гэсэн төлөвлөгөө өөр нэгэн хувийн компанийн хууль зөрчиж ноёрхсон эрх ашгаас болоод хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болжээ.

Барилгын суурьт ус оруулахгүй байх зориулалтаар зайлшгуй хийх ёстой хаяавч /1-1.5 метрийн урттай байх ёстой/ болон ногоон байгууламж байх ёстой. Энэ талаар бол мөрөөдөөд ч хэрэггүй болсон бололтой. Баруун талд нь байсан ногоон байгууламжийг нь “Нарантуул”-ынхны барьсан хашааны бетон суурь таглаж орхисноор бороо, цасны ус гадагшаа биш, байшингийнхаа суурь руу урсах болчихоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ногоон байгууламжийг хааснаас болж барилгын суурийн үндсэн хийцлэлд нөлөөлж, бөх бат чанар алдагдана гэсэн үг. Ашиглалтад орсноосоо хойш 48 жил болж байгаа, хуучирсан байшингийн суурь ус, чийгний хамгаалалтгүйгээс нэг өдөр нурж орхивол энэ байшинд ажиллаж байгаа 130 гаруй хүний эрүүл мэнд, амь насанд аюул учрахыг үгүйсгэх аргагүй.

Уг нь хууль, норм, дүрмийг чанд мөрдөж ирсэн бол энэ талбайд авто зогсоол, гарааш, агуулах байрлах боломжгүй юм. Эргэн тойрны, бусад барилга, орон сууцны оршин суугчдын эрх ашигт нийцсэн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайтай нийтийн эзэмшлийн талбай байрлах ёстой. Тэдний эрх ашиг ердөө нэг аж ахуйн нэгжийн эрх ашгаар хязгаарлагдаж байгаа нь энэ.

Нийслэлд ийм жишээ олныг олж харж болно. Бид цаашид дэлхийн жишигт нийцсэн хот төлөвлөлт хийхийг зорьж буйгаа үргэлж ярьж, бичдэг. Гэхдээ энэ мэт зөрчил, дутагдлыг арилгаж, хууль бус шийдвэрүүдээ эргэн харж, цуцлахгүй л юм бол энэ төлөвлөгөө бас л цаасан дээрх мөрөөдөл хэвээр байсаар аль цаг үеийг хүртэл үргэлжлэхийг таах аргагүй юм.

Х.Хулан

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих