Цустай цохиур Писториусын хэрэгт нөлөө үзүүлсэнгүй
ӨАБНУ-ын алдарт тамирчин, паралимпийн зургаан удаагийн аварга Оскар Писториуст өөрийн найз бүсгүй Рива Стенкампийн амийг санаатайгаар хөнөөсөн болон хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр таван жилийн хорих ял оноолоо.
2013 оны хоёрдугаар сарын 19-нд энэ хэрэг гарсан бөгөөд түүнээс хойш олон улсын хэвлэлүүдийн гол сэдэв болсоор байгаа.
Хэрэг гарсан шөнө Оскар Писториус ариун цэврийн өрөөнд сэжиг бүхий дуу чимээ сонсогдоход нь сэмхэн шүүгээнээсээ гар буугаа авч хаалганы цаанаас хэд хэдэн удаа буудсан гэдэг. Гэвч ариун цэврийн өрөөнд нь хэрэгтэн бус түүний найз бүсгүй байсныг тэр хаалга онгойлгож хараад мэдсэн хэмээн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгчээ.
Энэ мэдүүлгээсээ тамирчин хоёр жил гаруй өрнөсөн байцаалт шүүхийн ажиллагааны үеэр буцаагүй бөгөөд санаандгүй байдлаар Рива Стенкампын амь насанд хүрсэн гэдгээ хүлээсэн юм.
Тэгвэл прокурорт шилжүүлсэн хэрэгт мөрдөн байцаагчид нь Писториусын мэдүүлгийг сэжиг бүхий хэмээн тодорхойлсон гэнэ. Учир нь Писториус найз бүсгүйгээ ариун цэврийн өрөөнд байгааг мэдэхгүй байна гэж байхгүй. Дуу чимээ бүрэн тусгаарласан хаалт байхгүй, тэнд хэн байгааг гэрийн эзэн төвөггүй мэдэх ёстой ба андуурсан байсан ч сануулгагүйгээр шууд буудсан гэдэг сэжигтэй санагджээ.
Мөн гэрчийн мэдүүлгүүдээс мөрдөн байцаагч нар хэд хэдэн сэжиг бүхий зүйлсийг онцолсон тухай CNN агентлаг уламжилжээ. Түүний хөршүүд алдарт тамирчин найз бүсгүйтэйгээ маш ширүүн маргалдаж энэ нь тэднийг ихэд түгшээдэг байсныг баталжээ. Писториусын гэр бол томоохон тансаг эдлэн бөгөөд хажуугийн хөршийн гэрт сонсогдоно гэдэг нь хүүхэн залуу хоёрын маргаан хэр ширүүн байсныг гэрчлэх гэнэ.
Мөн хэргийг хамгийн ээдрээтэй болгож буй зүйл бол Оскар Писториусын хөршүүд буун дуу гарахаас хэдэн цагийн өмнө эмэгтэй хүний тасралтгүй орилох дуу гарч байсан гэж мэдүүлж байгаагийн дээр цус болсон бейсболлын цохиур гэрээс нь олдсон явдал. Оскар Писториус энэ цохиураар хаалга онгойлгосон гэж тайлбарлаж байгаа ч үүгээр тэрээр бүсгүйг зодсон ч байж магадгүй хэмээн прокурорууд үзэж байгаа. Энэхүү цустай цохиураас улбаалан хүн амины санаатайгаар үйлдсэн хэрэг илэрч магадгүй хэмээн ажиглагчид бичиж байсан юм.
Тэгээд ч хажууд унтаж байсан найз бүсгүйгээ байгаа үгүй ч анзаарахгүй тэр бүх хэргийг шууд үйлдэнэ гэж байхгүй, тиймээс энэ бол урьдчилан төлөвлөсөн аллага. Оскар Писториус урьдаас төлөвлөсөн хэргээ ингэж тайлбарлахаар эртнээс төлөвлөсөн байжээ гэж хэрэг дээр ажилласан мөрдөгчид үзэж байгаа юм.
2014 оны гуравдугаар сарын 3-нд эхэлсэн шүүх хурал өчигдөр шийдвэрээ гаргасан. Шүүх ажиллагааны явцад нийт 100 гаруй гэрчээс мэдүүлэг авсан ба мөрдөн байцаагчид, прокуроруудын илгээсэн хэргийн материалд шүүхийнхэн шинжилгээ хийж үзээд Писториусыг хүний амь хохироосон ба энэ хэргийг санамсаргүй үйлдсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Ингээд түүнд анх төлөвлөж байсан 25 жилийн ялыг 5 жил болгон өөрчилжээ. Шүүхийн шийдвэрт хохирогч бүсгүйн ар гэрийнхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд амжжээ. Тэдний хэлж буйгаар Писториусын ихээхэн нэр хүнд нь шүүхийн байгууллагад нөлөөлж байна гэжээ.
Харин шүүхийн зүгээс Писториусыг шударгаар хүний амь хөнөөснөө хүлээж буйг нь харгалзан үзэж мөн энэ хэрэг хамгийн гол нь санамсаргүй үйлдэгдсэн гээд ийм ялыг өгснөө тайлбарлажээ.
Ямартай ч олон улсыг шуугиулсан алдартай тамирчны найз бүсгүйгээ хөнөөсөн хэргийн шийдвэр гарч дуулиан ийнхүү намжих тийшээгээ хандаж байна.
Найз бүсгүйгээ ямар байдалтай байсныг тэрээр дүрслэн үзүүлж байна
Бэйсболын цохиураар хэрхэн хаалга эвдсэнийг дүрсэлж байна
bataar.mn
URL: